ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Цэндсүрэн: Дээрэлхэлт, хүчирхийлэл хүүхэд, залуусыг амиа хорлоход хүргэдэг

O.Admin
2018-12-06

МУБИС-ийн БСС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхим, ШУТИС-ийн БУХС-ийн НУС Нийгмийн ажлын хөтөлбөрийн баг хамтран НАБСХ, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр  “Хүүхэд залуучуудын дундах дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам”эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус хуралд ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан  “Хүүхэд хамгаалалд инноваци нэвтрүүлэх нь”, МУБИС-ийн Нийгмийн ажилтны IV дүгээр курсын оюутан Б.Жавзандулам  “Цахим орчин дахь дарамт дээрэлхэлтийн талаар өсвөр насныхнхныг судалсан нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Мөн  “Дунд ангийн сурагчдын дээрэлхэлт,  үйлдэх зан үйлийг судалсан нь” сэдвээр МУБИС-ийн Нийгмийн ажилтны II дугаар курсын оюутан М.Солонго, М.Нарангэрэл, Э.Сүглэгмаа,  “Тогтвортой хөгжлийн боловсролоор эзэмшүүлэх  нэгэн чадвар үе тэнгийнхний хүчирхийллийг бууруулах, нийгмийн ажлын практик арга болох нь” сэдвээр  БЗД-ийн 97 дугаар сургуулийн ажилтан  Б.Хашчулуу нар илтгэл тавьж, оролцлоо.     Энэ үеэр   МУБИС-ийн БСС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн эрхлэгч дэд профессор Т.Цэндсүрэнтэй ярилцлаа. 

-Энэ удаагийн хурлын ач холбогдол болоод, хурал зохион байгуулж буй тэнхимүүдийн талаар хоёулаа яриагаа эхэлье?
-Сургуулийн орчин дахь үе тэнгийхний дарамт, дээрэлхэлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хөтөлбөр, аргачлал боловсруулах, сургуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх хүүхэд хамгааллын бодлого, арга зүйн дэмжлэгийг бий болгоход энэхүү эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол оршиж байна.Эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулж буй нийгмийн ажлын тэнхимүүд нь   хүн амын  бүлгийн асуудлуудаар олон улсын болон төрийн, төрийн бус байгууллагуудтай хамтран судалгаа шинжилгээний ажлыг олон улсын, үндэсний болон орон нутгийн түвшинд гүйцэтгэж байсан туршлагатай эрдэмтэн судлаачдаас бүрдсэн баг юм. Сүүлийн жилүүдэд хүүхэд хамгаалал болон хүүхдийн нас бие сэтгэл зүйн онцлог, хүүхэд хамгааллын үйлчилгээний чиглэлээр судалгаа шинжилгээний ажил явуулж байгаа. Мөн  тодорхой салбаруудын нийгмийн ажил, үйлчилгээний хөтөлбөрт үнэлгээ хийж, хүүхэд хамгааллын үйлчилгээнд шаардлагатай онол арга зүй, практик туршлагыг хөгжүүлэх чиглэлээр  хамтран ажиллаж байна.  

-Энэ чиглэлээр МУБИС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхим ажиллах болсон шалтгаан юу вэ, хийхээр төлөвлөж буй ажлууд тань?
-Өнөөдөр Ерөнхий боловсролын сургууль дээр ажиллаж буй нийгмийн ажилтнуудын ажлын ачаалал, үйл ажиллагааных нь хамрах хүрээнээс үзэхэд,  шууд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж буй байдал төдийлөн хангалттай байж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл,  өсвөр насныхантай ажиллах, тэднийг төлөвшүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, арга зүй дутмаг байгаатай холбоотой. Сургууль дахь дээрэлхэлт, үе тэнгийнхний хүчирхийлэлд шоглох, заналхийлэх, цохих, тохуурхах болон эд зүйлийг нь хулгайлах шууд үйлдэл болон нэгнийхээ талаар цуу яриа тараах, ялгаварлах, гутаах зэрэг зүй бус үйлдлүүд гарч байгаа ба сүүлийн үед энэ байдал улам газар авах хандлагатай байна. Ийм байдлаар илэрч буй асуудлыг шийдвэрлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх арга зүй, аргачлал нь сургуулийн нийгмийн ажилтнуудад зайлшгүй шаардлагатай. Цаашдаа бид ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын тулгамдсан асуудал болох сургууль дахь үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, дээрэлхэлтийг зогсоохын төлөө ажиллана. Мөн  ерөнхий боловсролын сургуулийг дээрэлхэлтгүй орчин болгоход өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллах ба хүүхэд хамгааллын чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг түлхүү дэмжинэ. 

-Өсвөр насныхны дунд энэхүү асуудал газар авах болсон шалтгаан юу байна?
-Өсвөр насныхан залуучуудын дунд бусдыг дарамталж дээрэлхэх явдал түгээмэл байна. Тухайлбал,  цахим орчинд хүүхдүүд хор хохирлыг бодохгүйгээр нэгнээ дээрэлхэж, шоглодог.   Тиймээс дээрэлхүүлж буй хүний хариу үйлдлийг нүдээр хардаггүй учир ямар их сэтгэл зүйн хохирол учруулж байгаагаа мэддэггүй. Үүнд нэг талаар найз нөхдийн нөлөө, ятгалга их нөлөөлдөг болохыг энэ төрлийн дээрэлхэлтийн хэлбэрүүдээс харж болохоор байна. Энэ хуралд хэлэлцүүлж буй судалгаа шинжилгээний ажлуудын үр дүн ч үүнийг мөн баталж байна. 

-Өсвөр үеийнхэн, залуучуудын дундах дээрэлхэлтийн хор нөлөө?
-Үе тэнгийхний дарамт дээрэлхэлт нь тодорхой давтамжтай удаан хугацаанд явагддаг төдийгүй энэ нь аажмаар сургуулийн орчинд хүчирхийлэл үүсэх нэг нөхцөл нь болж байна. Дээрэлхэлтийг давуу тал, хүч чадал, эрх мэдлээ ашиглан хэн нэгнийг байнга дарамтлах, доромжлох үйл явц гэж тодорхойлж болно. Дээрэлхэлт болон хүчирхийлэл нь хүүхэд, залуусыг стресст оруулах, архи, мансууруулах бодис, тамхи хэрэглэх, амь насаа алдах, амиа хорлоход хүргэдэг ноцтой хор уршигтай нийгмийн үзэгдэл юм. 

-Энэ талаар тоо баримт, статистик юу өгүүлж байна?
-Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон байгууллагууд энэ чиглэлийн судалгаа шинжилгээ хийсэн. Судалгаанд үндэслэн хөтөлбөр, үйл ажиллагааныхаа хүрээг тодорхойлон ажиллаж байна. Гэхдээ энэ нь нийт бүх хүүхдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй, хүүхэд бүрт хүрч чадахгүй байгаа учраас энэ асуудал буурахгүй байгаа. Тиймээс өсвөр үеийнхэн, залуучуудын дунд тулгамдаж буй энэхүү асуудлыг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Нээлттэй нийгэм” хүрээлэн судалгаа шинжилгээ, хөтөлбөр төслийг дэмжин ажиллаж байгаа. Манай улсад хийсэн үндэсний хэмжээний судалгаагаар “Дөрвөн сурагч тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг.  6-11-р ангийн  сурагчдын 98.6 хувь нь сургуулийн орчинд ямар нэгэн төрлийн хүчирхийлэлд өртдөг бөгөөд  үйлдэж буй гол субъект нь ердөө л  үе тэнгийнхэн нь байдаг юм билээ. Мөн 2014 онд 18-24 насны 140 залууг оролцуулан хийсэн судалгаанд 31.4 хувь нь бие махбодийн, 38.8 хувь нь сэтгэл зүйн, 21.5 хувь нь бэлгийн хүчирхийлэлд сургууль болон ажлын байрандаа өртөж байсан гэдэг. Нөгөө талаас, ноцтой байдалд хүрч хүндэрсэн хүчирхийлэл нь хохирогч болон үйлдэгчийн амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг. 2011 онд 8210 хүн, үүнээс 14-29 насны 4815 хүн (58.6 хувь) шүүхээр ял шийтгүүлсэн байдаг. Тэдний үйлдсэн гэмт хэргийн улмаас 18592 хүн хохирсноос 1189 нь 18 хүртэлх насны, 9624 нь 18-35 насны хүн байгаа нь нийт хохирогчдын 58 хувь болж байна. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, судалгааны төвийн тайланд 2010 онд насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг 455 бүртгэгдсэнийг тэмдэглэсэн байна.  

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн  Нийгмийн ухааны салбарын ахлах багш, доктор С.Туяа “Өсвөр насны хүүхэд залуучуудын дундах хүчирхийлэл, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг бий болгох төслийн үр дүн”сэдвээр илтгэл тавьсан юм. 

С.Туяа: Нийгэм хөгжиж байгаа үед хүүхдийн дарамт, дээрэлхэлтийн асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй

-Та илтгэлээрээ дамжуулан маш чухал сэдвийг хөндлөө. Ер нь өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын зорилго юунд оршиж байна вэ?
-Энэ асуудал  урьд өмнө огт байгаагүй юм биш. Хүүхэд,  залуучуудын дундах дарамт,  дээрэлхэлтийн асуудлаар 2016 оноос эхлэн судалгаа шинжилгээний түвшинд их,  дээд сургуулийн багш нар  дуу хоолойгоо гаргаж эхэлсэн. Монголчуудын соёл дотор  суучихсан асуудлын нэг. Ихэнхдээ хүүхдүүдэд тулгардаг энэ асуудлыг томчуудын хувьд байдаг л зүйл, бүгд л үүнтэй тулгарсан,  өөрөө л шийдээд явчихдаг гэдэгтэй санал нэгтэй байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Бид ч хүүхэд ахуй насандаа дээрэлхэлтийн асуудалтай тулгараад л  явж байсныг үгүйсгэхгүй. Харин өнөөгийн шинжлэх ухаан, техникийн дэвшил тасралтгүй хөгжсөн, хүмүүсийн харилцаа, гэр бүлийн бүтэц өөрчлөгдөж  байгаа ийм эгзэгтэй үед дээрэлхэлтийн асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй. Яагаад гэвэл дээрэлхэлтийн асуудлыг ажиглаж байсан хүүхдүүд, дээрэлхэлтэд хохирогч болоод сэтгэл зүй, бие махбодийн шарх өсвөр нас болоод нас биед хүрсэн хойноо ч гэсэн сэтгэлд нь байгаад байдаг. Өнөөдрийн Монголын нийгэмд байгаа гэр бүлийн хүчирхийлэл  гэмт хэргийн гаралтын хувь хэмжээ энэ бүхэн ерөөсөө л хүүхэд ахуй насандаа олж авсан сэтгэл зүйн гэмтэл, зан үйлтэй шууд холбоотой. Тийм учраас энэ асуудлыг эерэг болгож, зохицуулж чаддаг болгоход манай үйл ажиллагааны гол зорилго оршиж байгаа. Өөрөөр хэлбэл,   хүүхэд багаасаа дээрэлхэлтээс өөрийгөө урьдчилан сэргийлж чаддаг,  гарах арга замаа зөв байдлаар олоод авчих юм бол хожмоо хүчирхийлэл үйлдэхгүй байхад нөлөөлнө гэж бид харж байгаа.   Тийм ч учраас манай ШУТИС “Нээлттэй нийгэм” форумын дэмжлэгээр хоёр жилийн туршид сургалтын хөтөлбөртөө, агуулгадаа өөрчлөлт хийх,  оюутнуудаа дээрх зүйлийг  багаас нь эзэмшүүлэх шаардлагатай юм байна гэдгийг олж харж, хичээлийн хөтөлбөртөө  агуулгыг тусгаад явж байна.  Өнөөдрийн хурлаар хүүхэд залуучуудын дундах дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх ямар арга замууд байна вэ гэдгийг оюутнууд маань өргөн хүрээтэйгээр судалгаа хийсэн байна. Үүн дээр  хороо, дүүргийн нийгмийн практик ажилтнууд өөрийн ажлынхаа хүрээнд энэ асуудлыг олж хараад,  судалгаа шинжилгээ хийгээд үүнийгээ нэг дор цуглараад танилцуулж байгаа нь үнэхээр анхаарал татсан асуудлын  нэг байсныг батлан харуулж байна. 

Д.Нэргүй