Нийслэлийн өмч хөрөнгийг хэдхэн дарга нар үзэгний үзүүрээр захиран зарцуулдаг ч тэдэнд хууль үйлчилдэггүй аж. Хууль зөрчин эрх шилжүүлсэн ажлыг Хотын даргын хамаатнууд хувааж авдаг болоод удаж байгааг манай сонин өмнөх дугаарууддаа нийтэлсэн билээ.
Тэгвэл “эх нь шийр алаг бол хүү нь бөөр алаг” гэдэг шиг хурган дарга нар нь өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд шат шатандаа хууль зөрчиж, таван төгрөгийн ашиг хардаг бололтой. Үүнийг батлах баримт буюу Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөртэй холбоотой гомдол миний өмнө дэлгээстэй байна. Эрх мэдэл гэдэг хуульд захирагдаж байх ёстой. Хэмжээгүй эрх гэж хаана ч байдаггүй. Энгийн иргэн ч гэсэн бусдын эрх ашгаар хязгаарлуулдаг.
Ийм л нийгэмд бид амьдарч байгаа гэдгээ Ерөнхий менежер умартаж орхижээ. Түүний хууль зөрчсөн баримтыг Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн Б.Батгэрэл Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ. Уг баримтыг бүрэн эхээр нь дэлгэе. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нь энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр “Зам талбайн цэвэрлэгээний хуваарь батлах тухай” А/21 дугаартай тушаал гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн А/28 дугаар захирамжийн нэгдүгээр захирамжаар баталсан “Улаанбаатар хотын захирагчийн ажлын албан дүрэм”-ээр олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа болон ажил үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзжээ.
Тодруулбал, Ерөнхий менежер Т.Гантөмөр нь уг тушаалаараа “Улаанбаатар шинэчлэл” ХХК-иас 583.237.500 төгрөг, “Грейт роуд” ХХК-иас 689.655.000 төгрөг ”Эко орчин” ХХК-иас 273.700.000 төгрөгийн үйлчилгээг тендерийн сонгон шалгаруулалтгүйгээр шууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хот тохижилтын 2018 оны төлөвлөгдсөн зардлаас худалдан авахаар шийдвэрлэсэн байна. Ерөнхий менежерийн энэхүү тушаал хоёр хуулийн заалтыг ноцтой зөрчсөн нь дараах баримтаас тодорхой харагдаж байх юм.
Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн наймдугаар зүйлийн 8.1-т заасны дагуу баталсан Засгийн газрын 2016 оны 68 дугаар хавсралтад “Орон нутгийн өмчийн хөрөнгөөр үйлчилгээ шууд худалдан авч болохгүй бөгөөд харьцуулалтын аргаар 50 мянган төгрөг хүртэл үнэ бүхий үйлчилгээг худалдан авч болох” тухай заасан байдаг. Төсвийн захиран зарцуулаг ч нь 50 мянган төгрөгөөс дээш давсан ажил, үйлчилгээ худалдан авсан тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн долдугаар зүйлийн 7.2 заасны дагуу “Нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын журам” -ыг мөрдөх үүрэгтэй.
Гэтэл Ерөнхий менежер Т.Гантөмөр эрх мэдлээ урвуулан ашиглаж, дээрх хуулийн заалтыг зөрчин хоёр тэрбум гаруй төгрөгийн үйлчилгээний ажлуудыг Нээлттэй сонгон шалгаруулах тендер явуулалгүй шууд олгожээ. Энэ үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-т заасан “Эрх мэдлээ бусдад давуу байдал олгоход ашигласан авлигын шинжтэй” үйлдэл байж болзошгүй гэж үзэж байгаа ажээ. Үүнээс гадна Ерөнхий менежер өөрөө гэрээ байгуулах хуулийн этгээд биш юм. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 17 зүйлийн 17.3-т “Улсын болон орон нутгийн төсвөөс хот, тосгонд хуваарилсан төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах эрх хот, тосгоны захирагчийн бүрэн эрхэд хамаарах” тухай заасан байдаг байна.
Тэгвэл энэ хуулийн дагуу Ерөнхий менежер Т.Гантөмөр орон нутгийн өмч хөрөнгийг захиран зарцуулах гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш гэдгийг бусад хуулийн заалтыг үндэслэн баталсан гомдол нь Авлигатай тэмцэх газрын үүдийг тогшжээ. Хотын Ерөнхий менежер нь ажил, үйлчилгээг хууль бусаар худалдан авдаг болсон нь тодорхой болжээ. МАН хотыг ингэж л удирдаж байна. Улаанбаатар хот гэдэг улс төрийн ашиг хонжоо хайгч хэдэн дарга нарын халаасыг дүүргэдэг санхүүгийн эх үүсвэр биш. Хуулийг гууль болгож байгаа нийслэлийн удирдлагын баг удахгүй хорих ангид хуралдах вий дээ.