ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр Солонгосын дайны түүхийг өгүүлэх Цэрэггүй бүс

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-08

Сарын өмнө БНСУ-ын Солонгосын соёлыг хилийн чанадад сурталчлах газрын урилгаар тэнд очихдоо дэлхийн анхаарлыг татаж, аялал жуучлалын нэг томоохон цэг болоод буй DMZ буюу Цэрэггүй бүсээр зочилсон билээ. Энэтхэг, Монгол, Бразил, Аргентин, Танзани, Польш зэрэг 11 орны сэтгүүлч тус улсад зочилж, олон гайхалтай газраар зочилсны нэг нь Цэрэггүй бүс. Сэтгүүлчдийн баг зохион байгуулагчдын хамтаар автобусанд сууж, Сөүл хотоос холгүй орших DMZ-г зорьсон. Тэнгэр бүрхэг, бороо шивэрсэн өдөр байсан болохоор автобусны цонхоор Солонгосын хөгжлийг ажиглан явах зуур хөтөч бүсгүй Цэрэггүй бүсийн талаар сонирхолтой түүх ярьсан юм. Энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр хоёр Солонгосын Ерөнхийлөгч Цэрэггүй бүсэд түүхэн уулзалт хийсэн нь энэ цэгийг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулсан гэдэг л бага сага мэдээлэлтэй надад хөтөчийн ярьсан түүх тун ч сонирхол татаж байлаа.  

“Хоёр Солонгос дайныг түр зогсоох хэлэлцээрийн үеэр цэргийн хилийн шугамаас хоёр тийш тус бүр хоёр км зайд цэрэг байрлуулахгүй байхаар тохиролцсон түүхтэй.  Энэ бүсийг Цэрэггүй бүс гэж нэрлэдэг. 1971 онд хамтарсан мэдэгдэл хийсний дараа энэ бүс хоёр Солонгосын нэгдлийг бэлгэдсэн аялал жуулчлалын цэг болжээ. 1950 оны зургадугаар  сарын 25-нд эхэлсэн Солонгосын дайны талбараас үлдсэн  гашуун түүхийг өгүүлсэн олон үлдвэр, дурсамжтай танилцаж, дайсагналаас болж улс орон хуваагдахын зовлонг мэдрэн, хоёр Солонгос нэгдэхийг ерөөх сэтгэл төрнө. Энд жилд таван сая дотоод, гадаадын жуулчин очдог” хэмээн хөтөч дуу чангаруулагчаар ярьж, бидэнд мэдээлэл өгөхийг сонсонгоо голын хөвөөгөөр барьсан цэргийн харуулын байруудыг сонирхон явав. Хойд Солонгосын цэргийнхэн голоор сэлж ирээд, хил зөрчих тохиолдол гардаг учраас харуулын байр барьж, цэргүүд манадаг гэдгийг тэр зуур асууж мэдсэн. “Цэрэггүй бүсэд та жуулчдын хамгийн их очдог  долоон газартай дор хаяж танилцах боломжтой. Үүнд, Өмнөд Солонгос руу танкаар довтлох зорилгоор байгуулсан хонгил, Хойд Солонгосын оршин суугчдыг харах боломжтой ажиглалтын цэг, дайны түүхийн павильон, Имжингаг цэцэрлэгт хүрээлэн...” хөтөч ийн ярьсаар, гадаа бороо шивэрч, автобус хурдны замаар давхисаар. 

Хоёр Солонгос нэгдвэл далбаагаа “өөрчилнө” 

Сэтгүүлчдийн баг явсаар хамгийн түрүүнд Имжингаг паркт очсон юм.  Имжингаг нь цэргийн хилийн шугамаас долоон км зайтай оршдог, Солонгосын дайны чухал дурсгалт газрын нэг.  Тус паркийг 1972 онд хоёр Солонгосын нэгдлийг  бэлгэдэж байгуулжээ. Гурван давхар Имжингагийг тойроод хөшөөнүүд, нэгдлийн парк, Хойд Солонгосын төв байдаг юм билээ. Мэдээж жуулчдын наад захын хэрэгцээг хангах дэлгүүр, бие засах газар байх нь ойлгомжтой. Бид биеийн чилээг гаргаж, дэлгүүр хоршоо сонирхсоныхоо дараа ойр хавийн зүйлстэй танилцсан юм. Имжингаг паркт хоёр Солонгосын дайны түүх, салсан гэр бүлүүд уулзаж буй байдлыг дүрсэлсэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн байсан.  Мөн Манбэдан нэртэй  тахилын ширээ байдаг юм билээ.  

Тэнд Хойд Солонгосоос гаралтай иргэд жил бүрийн цагаан сар, Чүсогийн баяраар ирж,  эх нутгийнхаа зүг харж,  өвөг дээдэсдээ өргөл өргөж,  мөргөдөг гэсэн. Имжингагт жил бүр хоёр улсын нэгдлийг бэлгэдсэн олон арга хэмжээ зохиогддог. Имжингаг руу очиход нэг ч шалгалтын цэгээр дамжих шаардлагагүй байдаг учраас гадаадын жуулчдын Гёнги мужид хамгийн их очдог газрын нэг болжээ. Гэрэл зураг, хөшөө дурсгал, тахилын ширээг үзэхийн  зэрэгцээ 1950 онд Солонгосын дайны үеэр устгагдаж, 2000 онд сэргээсэн Гён-Үи галт тэрэгний замыг ч сонирхсон. Тэр зам дээр хуучирсан галт тэргийг түүхийн гэрч болгон байрлуулсан байсан юм. Жуулчдын сонирхлыг татах зорилгоор галт тэргийг дуу гаргадаг болгож, “амилуулсан” байсан. Имжингаг паркт байх бас нэг сонирхолтой үзмэр бол Эрх чөлөөний гүүр. Гүүрний нэг талыг хааж, тэнд Солонгосын хойгийн газрын зураг бүхий далбааг байрлуулсан байна билээ. Хоёр Солонгосын тамирчид нэгдэж тэмцээнд оролцохдоо тийм далбаа ашигласан аж.  Тиймдээ ч хоёр улс болж салсан нэг үндэстэн нэгдэхийн бэлгэдэл болгож, Эрх чөлөөний гүүрэн дээр байрлуулсан нь тэр юм байна.

Дотоодын жуулчид тэр далбаан дээр хүслээ бичдэг. Хоёр Солонгос нэгдээсэй гэсэн хүсэл.  Мөн олон өнгийн туузан дээр хүслээ бичиж, уядаг юм билээ. Хэрвээ хоёр Солонгос нэгдвэл далбаагаа Солонгосын хойгийн зурагтай, цагаан өнгөтэй болгож өөрчлөх чин хүсэлтэй аж. Цэрэггүй бүсэд Имжингаг паркаас гадна олон үзмэр, театр, үзэсгэлэнгийн танхим бий. Иргэний хяналтын зурвас дахь өвөрмөц музей жуулчдын очих дуртай газрын нэг.  Улсын болон мужийн 44.5 тэрбум воны санхүүжилтээр байгуулсан тус музүй 2009 оны наймдугаар сарын 14-нд албан ёсоор нээлтээ хийсэн түүхтэй.  Үзүүлэнгийн танхимд  Солонгосын иргэний дайны ухуулгын хуудас, цэргийн захидал бичгүүд, жад, хоосон сум, сав суулга, мөн чихмэл шувуу зэрэг үзүүлэн тавьсан байдаг юм билээ. Харин видео бичлэгийн танхимд хоёр Солонгос хуваагдсан түүхийг гурван хэмжээст дүрст бичлэгээр үзүүлдэг. 

Хойд Солонгосын цэргүүдийн ухсан хонгил аялал жуулчлалын гол үзмэр болжээ

Цэрэггүй бүсийн хамгийн сонирхолтой үзмэр Хойдуудын Өмнөд рүү дайрах зорилгоор ухсан хонгил. Өндөр хөгжилтэй орон ухсан нүхийг ч жуулчдын сонирхол татах үзмэр болгож чаддаг юм байна. Гурав дахь хонгилыг очиж үзэх гэхэд нь шууд харагдаж л байдаг болов уу гэж бодож явлаа. Гэтэл Имжингаг парк, музейг үзсэнийхээ дараа очсон газарт өнөөх хонгил байна гэж огт төсөөлөөгүй. Бэлэг дурсгалын дэлгүүр, автобус зогсох зогсоол, бие засах газар, супер маркетыг цогцоор нь шийдсэн бяцхан амрах цэг шиг газарт очоод, нэг байшинд оров. Өмнөдийнхөн өнөөх яриад байсан гурав дахь хонгил дээрээ байшин бариад, тохижуулчихсан нь тэр байж. Жуулчид тэнд утас, эд зүйлээ цоожтой шүүгээнд хийж хадгалуулаад, хамгаалалтын малгай өмсч, хонгил руу ордог юм билээ. Мэдээж бид ч тэр журмын дагуу л нэвтэрсэн.  

Хонгил доошоо уруудаад 400 метр яваад тэгширнэ. Түүнээс цааш дахиад 200 гаруй метр яваад, хаалтад тулдаг юм билээ. Мэдээж цаашаагаа урт үргэлжилнэ. Үргэлжлэх хэсэг нь Хойд Солонгосын газарт байдаг болохоор хаасан гэсэн. Хонгил 150-160 орчим метр өндөртэй, 160 орчим метр өргөнтэй. Өмнөдийнхний аялал жуулчлалын нэг том бүс болсон энэ газрын гол үзмэр болох хонгилыг хойдууд Сөүл рүү довтлохын тулд ухсан түүхтэй.  1974 оноос хойш цэргийн хилийн шугамын дагуу дөрвөн хонгил илрүүлсэн байна.  Хонгилүүд 30 мянган цэрэг нэг цагийн дотор нэвтрэн орох хэмжээний багтаамжтай. 1974 онд хамгийн эхний хонгилыг олсон бол  1975 оны гуравдугаар сарын 14-нд хоёр дахь хонгилыг олсон аж. Улмаар  1978 оны аравдугаар сарын 17-нд гурав дахь,  1990 оны гуравдугаар сарын 03-нд дөрөв дэх хонгил олджээ. Эхний хонгилыг Өмнөд Солонгосын цэргүүд тун санамсаргүй байдлаар олсон. Цэргүүд эргүүл хийгээд явж байтал нэг газраас утаа гарч байж. Юун утаа болохыг нь шалгаж үзтэл, Хойд Солонгосын цэргүүд ухсан хонгил дотроо хоол хийж байсан гэнэ. Мэдээж тухайн үедээ цэргүүд хоорондоо буудалцаж, бяцхан мөргөлдөөн гарсан. Гэхдээ л Өмнөдийн тал энэ хонгилыг олж илрүүлснээр Хойд Солонгосын гэнэтийн дайралтад өртөх аюулаас аврагдсан. Хэрвээ хонгилыг илрүүлээгүй байсан бол Хойд Солонгосын цэргүүд ердөө л нэг цагийн дотор Сөүлийг эзлэх боломжтой байж.

Бидний үзэж сонирхсон гурав дахь хонгилыг олсон нь ч бас сонирхолтой. 1975 онд Хойд Солонгосын нэг цэрэг Өмнөд рүү зугтааж ирээд, өөр нэг хонгил байдаг гэдгийг хэлж өгсөн юм билээ.  Тэгэхдээ Хойд Солонгос талд байгаа хонгилын эхлэл хэсгийг л мэддэг. Өмнөдийн нутаг руу орж ирээд, хаашаа яаж ухсаныг нь мэддэггүй гэж хэлсэн байна. Улмаар Өмнөд Солонгосын тал хонгилыг хайж, хаа сайгүй нүх ухаад, усаар дүүргэж, дэлбэлсэн аж. Тэгж гурав дахь хонгилыг илрүүлсэн түүхтэй. Цэрэггүй бүсийн аялалын маршрутад Дура ажиглалтын цэг, Дурасан өртөө бас багтана. Дура нь Хойд Солонгост хамгийн ойрхон байрладаг ажиглалтын цэг юм билээ.  Тэндээс Хойд Солонгосын байгаль орчин, гурав дахь том хот - Гэсон, мөн хоёр Солонгосын хамтарсан Гэсон үйлдвэр комбинат харагдана. Дурангаар Гэсон хотын ойролцоо Ким Ир Сены хөшөөг харах боломжтой. Харамсалтай нь биднийг очих үеэр тэнгэр бүрхэг, манантай, бороо орж байсан учраас Ким Ир Сены хөшөөг харах боломж тохиогоогүй юм.