ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Оюунчимэг: Хүний амь аварчихаад бурхан шиг шүтүүлээд явж байх сайхан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-06

Өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал хүртээсэн билээ. Шагналын хур буусан энэ өдөр эрүүл мэндийн салбарын олон эмч, мэргэжилтэн энгэрээ мялаасан юм. Тэдний нэг болох Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн зөвлөх эмч, шинэхэн гавьяат Ч.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Танд баяр хүргэе, эрүүл мэндийн салбарт хэчнээн жил ажиллав. Хүн ардын эрүүл энхийн төлөө зүтгэсэн зүтгэлийг тань үнэлж, Монгол Улсын гавьяат эмч цолыг олголоо шүү дээ?

-Баярлалаа. Энэ сайхан өдөр төрийн том шагнал авсандаа маш их баярлаж байна. Миний хувьд Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарт мэдрэлийн эмчээр 40 гаруй жил ажилласан. Мэргэжлийн хувьд Тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор хүн. 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үед буюу Эрүүл мэндийн даатгал анх хэрэгжихэд Эмнэлзүйн тасаг шинээр бий болсон. Тэндээ 30 орчим жил ажилласан хөдөлмөр, хүч нөөцийг минь төр  үнэллээ. Гэхдээ энэ ганцхан миний гавьяа биш. Манай Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбар, Нэгдсэн эмнэлэг, тэр дундаа Мэдрэлийн тасгийн хамт олны хүч юм шүү дээ. Мөр зэрэгцэн ажиллаж байсан үе тэнгийн цагаан нөмрөгт баатрууддаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Энэ бүхэн бидний хамтын бүтээлийн үр дүн байлаа.

-Анх ажлын гараагаа Баянхонгор аймгаасаа эхлүүлж байв уу?

-Тийм ээ. Тэр үеийн эмчээр төгссөн хүмүүс бүгд өрхийн эмч, хүүхдийн хэсгийн эмчээр эхэлдэг байсан. Харин миний ажил, амжилтын гараа хүүхдийн тасгийн эмчээр эхэлсэн. Түүнээс хойш хоёр жилийн дараа Мэдрэлийн эмчээр дагнаж ажилласаар өнөөдрийг хүрлээ. Одоо ч гэсэн нийгмийн эрүүл мэндийн төлөө зөвлөх эмчээр ажилласаар байна.

-Эмч байхын хамгийн сайхан нь юу байдаг вэ. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

-Ээж минь намайг анх эмч мэргэжлийг эзэмших ёстой гэж хэлж байсан юм. Ээжийнхээ хүссэнээр эмчийн мэргэжлийг сонгосондоо одоо ч харамсдаггүй. Харин ч баярлаж явдаг юм. Эмчийн мэргэжил сайхан шүү дээ. Цалин мөнгө, нийгмийн байдал, амьдрал ахуй гэх мэт зовлон ярьдаг л даа. Гэхдээ хамгийн сайхан нь хүний амь аварчхаад бурхан шиг шүтүүлээд явж байх нь сайхан. Мэргэжил минь тэтгэвэрт гарахгүй л байна.

-Эрдэм мэдлэгээ хойч үе, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх талаар хэрхэн анхаарч байна вэ?

-Миний нэг хүү мэс заслын эмч мэргэжилтэй. Өөрийнхөө залуу үеийн халааг боломжоороо бэлтгэж явна. Одоогоор 4-5 залуу эмчийг бэлтгэж, сум, аймгийн эрүүл мэндийн төвд байнга зөвлөн ажиллаж байна.

-Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг тоног төхөөрөмж, боловсон хүчний хувьд хэр хангалттай байдаг вэ?

-Намайг төгсөж байх үеийг бодоход эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт, боловсон хүчний хүрэлцээ сайжирсан. Гэхдээ гуравдугаар шатлал руу хүнд харвалт, осол гэмтлийг яаралтай тээвэрлэх шаардлага маш их гардаг. Ингэхийн тулд онгоцны нислэг, санхүүгийн асуудал иргэдэд маш их гардаг юм. Эмч нар цаг хугацаатай уралдахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ асуудлыг сайжруулахын тулд хөдөөд мэргэшсэн эмч, тоног төхөөрөмж мэргэжилтнүүдийг цогцоор бэлтгэх нэн тэргүүний шаардлага бий.

-Сүүлийн жилүүдэд манай улсад мэдрэлийн тасгийг төрөлжүүлэх, хөгжүүлэх талаар багагүй арга хэмжээ авч байна. Энэ чиглэлээр аймаг, орон нутагт хэр анхаарч ажиллаж байгаа вэ?

-Мэргэжлийн боловсон хүчний хувьд харьцангуй сайн бэлтгэгдсэн. Төвлөрлийг сааруулах үүднээс аймгуудад шинжилгээний томоохон тоног төхөөрөмж нийлүүлсэн. Шинжилгээгээ дагасан эмчилгээ, цогц бүрдэл байвал сайн байдаг юм. Ялангуяа манай аймгийн хувьд алслагдсан, тархи, нуруу нугасны осол гэмтэл ихтэй учраас цогц шийдэл хамгийн чухал. Хоёрдугаарт, миний хувьд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр түлхүү анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд аймгийн Эрүүл мэндийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Тиймээс нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх нийтээрээ анхаарах, нөгөө талаас төр засгийн бодлого хөрсөн дээрээ хэрэгждэг, хувь хүн, эмч мэргэжилтэн бүгд хүчээ дайчлан ажилладаг байх хэрэгтэй. Ерөнхийдөө хувь хүний нийгмийн эрүүл мэнд, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө ажиллавал, 50 хувиар эрүүлжих давуу талтай гэж үздэг.

-Нийгэм хөгжихийн хэрээр сэтгэцийн өвчлөл нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Энэ асуудал орон нутагт хэр хэмжээнд байна вэ?

-Бие махбодийн өвчлөлийг оношлоод, эмчлээд явуулчихдаг. Харин сэтгэлийн өвчин, сэтгэлийн боловсрол өнөөдөр үнэнийг хэлэхэд хаягдсан. Нийгмийг хамарсан сэтгэл мэдрэл, сэтгэц буюу стрессээс үүдэх өвчин маш их бий. Гэтэл үүнийг Монголд шийдэж чадахгүй, хэдэн сэтгэцийн эмч нар руу заах төдий л явж байгаа. Тиймээс үнэхээр бие эрхтний бие даасан өвчин үү, стрессээс үүдэлтэй өвчин үү гэдгийг мэдэх хэрэгтэй. Стрессээс шалтгаалж ходоод шархална, зүрхний шигдээс, сэтгэл гутрал, архидалт болж байгаа шүү дээ. Үүнийг хамарсан чиглэлд цогц багаар ажилламаар байгаа юм. Манай Эрүүл мэндийн яам харьцангуй энэ асуудалд анхаарч эхэлж байгаа. Манай аймгийн хувьд дөрвөн мэдрэлийн их эмчтэй болсон.