Хэдэн жилийн өмнө хэсэг сэтгүүлч нөхдийн хамт Сөүл хотноо аялал, ажлын долоо хоногийн томилолтоор явах боломж олдож билээ. Хөтөлбөрт багтсан аялалын маршрутад “БНСУ-ын алдартай кинонуудын зураг авалт хийгдсэн газруудаар аялах” гэсэн тусгай хөтөлбөрийг багтаажээ. Бид ч дор бүрнээ догдолсоор хамгийн эхний зураг авалтын талбайг зорьж очив. Монголчуудын хамгийн сайн мэдэх “Өвлийн хайрын дуу” киноны зураг авалт хийгдсэн газар байсан юм, тэр нь. Энд Юүжин хайртай залуутайгаа хөтлөлцөөд алхаж байсан, тэр бол унаж байсан дугуй нь, энд тэр хоёр цасаар хүн хийдэг гэх мэтээр бүтэн өдөржин тойроод л хэдэн жижигхэн хөшөө харж, ойн төгөл дундуур алхацгаалаа. Маргааш нь Ким Духаны цагаан алчууртайгаа алхаж байсан гудамж, нөгөөдөр нь Дэ Жангумын зураг авалт хийгдсэн тосгон гэх мэтээр үргэлжлэх нь тэр. Илүү экстрим аялал хүсч байсан бидний хувьд хэтэрхий сэтгэл дундуур санагдсан ч Япон, Хятад жуулчид харин дугуйг нь барьж зургаа даруулахын тулд хэдэн зуун ам.доллар төлж, аялалаар ирдэг гэдгийг хөтөч бүсгүйгээс сонсоод шоолж байснаа санаж байна.
Түүхэн цаг хугацаандаа ихэвчлэн дайны хөлд сүйдэж, дарлуулж байсан учраас тэдэнд биднийх шиг бахархах, бардамнах арвин түүх байдаггүй юм болов уу хэмээн битүүхэн бодсон ч ил гаргахгүй нуугаад өнгөрсөнсөн. Азийн хэдхэн улсад цацагдсан савангийн дууриараа л жилдээ хэдэн зуун сая ам.доллар олж, аялал жуулчлалыг хөгжүүлж, Азийн орнуудаас шороон түмэн жуулчдыг татаж чадсан тэднийг хүндлэхээс өөр яалтай. Гэвч, Ким Духаны алчуураа унагасныг киног үзсэн хүмүүс нь мэдэх бол дэлхийн талыг эзэлж явсан Их Эзэн Чингис хааны түүх юу өгүүлэх вэ хэмээн бодож, тухайн үедээ яг энэ сэдвээр нийтлэл бичиж байснаа санаж байна. Бусдын бүтээснийг голонгуй хандаж, савангийн дуурийн төлөө хайран цаг хугацаагаа өгчихлөө, түүний оронд дэлгүүр хэсэх байж хэмээн бухимдаж байсан ч “Миний эх оронд хэрвээ энэ олон жуулчид очсон бол үзүүлэх зүйл байгаа бил үү” хэмээн бодогддог юм билээ. Яг л энэ хөндүүр бодол өнгөрөгч долоо хоногт Хэнтий аймагт томилолтоор ажиллахад эргээд сэргэв.
Аялал жуулчлалаа хөгжүүлнэ хэмээн олон жил ярьж, улстөрчид нь 400 сая жуулчин авчирна хэмээн ярьдаг ч бодит байдлаа өнөөдрийг хүртэл өөрчилж чадсангүй ээ. Монголын эртний нийслэл Хархорум хотын туурь үзнэ хэмээн өдрийн хугас пургон автомашинд сэгсчүүлж очсон Япон жуулчин “Ийм шороо үзэх гэж тийм хэцүү замыг туулсан юм уу” хэмээн уйлж байсан тухай бид өвөр зуураа ярьдаг. Гэвч хэн ч үүнийг өөрчлөх талаар ярьдаггүй нь харин үнэн. Монголын тал нутгийн үзнэ, монгол гэрт унтаж үзнэ хэмээн цөөнгүй жуулчид ирдэг байсан бол одоо таван ханатай гэрийг дэлхийн хаана ч загварыг нь гаргаж барьчихаад, 200 ам.доллароор хонуулж байна. Малчдын ахуй амьдрал, хөдөөгийн цэнгэг агаараар хэдий болтол жуулчдыг татах билээ. Хөвсгөлийн тайга, цэнгэг устай далайгаар жилд сая жуулчин ч татаж чадахгүй боллоо. Тиймээс л мянганы суут хүмүүс Их Эзэн Чингис хааны үүх түүхээрээ бахархах, тэр нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх цаг болсон хэмээн сэтгэж суугаа юм. Харин тэр цаг үе нь өнөөдөр ирсэн учраас “Түүхэн аялал жуулчлал” гэх том төсөл эхэлсэн болов уу. Үүнийг ч Соёлын дэд сайд М.Батбаяр ч хэлж байна билээ.
Тэрбээр, “Бид газрын мухарт ганцхан хөшөө бариагүй юм. Түүхэн ач холбогдол бүхий зургаан цогцолборыг байгуулж байна. Энэ том төсөл нь гадаадын аялал жуулчлалыг эх орон орондоо татах, эдийн засгийн боломжийг орон нутагт үлдээхээс гадна монгол хүн бүрийг түүхээ таньж мэдэх, омогшил бахархлаа гээхгүй байх томоохон зорилгуудыг агуулсан төсөл гэдгийг онцолж хэлье” гэлээ. Угтаа Их Эзэн Хааны өлгий нутгийг үзүүлнэ хэмээн шавар, шалбааг дундуур 200 гаруй км зам туулчихаад ядахдаа үүх, түүхийг нь харуулсан нэг ч болтугай барилгаар орж үзээд, музейгаар нь орж танилцаад, “Нууц товчоо”-ны үг үсэг бүхэнд шингэсэн газар нутгийг тольдоод буцах нь ээ гэсэн үг. Дэ Жангумын хааныг илаашруулахдаа хэрэглэсэн ногоо гэхээс илүү Их Эзэн Чингис хааны ундаалж байсан рашаан гэвэл түүхэн үнэнд илүү ойртоно биз дээ. “Чингис хаан энд ташуураа унагасан юм гэнэ билээ” хэмээн жилдээ мянга, мянган жуулчид хүлээн авч буй өвөрмонголчуудаас бид юугаараа дутуу байна вэ. 1206 онд Монгол төрийн хуралдай Биндэр суманд хуралдсан гэдгийг дэлхийн монголч эрдэмтэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн. Энэ түүхийг хэн ч хэзээ ч гуйвуулж чадахгүй юм. Тиймдээ ч түүхийг өгүүлэхийн тулд 200 км замаар явж очоод эзэнгүй тал, эсвэл сумын төв харуулах бус тэр үеийн түүхийг багтаасан, эргэн сануулах үнэ цэнэтэй олдворуудыг хадгалсан гэрт ч болтугай оруулаад гаргана гэдэг нь түүхэн аялал жуулчлалын үнэ цэнэ ажээ.
Ингэж бичлээ гээд У.Хүрэлсүхийг эсвэл Л.Оюун-Эрдэнийг магтан дуулсан хэрэг огт биш. Цаг хугацааны хувьд, коронагаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй цаг үед бүгдийг нь зэрэг эхлүүлж, хүчээ тарамдах шаардлага байсан уу гэдгийг ярих ёстой, шаардлагаа ч тавих ёстой. Үзэмж гоо зүй, үнэ хөлсний талаасаа ч шүүмжлэх зүйл бишгүй байна билээ. Түүнийг хэвлэлийнхэн ч хангалттай гаргаад тавьчихлаа. Орой хэсгийнхээ төмрөөс эхлээд зоорийн давхар хүртэлх өндөр нь долоон давхар хэмээн ярьсан уран сийлбэрчийн үгийг дамжуулсныхаа төлөө хэсэг сэтгүүлчид бие махбод, сэтгэл санаагаараа хангалттай доромжлууллаа. Үйл явдлыг, бодит байдлыг газар дээрээс нь сурвалжилсан сэтгүүлчдээ доромжлохоо урьтал болгох атлаа хэн ч зорьж очоод харъя, зорилго нь юу байсан юм, баригдсаны дараах ач холбогдол нь юу вэ гэдгийг хараагүй юм. Хэнтий нутгийн уул толгод бүхэн их түүхийг “хүүрнэдэг”. Гэвч, “Нууц товчоо”-г нэлээд хэдэн удаа уншаагүй хүнд тэр уул зүгээр л нэг модтой уул.
Хүн бүхэн бүрэн уншиж чадахгүйгээс хойш энд “Их хуралдай” анх хуралдсан юм, тэнд Тэмүүжин хаан цолоо авсан юм, энэхүү рашаанаас ундаалж байлаа, Алунгоо эхийн хөвгүүд ан хийж байхад энэ хавцалд буга орчихоод гарч чадахгүй байжээ хэмээн нүдэнд үзэгдэж, гарт баригдах ганц ч болтугай бүтээн байгуулалт босох шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр яалтай. Тэгж байж л түүхэн аялал жуулчлалаа хөгжүүлнэ. Цонжинболдогоос цааш газар үгүй, Тэрэлж, Хөвсгөлөөс өөр үзүүлэх зүйлгүй учраас л жилдээ 150 сая жуулчин хүлээж авна гэдэг бидний хувьд инээдэм, наргиан, хошин шог шиг дуулдаад байгаа хэрэг. Харин Хэнтий, Хөвсгөл зэрэг аялал жуулчлалын бүс нутгууддаа нүдэнд үзэгдэж, гарт баригдах хэдхэн том бүтээн байгуулалт хийж гэмээнэ энэ тоо наргиан биш болно. Ким Духаны цагаан алчуураас илүү, Чингис хаан ташуураа унагасан гэх “үлгэр”-ээс илүү бодит түүхийг, бодит бүтээн байгуулалтыг бид харуулах ёстой юм. Харин үүнийг хийхийн тулд бэлтгэл ажил маш их хэрэгтэйг ч анзаарч явлаа. Аялал жуулчлалын бүс гэх атлаа Дадал суманд нэг ч олигтой зочид буудал, амралтын газар алга. 100-гаас дээш хүн хүлээж авах боломжтой, чадалтай газар байсангүй, тэнд. Шавар нь халцарсан, шороо нь бургисан, чийг үнэртсэн гэрээ 250 мянгаар үнэлчихээд суугаад байвал мянган том бүтээн байгуулалт хийлээ гээд нэмэргүй билээ. Шавар шалбааг туучуулж, төөрч будилах зам харгуйтай хэвээр байвал түүхэн бүтээн байгуулалт босгосны хэрэг гарахгүй.
Тиймээс л Дадал суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр босох “Их Эзэн Чингис хаан” гэх томоохон бүтээн байгуулалтаас өмнө замаа засч, зочид буудал, амралтын газрынхаа менежментийг сайжруулах үүрэг, даалгавар хэнтийчүүдэд ирж байна. Үүнийг ч салбар яамны зүгээс дэмжихээ Д.Сарангэрэл сайд илэрхийлж байна билээ. Муулна гэвэл мянган шалтаг ч олдоно. Харин магтах ганцхан шалтгаан олно гэдэг хэцүү. Гайхуулах түүхтэй гэдгээ дэлхийд харуулах гэж байгаа бол тендер авсан компани, түүнийг эхлүүлсэн хүмүүс нь ч хаа, хаанаа хариуцлагаа ухамсарлаж, хамтдаа хичээж хийгээсэй. Төсвийн мөнгө уйлдаггүй гэсэн хүнийрхүү сэтгэлээр хандаж, сонгуулийн настай оноо авах гэсэн хий хоосон шоу битгий болоосой. Тендер авчихсан атлаа нүглийн нүдийг гурилаар хуурч, төсөвт өртгөө жил тутам нэмсээр суух аваас хүлээх хариуцлага байдгийг ч төслийг эхлүүлсэн компаниуд эрхбиш ухаарах байлгүй. Дахиад хэлье, бидэнд Ким Духанаас илүү түүх, Жангүмыг давах өв соёл байдаг юм шүү.