ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Гантулга: Тамхинаас гарах оролдлогыг нэг биш олон удаа хийгээрэй

O.Admin
2018-06-26

Тамхины хэрэглээг бууруулах  үр дүнтэй арга зам уулзалтад оролцсон СЭМҮТ-ийн Их эмч Ж.Гантулгатай цөөн хором ярилцлаа.

-Монголчуудын тамхины хэрэглээ ер нь хэр байгаа вэ?

-Монгол Улсын хувьд тамхины тархалт өндөр арван орны нэг. Нийт хүн амын 27 хувь, эрчүүдийн 49.1 хувь буюу хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж байна гэдэг бол маш өндөр тоо. Гудамжинд явж байгаа арван хүний тав нь тамхи татдаг гэсэн үг. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн тамхидалт өсөж байна гэдгийг олон эх сурвалж мэдээлж байна. 1990-ээд оны үеийн судалгаагаар эмэгтэйчүүдийн тамхины хэрэглээ 0 хувь гэж гарсан байдаг. Харин одоо бол эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын ялгаа их байхаа больж, хийдэг ажил суралцах боломж нь бүгд адилхан болсон байна. Энэ онд гарах судалгааны урьдчилсан байдлаар дээрх тоо нэмэгдэж гарна гэсэн тооцооллыг хийгээд байна.

-Тамхи татсанаар ямар өвчлөлүүд гарч байна вэ?

-Тамхинаас үүдэлтэй зүрх судасны өвчин, донтох эмгэг, улаан хоолой, амны хөндийн хавдар, уушгины хавдар гэх зэрэг өвчлөлүүд үүсдэг.

-Тамхины хууль гарснаар хүмүүсийн хэрэглээ буурсан уу?

-Тамхины хуулийн хэрэгжилт тодорхой хэмжээнд явж байгаа. Гэхдээ тэр хуульд гэртээ,  машиндаа гудамж талбайд тамхи татахыг хязгаарлах талаар заалт орж чадаагүй. Сайн тал нь юу вэ гэвэл олон нийтийн газар жишээ нь автобусанд хүмүүс тамхи татахаа больсон байна. Тэгэхээр хуулийн хүрээнд татвар болон бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлснээр хүмүүсийн худалдан авах чадварт нөлөөлж, тамхины хэрэглээг багасгая гэсэн зүйл яригдаж байна. Яагаад гэвэл үүнтэй холбоотой сайн туршлагууд дэлхий дахинд байдаг. Манай улс бол хамгийн бага үнээр нэмдэг.  Үнэ бага учраас хүмүүсийн худалдан авах чадвар өндөр байдаг. Зах зээл нь байгаа болохоор тамхи үйлдвэрлэгчид илүү их нийлүүлэлт хийнэ.

Тамхиар дамжиж зүрх судасны эмгэг цаашлаад цус харвах зэрэг эрсдэлт өвчлөлүүд үүсч байдаг. Гуравдугаар эмнэлэгт “Харвалтын тасаг” нээгдсэн ч тэр нь ачааллаа дийлэхгүй байна. 19 настайдаа хүн харваж байна гэж байгаа. Үүнд юу нөлөөлж байгаа юм бэ гэхээр чимээгүй тахал болсон тамхи. Хүмүүс гудамжинд тамхи татаад явж байгаа хүнийг хараад энэ байдаг л тамхи татдаг хүн гээд үүнд шүүмжлэлтэй хандахгүй байгаа нь санаа зовоож байгаа асуудал юм. Хүн бүр тамхи татдаг ойр хавийнхаа хүмүүстээ шахалт үзүүлж, шаардлага тавьж хуулиа хэрэгжүүлэх талаар ажиллах нь зүйтэй гэж миний зүгээс бодож байна. Нөгөө талаас хүн өөрийнхөө болон гэр бүлийнхээ өмнө эрүүл мэндийхээ хувьд хариуцлага хүлээх ёстой. Хэн нэгэн тамхи татаж байгаад санал болгосны төлөө өөрийн толгойгүй юм шиг үгэнд нь орно гэдэг бол сайн зүйл биш.

-Тамхинаас гарах үр дүнтэй арга зам нь юу вэ?

-Эрүүл мэндийн байгууллага энэ чиглэлд шинэчлэл хийх гэж байна.  Тамхинаас гаргах мессэж үйлчилгээг ДЭМБ-тай хамтран гаргах талаар ажиллаж байгаа. Энэ нь заавал эмнэлэгт очихгүйгээр гар утсанд мессэж очиж, тэр хүнтэй харилцаад тодорхой хугацааны дараа зан үйлээ өөрчилж мессежний тусламжтай тамхинаас гарах үйлчилгээ юм. Мөн бусад байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн сургалт сурталчилгаа зөвлөмж өгөх гэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Гэвч энэ маань төдийлөн  үр дүнд хүрэхгүй байна. Иймээс хүмүүст хүрэхүйц хүчтэй шинэлэг арга хэмжээнүүдийг нэвтрүүлэх шаардлагатай.

Өнөөдөр бүхий л яам, агентлагуудаас хүмүүс ирж байгаа нь зөв эхлэл гэж бодож байна. Яагаад гэвэл эрүүл мэндийн байгууллага үүний өмнө хүчин мөхөстөж байгаа. Бүх хүний анхаарлыг энэ асуудал руу татаж байж үр дүнгээ өгч эхлэх юм байна. ЭМБ тамхидалтыг бууруулна гээд л үзээд байдаг, буурдаггүй харин ч нэмэгдээд байдаг. Дээрээс нь тамхины чиглэлээр явуулж байгаа бодлого дэмжлэг их муу байна. Бид хууль баталдаг хүмүүс биш учраас санал гаргаж судалгаа хийдэг. Дээшээ явахаар удааширдаг хойшилдог байдал харагдаад байдаг. Тэгэхээр шийдвэр гаргагч бодлого боловсруулагчид сайн нөлөөлж чадвал том төсөл явах боломжтой.

 -Мессэж үйлчилгээг гаргаснаар тамхи хэрэглэгчид хэдэн хувиар буурна гэж үзэж байгаа вэ, урьдчилсан тооцоолол гарсан уу?

-Энэ үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээс хойш л тооцоо гарах боломжтой байгаа. Гэхдээ Номхон далайн баруун эргийн бүсийн орнууд бол их үр дүнтэй байгаа гээд манай улсад санал болгож байгаа хямд зардлаар тав арван хүн биш хэдэн зуун мянган хүнд хүрэх боломжтой. Тухайн хүн гэртээ байна уу ажилтай байна уу хамаарахгүй. Мессэж үйлчилгээг авсан хүн болгон тамхинаас гарна гэж хэлэхгүй л дээ гэхдээ ер нь тамхи татдаг хүмүүсийн 75 хувь нь жилдээ нэг удаа тамхинаас гарах юмсан гэдэг бодол төрдөг гэж үзэж байгаа. Тэр хүмүүсийн бодол дээр нь ажиллах, арга хэмжээ авах шаардлагатай болж байна. Тэгэхээр энэ маань үр дүнтэй болох байх. Өдөрт 2-3 удаа мессэж очлоо 80 мессэж очсоны дараа тамхинаасаа гарч чадна гэж бодож байна.

-Дам тамхидалтад өртдөг хүүхдүүд байдаг шүү дээ тэр хүүхдүүдэд эргээд ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрэх үү?

-Илрэх боломжтой жишээ нь ойрхон ханиад хүрнэ, тамхины утаанд өртөж байгаа хүүхдүүдийн уураг тархины хөгжилд сөргөөр нөлөөлнө. Тамхины утаагаар амьсгална гэдэг маань тамхины нөлөөнд автаж байна гэсэн үг. Тамхи татдаг хүн гэр бүл үр хүүхэд маань хань ижил маань би төдийгүй энэ хүмүүст хор хөнөөлтэй гэж бодоод тэр хүн ирээдүйд өвчлөх хавдар гэж байна зүрхний шигдээс гэж байна тэр олон эмгэгүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд зориг гаргаж, зорилготойгоор гарах алхамуудыг хийх хэрэгтэй. Өөрөө гарч чадахгүй бол мэргэжлийн байгууллагад ханд, хяналтад ор. Тамхинаас гарах оролдлогуудыг нэг биш олон удаа хийсний үр дүнд хүн гардаг юм. Тамхинаас гарна гэж бодоод явах биш нэгээс хоёр удаа оролдоод л за би ёстой гарч чадахгүй юм байна гэж бодоод буугаад өгчихдөг. Битгий тэгээсэй гэж бодож байна.

Б.Саран-Учрал