ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Баатарсайхан: Төрийн албаны шалгалтад мэргэжил, туршлага заагаагүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-23

Төрийн албаны зөвлөлөөс ирэх сарын 11-ны өдөр  Төрийн албаны ерөнхий шалгалтыг  зохион байгуулах гэж байна. Энэ талаар тус зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаас тодрууллаа. 

-Энэ удаагийн төрийн албаны шалгалтын онцлог нь юу вэ. Ямар давуу талууд бий болсон бэ?
-Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хуулиар төрийн албаны ерөнхий шалгалт гэж өгдөг болсон. Төрийн албаны шалгалтын бүртгэлийг энэ сарын 1-нээс цахимаар бүртгэсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 1-ээс зогсоох юм. Урьдчилсан мэдээллээр Улаанбаатар хотоос 15 мянга орчим иргэн бүртгүүлэх төлөвтэй байгаа бол аймаг тус бүр 1000 орчим иргэн бүртгүүлнэ гэсэн тооцоо гарсан. Яагаад бүртгэлд олноороо  хамрагдах шаардлага үүссэн гэхээр, энэ удаагийн шалгалтын онцлог нь тодорхой мэргэжил,  ажлын туршлага заагаагүй учир төрийн албаны шалгалтад орох  хүсэлт гаргасан хүн бүр орох боломжтой юм. Түүний дараа албан тушаалын шалгалтад орох нөхцөл бүрдсэн тохиолдолд тухайн иргэний албан тушаалын тодорхойлолтын шаардлагаар улсад ажилласан жилийг нь үндэслэнэ. 

-Өнөөдрийн байдлаар хэч­нээн хүн бүртгүүлсэн бэ?
-Өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэн бүртгэлд хамрагд­сан. Хугацаа дуусах дөхөхөөр олноороо бүртгэлд хамрагдах,  хандалт хийх төлөвтэй байна. Ингэснээр  серверт ачаалал үүсэх тул бидэнд хүндрэл учруулдаг. 

-Шалгалтын явц өмнө­хөө­сөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Иргэдийг төрийн албанд шууд томилох шалгалт биш. Ерөнхий шалгалт өгөөд нөөцөд орсон иргэн дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгөх чиг үүргийн зохи­цуу­лалт­тай болсон. Ерөн­хий шалгалтыг гурван чиглэлээр өгнө. Эдгээр гурван шалгалт тус бүртээ босго оноо­той. Өмнөх хуулийн хү­рээнд хууль эрхзүйн шал­гал­тыг авч,  бичиг баримтын бүрдлээр оноо өгдөг  байсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн  диплом, үнэмлэх,   нийгмийн даатгалын дэвтэр нь зөв байгаа эсэхийг хянадаг байсан. Мөн оролцогчдоос таван асуултад багтсан  ярилцлагын  шалгалт авдаг байсан бол энэ жил больсон. Гэхдээ албан тушаалын буюу тусгай шалгалт авах үед  ярилцлагад  ордог өөрчлөлт гарсан. Мөн шалгалтад хуулиар дагнадаг байсан бол монголын түүх, нийгэм эдийн засгийн зорилт, улс төрийн бодлого гэх мэтчилэн асуултууд тестэнд орох юм.

-Шалгалт үргэлжлэх хугацаа болон ямар үе шаттай явагдах талаар мэдээлэл өгөөч?
-ТАЗ-ийн  шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут байна. Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох Монгол хэл, Монгол бичгийн шалгалтад орох эрхтэй болно. Харин монгол хэл, бичгийн, крилл бичгийн шалгалтын хугацаа 30 минут үргэлжилнэ. Ерөнхий шалгалтын хоёр дахь шат монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Энэ шалгалт нь 20 минут үргэлжлэх бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалт 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэж, гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэнэ.

-Иргэд шалгалтад бэл­дэх­дээ ямар ном, гарын авлага ашиглах вэ? 
-Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтын тестийн номын тухай өөрчлөлт орсон. Өмнө нь бид бэлэн тестийг хариутай нь бэлдээд өгчихдөг байсан. Гэтэл тестээ цээжилсэн залуус нь шалгалтдаа нэгдүгээрт гараад ирдэг. Гэвч ажил дээр гарахаараа ажиллаж чаддагүй гэсэн санал гомдол  ирдэг болсон. Ингээд төрийн албыг буруушаадаг, нэр хүнд нь унадаг. Тиймээс бид шинээр гаргаж байгаа номондоо жишиг тестийг оруулдаг болсон.

-Бүртгэлт хамрагдсан ир­гэд төлбөрөө төлчихөөд  бай­хад хариу ирэхгүй бай­на гэсэн гомдол гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?
-Тийм зүйл гарч байгаа. Шалгалтын программ шинээр хийгдэж байна. Нөгөө талаас арваннэгдүгээр сарын 1-ний өдөр бүртгэл зогсоно. Зогссоноос хойшхи 10 хоногийн хугацаанд бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг шалгаад, эргэж утсаар буюу цахим хаягаар мэдээлэл хүргүүлнэ. Үүнд давхар төлөгдсөн болон,  төлбөр төлөгдөөгүй иргэдийн асуудлыг шийдэх юм. Харин төлбөр нь төлөгдөөгүй иргэд бүртгэлд  хамрагдсан  гэж ойлгож болохгүй. 

-Шалгалтад  тэнцсэн хү­мүүс шууд ажлын бай­ран­даа ордог тогтолцоо хэвээрээ юу. Нөөцөд орсон бол яах вэ?
-Өмнөх хуулиар нөөцөд бүртгэгдсэн иргэд шууд ажил,  албан тушаалд томилогддог байсан. Шинэ хуулийн зохицуулалтаар тухайн томилох бүхий албан байгууллага, албан тушаалтан  ТАЗ-өөр хянуулсны эцэст батлуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, хүндээ тааруулж албан тушаал томилдог  байсан тогтолцоо халагдсан гэсэн үг.  Шинэ хуулийн зохи­цуу­лал­таар нөөцөд  байсан иргэн нөөцөндөө байна. Нөөцөөс сул орон тоог нөхөх албан тушаалын буюу тусгай шалгалт авах зар байгууллага тус бүрээрээ гарна. 

-Албан тушаалтныг сайд, дарга нарын дураар шууд томилдог асуудал олон хүнийг бухимдуулдаг? 
-Манай байгууллагаас  улс­төрийн албан тушаалт­нуудаас томилогддог байдлыг су­далж үзсэн судалгаад  өн­гөр­сөн жил хийж үзсэн. Ингэхэд 560 орчим албан тушаалтныг улстөрийнхөн томилсон байсан. Гэхдээ энэ нь шууд дур мэдэн томилж байгаа асуудал биш бөгөөд  холбогдох хууль тогтоомжид байдаг л даа. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд улсын чанартай, гуравдугаар шат­ла­лын том эмнэлгүүдийн захиралыг томилж,  чөлөөлнө гэж заасан. Боловсролын сайд нь яамныхаа харъяанд байгаа лаборатори сур­гууль, их, дээд сургууль, соёл урлаг, шинжлэх ухаа­ны байгууллагуудын удирд­ла­гуу­дыг томилж чөлөөл­дөг. Харин орон нутгийн сур­гуулийн захирал, цэцэр­лэгийн эрхлэгчийг тухайн аймгийн удирдлага томилдог зохицуулалт бий. Хуулиндаа ч тусгасан байдаг. Цаашид ТАЗ-өөс барьж буй бодлогын хүрээнд аль болох  төрийн албан хаагчдыг тогт­вор суурьшилтай ажиллуулах үүднээс улстөрчдийн хэн нэгнээс томилдог байдлыг багасгах саналыг тавьж байна. Харамсалтай нь өнөөдөр холбогдох хууль тогтоомжид орж чадахгүй байгаатай холбоотой энэ төрлийн томилогоо нилээд хийгдэж байгаа.