“Бэлэн бай” аяныг эхлүүлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-05-17

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Бэлэн бай” аяныг улсын хэмжээнд эхлүүллээ. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг таниулах зорилготой уг аян зургадугаар сарын 9-н хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээлэл өгөх юм.

Мөн www.belenbai.mn сайтыг ашиглалтад оруулж, иргэд мэдээллийг нэг дор авах боломжийг бүрдүүлээд байна. Олон нийтийн газруудад байршуулсан “Бэлэн бай” сурталчилгааны самбар дээрх QR кодоор дамжуулан тус сайт руу мөн нэвтрэх боломжтой.