ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм...

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-07

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын га­зар, МҮОНТ, Монголын зохиолч­дын эвлэл, Монголын Үндэсний төв номын сан хамтран зохион байгуулсан “Боржигин голомт Болор цом-36” яруу найргийн наадам өнгөрсөн бямба гарагт Говьсүмбэр аймгийн Чойр хотноо боллоо. Энэ удаагийн “Болор цом” наадамд нэгийн даваанд 140 гаруй яруу найрагч бүтээлээ сойсноос  38 нь тунан үлдэж, “Боржигин” чуулгын алтан тайзнаа шүлгэн хүлгээ уралдуулав.   Анх удаагаа говь нутагт, тэр дундаа Боржигин түмний голомтод болсон, “Болор цом” наадмыг  Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Монголын зохиолчдын эв­лэлийн 90 жилийн ойн хүрээнд Боржигин түмний голомт Говьсүмбэр аймагт зохион байгуулагдаж буй “Боржигин голомт Болор цом-36” наадамд хүрэл­цэн ирсэн Монголын шилдэг яруу найрагчид, хүндэт төлөө­лөг­чид, говь­сүмбэр­чүүддээ шинэ оны мэнд дэв­шүүлье.  Говьсүмбэр айм­гийн хувьд түүхэн ач хол­бог­дол­той, сайхан өдрүүд болж байна. Номын хур буу­сан, оюуны гэрэл гэгээ цацар­сан сайхан өдрүүд болж байна.

Говьсүмбэр айм­гийн ард иргэдийн оюуны мэд­лэгийн төлөө эрдмийн их ажлыг эхлүүлсэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгт болон хувь хүмүүс, албан байгууллагынханд талархал илэрхийлж байгаагаа энэ дашрамд хэлье.  “Боржигин голомт Болор цом-36” яруу найргийн наадмыг Говьсүмбэр аймагт хийхээр Монголын зохиолчдын эв­лэлийн хорооны удирд­лагууд шийдвэрлэсэнд аймгийнхаа иргэдийн өмнөөс талархал илэрхийлж, 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Говьсүмбэр бол хөгжиж байгаа залуу аймаг. Энэ нутагт ажиллаж, амьдарч байгаа ард иргэдийн сайн сайхны төлөө хичээж, зүтгэнэ ээ. 2019 онд бид олон хөрөнгө оруулалтын ажлыг хийхийн зэрэгцээ, ирэх долдугаар сард Боржигин наадмаа “Боржигин хурд-2019” нэртэйгээр хийх гэж байна. Боржигин наадмаа угтаж олон ажил хийж байгаагийн нэг нь “Болор цом” наадам. 2017 онд бид Боржигин уртын дуу, морин хуурын эрдэм шинжилгээний бага хурлыг хийсэн. 2018 онд “Боржигин ум марзай” эрдэм шинжилгээний бага хурлыг хийлээ. “Боржигин” чуулгын минь алтан тайзнаа “Болор цом” болж байна. Энэ наадамд оролцож байгаа бүх яруу найрагчдад амжилт хүсье” хэмээлээ.

Түүний дараа УИХ-ын гишүүн, “Болор цом” наадмын тэргүүн шагналт Г.Мөнхцэцэг говьсүмбэрчүүд болон яруу найрагт хайртай иргэд хандаж үг хэлэв. Тэрбээр “Эрхэм хүндэт говьсүмбэрчүүд ээ. Эгшиг яруу утга учрын хамаатан садан, ном буяны эрхэм нөхөд өө. Та бүхэндээ түмэн өлзий учрал бүрдсэн энэ сайхан өдрийн амар амгаланг айлтгая.  Боржигин түмний гал голомт, тост Боржигины торгон хойморт хоёр өдөр номын далай цалгиж байна. Миний бие сэцэн гал голомтоос монгол төрийн түшээ болж өргөгдсөн хүнийхээ хувьд, тэр тусмаа Чойр гэж номын нэрээр нэрлэгдсэн дэлхийд ганцхан байх энэ гал голомтод ажиллаж, амьдарч байгаа ард иргэдийн итгэлийг авсан хүн. Тиймээс энэ сайхан нутагт ном үргэлж бялхаж байх ерөөлийг бодож нутагтаа, тойрогтоо соёлын үрийг суулгахаар “Болор цом” наадмаа, “Уран үгсийн чуулган”-аа, “Номтой галт тэрэг”-ээ авчиръя гэж зорьсон юм. Говьсүмбэр аймаг, сэцэн Боржигин тэр чигээрээ утга уянга, үлгэр домгийн нутаг юм.  Бүхий л төрөлдөө хүмүүс Чойрын богд минь гэж залбирдаг сайхан хайрхан аз хийморь, ажил үйлс гээд бүхий л зүйлийг тэнцүүлэн сүндэрлэж байгаа. Ийм ч учраас Говьсүмбэр аймаг уул ус, утга уянгын орон юм.

Тиймээс энэ наадмыг Говьсүмбэр аймагт зохион байгуулах нь зүйтэй гэж гишүүнийхээ хувьд ухамсарласан” хэмээлээ. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн  Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав “Их Боржигины зан заншил, түүхийг өнөөдрийг хүртэл авч ирсэн Говьсүмбэрийнхэн та нартаа болон энд хуран цугласан яруу найрагчид, уран зохиолыг сонирхогчид та бүхэндээ Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Жил болгоны яруу найргийн оргил наадам нь “Болор цом” байдаг. Энэ жил МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү наадам монгол туургатны хэмжээнд болж байгаа гэж ойлгоход болно. Өвөр Монголын нэртэй яруу найрагчид наадамд оролцож байна. ОХУ-ын Буриад улсын найрагчид ирсэн. Дээд Монголын найрагчид ч бас энэхүү наадамд ирж оролцож байгаа. Ингээд бодохоор Их Боржигины нутагт Их Монголын хамгийн том оюуны, яруу найргийн цэнгүүн болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа юм. Ийм олон яруу найрагчид, Янжинлхам бурхны төлөөлөгчид хуран цугладаг орон нутаг тийм ч олон биш шүү. Та бүхэндээ дахин баяр хүргэе” гэв. Ийн 36 дахь удаагийн “Болор цом” наадам хөшгөө нээж, яруу найрагчид утга төгөлдөр шүлгээрээ уралдсан юм. 

38 яруу найрагч шүлгэн “хүлэг”-ээ уралдууллаа

 Албаны хүмүүс үг хэлж, яруу найргийн наадмыг албан ёсоор нээсний дараа хөтлөгч Б.Гантигмаа, Г.Агааноров нар “Болор цом” наадмыг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг зарласан юм.  36 дахь удаагийн “Болор цом” наадмын Ерөнхий шүүгчээр яруу найрагч Жа.Баяржаргал, шүүгчдээр Ц.Энхбат, Г.Батсуурь, зохиолч М.Эрдэнэбат, яруу найрагч Р.Батжаргал нар ажилласан юм.  Хоёрын даваанд 140 гаруй яруу найрагчдаас шалгарсан О.Цэнд-Аюуш, М.Уянсүх, О.Элбэгтөгс, Б.Жамбалдорж, Б.Баярсайхан, Д.Энхболдбаатар, Б.Баттулга тэргүүтэй 38 найрагч гурван дүйз болон шүлгээ уншсан юм. “Болор цом-36” наадмын салхийг хагалж яруу найрагч О.Цэнд-Аюуш “Домог” шүлгээ уншсан. 

...Хамгийн эртний бодол шиг нүүдэлчид
Ганцаардал шиг чимээгүй
Хөлөглөгч уулсын доогуур
Хүний зовлонг эдэлж ирдэг ээ
Ач хүү нь өвөөгөө тэнгэрт хүргэхээр
Ачаатай тэргээ хөтөлж
Дэндүү хүнд ачаатай тэрэгний дугуйнд
Дэлхийн чулуу бутарсаар байдаг аа... 

хэмээн уншиж, үзэгчдийг уулга алдуулсан юм. Энэ удаагийн яруу найргийн наадамд Өвөрмонголоос Б.Тогтомж, С.Цоморлиг гэсэн найрагчид оролцсон бол Буриадаас Баяраа Баурава, А.Банаева нар шүлгээ уралдууллаа. Түүнээс гадна, 18 настай М.Дэвээжаргал охин “Үдшийн залбирал” шүлгээ уншиж, томчуудтай уралдав.  

Улаан хацар цагаан болсон нь хачин...

Нэгийн даваанд 38 яруу найрагч шүлгээ уншсаны дараа шүүгчид шийдвэрээ гаргаж, дүнгээ нэгтгэхээр түр завсарласан. Тэр зуур зарим яруу найрагчид мялаалгын шүлэг уншсан. Мөн яруу найрагч Ж.Сарантуяа уламжлал ёсоор элэглэл уншиж, үзэгчдэд инээд бэлэглэсэн юм.  

Яруу найрагч Б.Ичинхорлоод 

Улаан хацар цагаан болсон нь хачин
Угаасаа тэр хотынх юм шиг нь сонин
Хамраа шударч онгодоо дууддаг Ичин өнөөдөр
Харин нөхрөө нударч, шүлэг бичнэ

Яруу найрагч М.Билигсайханд

Авгай маань халаас нэгжиж мөнгө авахаа больсон
Хайртай гээд салахаа байсан
Хааяа би өөр хүүхэнтэй уулзчихмаар байх юм
Хариуг нь “Болор цом”-оор өгөөч ах аа

Б.Баттулга “Болор” цомын эзэн боллоо

 Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд болсон “Болор цом” наадам олон зүйлээрээ өөр, шинэлэг байж чадсан.  Шүүгчид хоёрын давааны дараа шийдвэрээ гаргаж, 18-ыг нь үлдээсэн юм.  Улмаар 18 яруу найрагч шүлгэн хүлгээ уралдуулснаас гурвын даваанд ес нь тунаж үлдэв. Өндөр ойн жил, Боржигин түмний голомтод болж буй гэдэг утгаараа бэлгэдлийг бодож есөн яруу найрагч үлдээсэн болов уу хэмээн хөтлөгчид хэлж байсан юм. Сүүлчийн шатанд Б.Баттулга, Т.Баянсан, Б.Баярсайхан, Б.Жамбал­дорж, Д.Одгэрэл, О.Цэнд-Аюуш, Д.Энхболдбаатар, М.Уянсүх, Н.Мөнхбаяр гэсэн есөн найрагч тунаж үлднэ.  Сүүлчийн шатанд Б.Баттулга “Гүн ухааны сүлжээ бодролууд”, О.Цэнд-Аюуш “Чиний тухай таван бадаг”, Б.Жамбалдорж “Нулимстай анчин” зэрэг шүлгээр үзэгчид, яруу найрагт дуртай ард түмнээ байлдан дагуулж, ямархуу энтэй найрагчид болохоо харуулсан юм.  Шилдэг есөн найрагч шүлгээ уншсаны дараа шүүгчид удтал хуралдсаны эцэст дүнгээ гаргалаа.  Улмаар Утга зохиол, урлаг сонины нэрэмжит шагналаар яруу найрагч Н.Мөнхбаяр, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн нэрэмжит шагналаар Д.Энхболдбаатар нар шагнуулсан юм. Тэгвэл яруу найрагч Т.Баянсан, М.Уянсүх нар ч мөн “Цог” сэтгүүл болон бусад байгууллагын нэрэмжит шагнал хүртсэн. Харин өнөө жилийн “Болор цом” наадмын нэгэн үзэгдэл байж чадсан залуу яруу найрагч Б.Жамбалдорж тавдугаар байрт шалгарсан бол яруу найрагч Д.Одгэрэл дөрөвдүгээрт “давхилаа”. “Боржигин голомт Болор цом-36”-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан яруу найрагч О.Цэнд-Аюуш гуравдугаар байрт шалгарч, зургаа дахь удаагаа энэ том наадамд айрагдлаа. Харин зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан дэд байрт орсон бол яруу найрагч Б.Баттулга түрүүлж, эгшиглэнт эхийн авшига хүртэв.  Тэрбээр шагналаа гардаж авсныхаа дараа  “Би “Болор цом-21” наадмаас хойш оролцсон. Энэ жил Говьсүмбэр аймагт ирж түрүүлж, эгшиглэнт эхээр үнсүүлсэндээ баяртай байна. Ямагт биднийг учруулдаг яруу найраг мандтугай” гэсэн юм.