ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зөрчилтэй айлуудад зам талбай чөлөөлөх шаардлага хүргүүлжээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-06-08

Иргэд дур мэдэн хашаагаа сунгаж гудамж хоорондын замыг нарийсгадаг байна. Үүнээс болж галын болон түргэний машин цаг их алддаг аж. Иргэдийг гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд зөрчилтэй айлуудад зам тайлбай чөлөөлөх шаардлага хүргүүлжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Ар согоотын нэгдүгээр гудамжны 76 тоотод оршин суух айл зам хаан буужээ. Өөрөөр хэлбэл, энэ хэсгээр галын болон яаралтай тусламжийн машин явах боломжгүй болсон юм. Удаа дараа шаардлага тавьсан ч хашаандаа олон айл амьдардаг, нүүх газаргүй, газрын зөвшөөрлөө хөөцөлдөж байгаа гэх мэтчилэн шалтаг тоочсоор өдийг хүрчээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамж нарийсган хашаа татсан, зам хаасан, өндөр хүчдэлийн дор буусан 30 гаруй айл байгаа аж. Нийслэлд гарч байгаа обьектын галын дийлэнх хувь нь гэр хороололд гардаг. Чингэлтэй дүүрэгт гэхэд энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ 76 удаагийн обьектын түймэр гарсны 18 тохиолдол нь 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гарчээ. Тиймээс гудамж чөлөөлөх ажлыг энэ хорооноос эхлүүлж байгаа юм байна. Галын үед хэдий чинээ богино хугацаанд очно тэр хэрээр хохирол багасдаг аж. Ахуйн гал түймрийн дийлэнх нь иргэдийн хайхрамж, болгоомжгүй үйлдлээс болдог байна. Ийнхүү зөрчилтэй өрхүүдэд өгсөн хугацаатай шаардлагыг биелүүлэхгүй бол шат дараатай арга хэмжээг авч газрын албатай хамтран албадан нүүлгэх ажлыг зохион байгуулах талаар албаныхан хэллээ.