ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭТТ Б.Энэбишийн үед “Чалко”-д, Б.Батбилэгийн үед “Шинхуа”-д очих шахсан, харин одоо...

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-29

“Эрдэнэс Таван Толгой”-г 350 сая ам.долларын өрөнд оруулсан Б.Энэбиш 

 

Засгийн газар шийдвэрээ гаргаж, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийг байгуулахад анхны захирлаар нь  Б.Энэбиш томилогдож байлаа.Тэрбээр 2010 онд томилогдоод, 2012 оны аравдугаар сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд “Эрдэнэс Таван Толгой” Хятадын “Чалко” компанид 350 сая ам.долларын өртэй л хоцорсон. Уг нь 2012 оны хавар УИХ-аас “Эрдэнэс Таван Толгой” компанийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх шийдвэр гарч байлаа. 2014 оноос иргэдэд ногдол ашиг хүртээх талаар ч ярьж байсан. Гэхдээ энэ бүхэн ердөө л иргэдийн “толгойг угаах” арга байсан нь ил болов. Учир нь 2011 онд МАН-ынхан Тавантолгойн ордоо барьцаанд тавиад,  “Чалко”-гоос 350 сая ам.доллар зээлж, иргэддээ тараачихсан.  Тодруулбал, “Эрдэнэс Таван Òолгой”-н дансанд орж ирсэн бүх мөнгийг “Хүний хөгжил сан”-д татан авч,  иргэдэд 21 мянган төгрөг, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувьцааны үнэ гэж 680 мянган төгрөг тараасан юм. Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Д.Хаянхярваа тойргийнхоо сонгогчдод энэ мөнгийг бөөнд нь тараасан хэрэгт холбогдож  байлаа. Дарханы иргэд үүнийг нь баталж ярьсан байдаг, тухайн үедээ. Харамсалтай нь хэн ч Д.Хаянхярваад хариуцлага тооцоогүй.

Өнөөдрийг хүртэл энэ хүн Тавантолгойтой холбоотой эерэг бүхнийг жадлан эсэргүүцэж яваа.  2011 оны долдугаар сарын 26-ны өдөр байгуулсан тэрхүү гэрээг  тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд, Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Зоригт,  “Эрдэнэс Таван Толгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш нар гардан боловсруулсан талаар хэвлэлийн хуудаснаа дурайж үлджээ.  Дэлхийн хэмжээний том ордыг ашиглах “Эрдэнэс Таван Толгой” компанийн захирлаар томилогдсон хүн ашиг олъё, улс оронд хэрэгтэй ажил хийе гэхээсээ илүүтэй нэг намын сонгуулийн өмнөх сурталчилгааны мөнгийг босголцохоор компаниа, ордоо барьцаанд тавиад явж байж. Б.Энэбиш даргын байгуулалцсан гэрээнд, дэлхийн зах зээлд тонн нүүрс 120 ам.долларын ханштай байхад монголчууд “Чалко”-д нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар 2018 оны хүртэл борлуулах хатуу заалт оруулсан байдаг.  Хэрвээ  нүүрсний үнэ буурвал манай тал нүүрсээ тонныг нь 50 ам.доллараар өгнө, гэрээний хугацаа дуустал Зүүн Цанхиас олборлосон нүүрсээ өөр хаана ч зарахгүй гэх зэрэг заалтыг ч оруулж байжээ.  

Өрөө төлж дуусах хүртэл манай тал 10 гаруй хувийн хүү төлөх үүргийг мөн хүлээсэн. Үүнээс гадна, 2018 онд өрөө төлж дууссан ч Зүүн Цанхиас олборлосон нүүрснийхээ 80 хувийг “Чалко”-д нийлүүлэх заалтыг ч гэрээнд оруулсан байдаг юм.  Ийм гэрээ байгуулснаас арваад хоногийн дараа “Чалко”-гоос “Эрдэнэс Тавантолгой” компанийн дансанд урьдчилгаа 250 сая ам.долларын эхний хэсэг оржээ. Дараа нь 100 сая ам.долларыг авсан байдаг. Б.Энэбиш захиралтай холбоотой балаг үүгээр дуусахгүй. Түүнийг өөрийн хүсэлтээр ажлаа өгсний дараа интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн захирлаар ажиллаж байхдаа  1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг “Самосваль” машин, стандартын бус дугуйг олноор нь худалдан авсан хэрэгт түүнийг  буруутгаж байгаа талаар АТГ-аас мэдээлж байв. 2013 оны аравдугаар сарын 25-ны өдөр тэр үед Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан Ц.Батболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, гадаад руу гарсан тул түр түтгэлзүүлээд байгаа” хэмээн мэдэгдэж байлаа.  “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн анхны захирал иймэрхүү байдалтай ажилласан.  

 

Я.Батсуурь шоронд хоригдож, Ч.Сайнбилэг “ороод гарав” 

Б.Энэбиш “Эрдэнэс Таван Толгой”-г шороотой хутгачихаад, өөрийн хүсэлтээр нэрийдлээр ажлаа өгөөд алга болсны дараа УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь томилогдов. Тэрбээр 2012 оны сүүлчээс 2015 оны дөрөвдүгээр сар хүртэл ажилласан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлснээс болж Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлсөн. Үндсэндээ Н.Алтанхуяаг Ерөнхий сайд байхдаа түүнийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн захирлаар томилсон ч Ч.Сайханбилэг гарч ирээд ажлаас нь буулгасан хэрэг. Өнөөх 2011 оны “Чалько”-тай байгуулсан алдарт гэрээг өөрчилсөн гэдэг шалтаг ч тэр дунд цохиж явсан. Түүнийг “Эрдэнэс Таван Толгой” компанийн захирлаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгдэх Г.Дэнзэнгийн “Говь Повер” компанид 4.8 тэрбум төгрөгийг дур мэдэн шилжүүлсэн.  Зүүн Цанхид олборлолт хийж байсан Австралийн “Макмахон” компанийн элэгдэл хорогдлыг хэт өндрөөр үнэлсэн.

Хятадын компаниудад нүүрс зарах гэрээ байгуулахдаа хоёр өөр үнийн дүн хийсэн гэх мэт үндэслэлээр шалгаж, хорьсон.  Тэрбээр мөрдөн хоригдож байхдаа “Миний бие “Говь Повер” ХХК-тай хамаарах асуудлаар яллагдагчаар татагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсанаас хойш 45 хоног хоригдож байна. “Эрдэнэс Òаван Òолгой” ХК болон “Говь Повер” ХХК-ийн хоорондох маргааныг миний бие тухайн үед нь шүүхээр шийдүүлж, энэ компанийн тоног төхөөрөмжийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр үнэлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлж авсан юм. Гэтэл АТГ-аас намайг дээрх шүүхээр шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан цагдан хорьж, шалгаж байна. Би энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд ямар нэг хууль бус үйлдэл хийж гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа. Тийм учраас энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар сайтар шалгуулж нэрээ цэвэрлэж авах чин эрмэлзэлтэй байна” хэмээн захидал бичиж байлаа.  Зарим нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэргүүтнүүд Тавантолгойг гадаадын компанид өгөх гэсэн оролдлогод түүнийг саад болсон учир ямар нэг аргаар ял өгч зайлуулсан ч гэж үздэг.  Я.Батсуурь “Эрдэнэс Таван Толгой” компанийн захирлаар ажиллах хугацаандаа “Чалко”-гийн өрөөс 100 сая ам.долларыг нь дарсан. Түүнийг 2015 оны дөрөвдүгээр сард чөлөөлсний дараа Ч.Сайнбилэг гэдэг физикч нэг сарын хугацаанд энэ компанийн захирлаар ажиллав. 

 

Тавантолгойг “зарах” гэж оролдсон Б.Батбилэг 

2015 оны тавдугаар сард Ч.Сайнбилэгийг сольж, оронд нь Б.Батбилэгийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн захирлаар томилсон. Тэрбээр 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл ердөө зургаан сар ажилласан. УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү тэрбээр Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний маргаан дэгдэж байх үед олон ажлыг гардаж хийсэн нь одоо ил болоод байна. “Цензургүй сурвалжилга”-ын багт өгсөн “Эрдэнэс Таван Толгой” компанийн ажилчдын ярилцлагад “Тухайн үед Б.Батбилэг захирал компанийн 203 ажилтныг Хятадын компанид шилжүүлэх гэж оролдсон. 203 ажилтны сул зогсолын мөнгө 4.3 тэрбум төгрөг, ийм хэмжээний мөнгө манай компани гаргаж чадахгүй.  Тийм болохоор энэ ажилчдыг Хятадын компани руу гэрээ ёсоор шилжүүлнэ гэсэн.

Монгол Улсын хуулинд хүн шилжүүлдэг зүйл, заалт байхгүй. Энэ бол хүний наймаа” хэмээн ярьсан. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс Тавантолгойн ордыг Хятадын “Шинхуа” компанид 70 жил ашиглуулахаар өгөх гэж оролдож байсныг хэвлэлийнхэн баримтаар дэлгэж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2015 оны дөрөвдүгээр сард УИХ-ын дарга байхдаа “Монгол Улсад илт хохиролтой гэрээг байгуулахыг эсэргүүцэж байна. Энэ гэрээг дэмжсэн сайд нарыг огцруулах санаачилгыг гаргана” гэж мэдэгдэж байв. Харин Монгол Улсын сайд М.Энхсайхан “Засгийн газар өөрийн тохиролцсон гэрээгээ эрх хэмжээндээ шийдэх хууль эрх зүйн орчин хүрэлцээтэй” хэмээн зоригтой мэдэгдэж байлаа. Тавантолгойн ордыг Хятадын компанид өгөхөөр тэд илт улайрч байсан бөгөөд энэ ордоос хувь эзэмшдэг гэгддэг Батж.Батбаярын хүү Б.Батбилэгийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн захирлаар томилсон нь санамсаргүй үйлдэл байгаагүй биз ээ.  Түүнийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 203 ажилтныг халахаар, эсвэл Хятадын компанид шилжүүлэхээр зүтгэж байх үед тэд ажлаа хийж, “Чалко”-гийн өрийг 116 сая ам.доллар хүртэл нь бууруулж байлаа. 

 

Д.Ариунболдын гай, гавьяа

Б.Батбилэг ажлаа өгснөөс хойш 2016 оны есдүгээр сард Д.Ариунболд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн захирлаар томилогдож байв. Тэрбээр энэ компанийн захирлаар ажиллах хугацаандаа “Чалко”-гийн 350 сая ам.долларын өрийг төлж дуусгасан юм. Тэр төлсөн ч юм биш. Түүнийг захирлаар ажиллах хугацаанд уурхайчид өдөр, шөнөгүй ажиллаж, Б.Энэбишийн үеэс эхлэлтэй их өрийн ард гарсан. Мэдээж бодлогыг хариуцаж байсан Д.Ариунболд захирлын гавьяа байх нь ойлгомжтой.  Бас дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн нь түүний аз байлаа. Нөгөө талаар 27 ам.доллараар зарж байсан нүүрсний үнийг 71 болгож нэмэгдүүлсэн нь ч энэ их өрийг дарахад ихээхэн нөлөөлсөн юм.  Сайны хажуугаар саар гэгчээр Д.Ариунболд захиралтай ноцтой асуудал үүсч байлаа. Тэр нь нууц гэрээ. Нууц гэрээ байгуулаад,  коксжих нүүрсний тонн тутмаас хоёр, исэлдсэн нүүрсний тонн тутмаас нэг ам.доллар “нүүрсчид”-ийн халаасанд ордог байсан байж тун болзошгүй гэсэн мэдээлэл ч гарч байлаа.  Үндсэндээ 20 тэрбум тэрбум төгрөг ор сураггүй алга болсон талаар шуугисан. Дараа нь Д.Ариунболд захирал Англи руу ниссэн, тэнд байгаа гэсэн мэдээллүүд хөвөрч байâ.  Асуудал бас л нэг тийшээ болоогүй. Мөн түүнийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн захирал байхад, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Тавантолгойг дахин гадны компанид өгөхийг оролдсон талаар мэдээлэл гарсаар байгаа. 

 

Б.Ганхуяг: “Эрдэнэс Таван Толгой” ХК 2019 оны эхний улиралд 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа

Д.Ариунболдын бужигнаанаас хойш Б.Ганхуяг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн захирлаар ажиллаж эхэлсэн. Түүнийг энэ ажлыг авснаас хойш компани 2018 онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, ногдол ашиг иргэддээ тараах талаар ярьж эхэлсэн. Гэхдээ эцсийн дүндээ олборлолтын хүчин чадлаа нэмж, жилдээ 35 сая тонн нүүрс олборлох. Нүүрс боловсруулах, баяжуулах үйлдвэр барих. Төмөр зам болон авто зам барих. Хими, технологийн үйлдвэр барихад  зориулж хөрөнгө оруулалт хийж, ногдол ашиг тараахаа больсон. Хэрвээ энэ ажлуудыг хийж чадвал борлуулалтын ашиг жилдээ 2.1 тэрбум ам.доллар болно хэмээн мэдэгдэж байна. Өчигдөр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг “2018 онд манай компани 11 сая тонн нүүрс олборлосон. 13 сая тонн нүүрс экспортолсон.

1.9 их наядын борлуулалтын орлоготой ажиллаад, 807.6 тэрбумын цэвэр ашиг олсон. Улсын төсөвт 478.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.  2018 оны үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үр дүнд нөлөөлөхүйц ажилласан. Тодруулбал, Монгол Улсын төсвийн 6 хувийг “Эрдэнэс Таван толгой” компани дангаараа бүрдүүлсэн. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар буюу өнөөдрийн байдлаар 4.2 сая тонн нүүрс олборлоод байна. Нүүрсний экспорт 2.4 сая тонн, борлуулалтын орлого 741 тэрбум төгрөг болсон. Улсын төсөвт өнөөдрийн байдлаар 193.5 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.  Цэвэр ашгийн хэмжээг тооцвол 304 тэрбум төгрөгт хүрээд байна” хэмээн мэдээллээ.  Тавантолгойг булаацалдсан “дайн”-д хэсэг бүлэг улстөрчид биø Монгол Улс ялж, өнөөдөр их наядаар тоолох ашиг хүртээд сууж байна.