ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Үнэнбат: “ESIS” аппликейшнээс хүүхдийнхээ сургалтын талаарх бүх мэдээллийг авах боломжтой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-28

Энэ хичээлийн жилээс боловсролын салбарын системд “ESIS” гэх аппликейшнийг нэвтрүүлж байгаа аж. Тус аппликейшнээс эцэг, эх хүүхдийнхээ дүн, хичээлийн хувиар зэрэг тухайн сурагчтай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой юм байна. Энэ талаар Боловсролын салбарын мэдээллийн системийн зөвлөх инженер Д.Үнэнбатаас тодрууллаа. 

-Энэ аппликейшнээс эцэг эхчүүд ямар мэдээллүүдийг авах боломжтой вэ. Ямар давуу талтай юм бол?

-Боловсролын салбарын мэ­дээллийн систем энэ жилээс энэ аплликейшнийг нэвт­рүүлээд байна. Гар утас болон мобайл хувилбарын алинаар нь ч ашиглаж болно. Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн түвшинд сурагчдыг бүртгүүлж, сургуулиас эцэг эхийн хүсэлтийг зөвшөөрвөл уг хүүхдийнхээ сурлагын мэдээлэл, дүн, ирц, хичээлийн хуваарь, давтлага, хичээл тарах цаг, гэрийн даалгавар зэрэг бүх мэдээллийг харах боломжтой. Мөн сургуулийн захиргаанаас гарсан шийдвэр, сургуулийн доторх зохион бай­гуулалт, шилжилт хөдөл­гөөнийг ч харах боломж­той юм. Өмчийн хэлбэр хар­гал­зах­гүйгээр бүх сур­гууль, цэцэрлэгт ашиглах боломжтой. 

-Эцэг эхийн хүсэлтийг сур­гууль зөвшөөрвөл гэлээ. Тэгэхээр эцэг эх­чүүд аппликейшнийг ашиг­лах хүсэлтээ сургууль, цэцэр­лэгийн захиргаанд гаргана гэсэн үг үү?

-Сурагчийн мэдээллийн аюулгүй байдалтай холбоо­тойгоор тухайн аппликейшнд бүртгүүлж байгаа хүний мэдээллийг системд хянана. Тэгээд зөвшөөрөл олгосноор ашиглах боломжтой болно гэсэн үг. Хүүхдийнхээ мэдээллийг хүлээж авах хүртэл үндсэн дөрвөн алхам байна. Эхлээд аппликейшнээ татаж аваад, хэрэглэгчийн эрх үүсгэнэ. Эцэг, эх хувийнхаа мэдээллийг бүрт­гүүлсний дараа хүүхдийнхээ мэдээл­лийг бүртгүүлнэ. Тухайн хүүхдийн регистрийн дугаар, анги гээд бүх мэдээллийг бүртгүүлнэ гэсэн үг шүү дээ. Ингэснээр тухайн хүүхдийн ангийн багшид нь мэдээлэл нь очино. Бүх багш нар системд бүрт­гэл­тэй болчихсон, хол­богд­сон байгаа. Тэгэхээр тухайн мэдээллийг системээс гад­на ангийн багш нь хянаад, эцэг эх нь мөн эсэхийг батал­гаа­жуулж, хүсэлтийг нь зөвшөөрснөөр хүүх­дийн­хээ мэдээллийг харах боломжтой болно. Хүүхдийн өмнөх жилүүдийн дүн, шилжилт хөдөлгөөн гээд бүх мэдээллийг харж болно гэсэн үг. Эцэг эхчүүд өмнө нь зөвхөн эцэг эхийн хуралд сууснаар хүүхдийнхээ сурлагын явц, нийгмийн идэвхи, сургуулийн үйл ажиллагаа зэргийг мэддэг байсан бол энэ аппликейшнийг ашигласнаар өдөр тутам хүүхдийнхээ мэдээллийг хянах боломжтой болно. Хичээл нь хэдээс ороод хэдэн цагт тарах, давтлага нь хэдээс тарах вэ гэдэг мэдээллийг тухай бүр авч байснаар хүүхдүүд хичээлээс гадуур тэнэх, элдэв хэрэгт холбогдох, хохирох асуудал ч дагаад буурна. 

-Хичээл нь хэдэн цагт тарах гэх мэт нарийн мэдээл­лүүдийг хүртэл харах боломжтой юм бай­на. Мэдээллийн аюул­гүй байд­лыг хэрхэн хамгаалах юм бэ. Хэр найдвартай бол?

-Системд бүртгүүлэхэд тухайн хэрэглэгчийг өөрийг нь бататгах нэмэлт асуулт, нууц үг гэх мэд мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн алхмууд бий. Нэгэнт баталгаажуулаад хэрэглэгч болсон тохиолдолд системд нэвтрэх болон нэвтрэх оролдлого хийх бүрт таны бүртгэлтэй гар утсанд мессеж очно. Ингэснээр та хянаад явах боломжтой. Мэдээж нэвтрэх нэр, нууц үгээ чандлан нууцлах хэрэгтэй. Эцэг, эх нь өөрөө мөн үү гэдгийг бүрт­гүүл­сэн мэдээллийн дагуу баталгаажуулсны дараа л мэдээллийг харах боломж­той гэсэн үг. Систем улсын бүртгэлийн газартай холбогдсон учраас асуудал гарахгүй байх. 

-Хүүхэд бүрийн тоогоор эрх нээлгэнэ гэсэн үг үү. Эсвэл нэг хэрэг­лэг­чийн нэрээр хэдэн ч хүүх­дийн мэдээллийг авах боломжтой юу. Жишээл­бэл, гурван хүүхэд нь сургууль, цэцэрлэгт явдаг бол яах вэ?

-Нэг гэр бүлийн гурван хүүхдийн мэдээллийг нэг хэрэглэгчийн эрхээр хянах боломжтой. Өөрөөр хэлбэл өөрийнхөө эрхээр бүх хүүхдийнхээ мэдээллийг харах боломжтой.