ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-ын виз мэдүүлэхэд таван сая төгрөг байршуулах шаардлагагүй болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-08-27

БНСУ-ын Элчин сайдын яамнаас өчигдөр тус улсын визийн журамд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн болон, БНСУ-ын Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтан хийлээ. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд гадны улс орнуудын виз олголт, визийн шаардлагыг хөнгөлөх асуудлаар чамгүй олон ажил хийсэн бөгөөд тэр дундаа БНСУ-ын визийн шаардлагыг хөнгөвчлөх талаар олон удаагийн уулзалт хийжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч анхны гадаад айлчлалаа тус улсаас эхлүүлж байлаа. Тэгвэл энэ сарын 19-23-ны өдөр Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гюү Гын Монгол Улсад зургаан хүний бүрэлдэхүүнтэй албан айлчлал хийхдээ журамд өөрчлөлт оруулах, хөнгөлөх асуудлыг ярилцжээ.

Энэ талаар Л.Мөнхтүшиг захирал ярихдаа “Цагаачлал шилжилт хөдөлгөөний газрын дарга Ча Гюү Гын Монгол Улсад айлчлах үедээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Мөн Хуульзүйн сайд, Гадаад хэргийн сайдтай ч албан уулзалт хийсэн байгаа. Энэ үеэр Монгол Улсын иргэдэд хамгийн их тулгамдаж байгаа БНСУ-ын визийн шаардлагыг хөнгөвчлөх асуудал яригдсан. Үүний үр дүнд тус улсын зүгээс таван сая төгрөгийг байршуулдаг байсныг болиуллаа. Мөн визийн хариу ирэх гэж гурван сар болдог гэсэн шүүмжлэл байсан. Энэ хугацааг богиносгох талаар ярилаа. Үүнээс гадна, Ерөнхий сайд БНСУ-ын Ерөнхий сайдад хандаж илгээсэн захидалдаа Элчин сайдын яамны Консулын тоог нэмэгдүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг хүлээн авч, хоёроор нэмэгдүүлсэн. Наймдугаар сараас ажилдаа ороод байгаа. Солонгос улсад зорчих иргэдийн тоо эрс нэмэгдэж, өнгөрсөн онд 100 мянга орчим болсон. Цаашдаа ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байна” гэлээ. Харин Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн “Ча Гюү Гын даргыг айлчлах үеэр хэд хэдэн чухал асуудлыг ярилцсан. 2018 онд манай газрын төлөөлөгчид БНСУ-д албан ёсны айлчлал хийж байсан. Айлчлалын гол яриа визийн шаардлагыг хөнгөвчлөх, харилцан мэдээлэл солилцох, виз олголтын хугацааг ярьдаг.

Өнгөрсөн онд бид айлчлал хийхдээ хэд хэдэн асуудлыг ярьсан. Яг албан ёсны гэрээгээр 6700 орчим монгол иргэн тус улсад ажиллаж, амьдарч байгаа. Эдгээр иргэдийн ар гэрийнхэн болон үр хүүхэд нь Солонгос улсад зорчих, аав ээжтэйгээ уулзах асуудлыг тавьсан байдаг. Ингэсний үр дүнд тэдгээрийн ар гэрийнхэнд 11 мянган виз олгосон байна. Ажил урагштай байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Визийн шаардлагыг хөнгөвчлөх, хоёр орны иргэд визгүй зорчих асуудал нь нэг өдөр яриад хэрэгждэг юм биш. Сахилга хариуцлага, тухайн иргэдийн ухамсрын асуудал байдаг. Гэхдээ тус улсаас манай улсын иргэдэд маш таатай нөхцлийг бий болгох талаар алхам, алхмаар ажил хийж байгаа. Миний хувьд төрийн албан хаагчдын зорчих асуудлаар чамгүй ярилцлаа. Манай улсын 2500 төрийн албан хаагч визийн хугацаагаа хэтрүүлсэн, ямар нэг байдлаар хэрэг зөрчил гаргасан гэх асуудлыг ярьж байна лээ. Энэ хүмүүсийн асуудлыг эргэж ярина. Нааштай ярина гэж хэлсэн” хэмээлээ.

Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтан ярихдаа “2018 оны аравдугаар сарын 04-ны өдөр БНСУ-ын визийн журамд томоохон өөрчлөлт орсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ удаагийн өөрчлөлтөд хоёр том асуудлыг хөндлөө. Нэгдүгээрт, шуурхай шалгана. Хоёрдугаарт, хүмүүнлэгийн асуудлыг анхаарна. Элчин сайдын яаманд танилтай байлаа гээд виз гарахгүй. Консулын ажилтан таньдаг байлаа гээд танд давуу байдал үүсэхгүй гэдгийг дахин сануулъя. Таны эргэн тойронд байгаа хүмүүс хэрвээ ийм зүйл ярьж байгаа бол тэр хүн брокер байж болзошгүйг сануулъя. Маш олон хяналт, шалгалтаар ордог учраас нэг хүн таньдаг байлаа гээд гарна гэсэн үг биш” хэмээв. Айлчлалын үр дүнд таван сая төгрөг байршуулдаг байсныг болиулсан нь иргэдэд хамгийн их таалагдаж байгаа. Энэ нь иргэдийн санхүүгийн чадамжийг тодорхойлох бодит шалгуур биш гэж үзсэн учраас сүүлийн зургаан сарын дансны хуулгыг харж, чадамжийг нь тодорхойлдог байхаар өөрчилжээ. Эдгээр журмуудыг ирэх есдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэх юм байна. 

 

БНСУ-д зорчих визийн журамд орсон гол өөрчлөлтүүдийг дурдвал:  

 

-Санхүүгийн бодит чадавхийг бий болгох үүднээс таван сая төгрөг байршуулдаг тогтолцоог хүчингүй болгоно.

-Сүүлийн зургаан сарын дансны хуулгаар санхүүгийн чадамжаа нотолно. 

-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Е-9 ангиллын визтэй гэрээт ажилчдын аав, ээж, ар гэрийнхэн нь виз мэдүүлэхдээ таван сая төгрөг байршуулдаг, аялалын виз мэдүүлдэг байсныг болиулсан. Харин тухайн ажилчны ар гэртээ илгээсэн мөнгөн дүнгийн сүүлийн зургаан сарын хуулгыг хавсаргана. Ингэхдээ тухайн ажилтны ажиллах хугацааг харах бөгөөд хэрвээ ажиллах хугацаа нь дуусах дөхсөн бол виз олгохгүй. 

-“Хур” системийг нэвтрүүлснээр визийн хариу өгөх хугацааг 2-3 долоо хоног болгож, богиносгох талаар ярилцаж байгаа. Үндэсний дата төвтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд шийдэлд хүрсний дараа хэрэгжүүлж эхэлнэ. 

-Элчин сайдын яаманд виз төлөөлөн мэдүүлдэг байгууллагын хяналтыг чангатгана. 

-Хур мэдээллийн системийг буруугаар ашигласан бол хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь шууд зогсоох бодлогын орчинг бий болгох, брокертой холбогдох хууль бус оршин суух хуурамч бичиг баримтыг ихээр мэдүүлэх асуудалд авах арга хэмжээг чангатгана. 

-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр хуулийн хүрээнд ажиллаж, хугацаа хэтрүүлэхгүй ирсэн, мөн олон удаа виз мэдүүлэн зорчихдоо ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй, хууль бусаар үлдэх магадлал багатай иргэдийн визийг ажлын 10 хоногт багтаан гаргаж, хариу өгнө. 

-Хуурамч бичиг баримт бүрдүүлэх, мэдүүлэх зэргээр хууль бус үйлдэлд оролцсон виз мэдүүлэгч болон брокерт захиргааны арга хэмжээ авна. Анх удаа бол гурван жил виз мэдүүлэх эрхийг давтан бол шалгалтын системд бүртгэж оруулна. Виз мэдүүлэх бүрт дахин гарч ирэхээр оруулна. 

-Визийн материал шалгах ажиллах хүчийг нэмэгдүүлнэ. Консулын тоог дөрөв болгож нэмэгдүүллээ. 

-Одоо хуримтлагдсан байгаа 30 гаруй мянган виз мэдүүлэгчийн хариуг шуурхай шалгаж гаргана. 

-Коллеж болон Их дээд сургуульд солонгос хэлний хичээл зааж байгаа багш нар болон түүний ар гэрийнхэн олон удаагийн виз мэдүүлэх боломжтой болсон. Есдүгээр сарын сүүлээс хэрэгжүүлж эхлэх боломжтой болов уу. 

-Төрийн албан ажлаар явж байгаа иргэдийн хариуг яаралтай буюу ажлын 10 хоногт багтааж гаргана. 

-БНСУ-ын виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд өмнө нь гурван сар хүлээгээд дахин виз мэдүүлдэг байсан бол энэ хугацааг зургаан сар болгож нэмэгдүүлнэ.