Мэдлэгт өлөн байх нь ичиж эмээх асуудал огтхон ч биш. Хүн бүхэн төгс байдаггүй учраас үхэн үхтлээ л суралцсаар байгаад дуусдаг жамтай. Харин алдаанаасаа суралцаж, илүү эрч хүчтэй тэмүүлсээр байдаг билээ. Тухайлбал, сэтгүүлчид бид ч алдаа гаргаж, мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярьснаас, бичсэнээс болж эвгүй байдалд орох үе бишгүй олон бий. Гэлээ гэхдээ цаг ямагт түүнээсээ суралцаж, илүү мэргэжлийн болохын төлөө цаг ямагт суралцсаар байдаг.
Нэг үеийг бодвол сэтгүүлчдийг салбар салбараар нь мэргэшүүлэх сургалт зохион байгуулдаг болов. Төв банк гэхэд л гурван жилийн хугацаанд эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэснээр төрийн санхүү, мөнгөний бодлого, төсвийн талаар хэн дуртай нь дүгнэлт гаргаж, юу дуртайгаа цуурдаг байдал алга болж байна. Энэ бол дэвшил шүү. Шүүхийн салбарт мэргэшсэн сэтгүүлч бэлтгэж эхэллээ. Гадаад харилцааны салбар ч дипломат харилцааны талаар сэтгүүлчдийг мэргэшүүлэх, сургах гэж оролдож байгаа. Энэ бүхэнд сэтгүүлчид идэвхтэй оролцож, дахин алдаа гаргахгүйн тулд, хүнлэг, ёсзүйтэй, тэр тусмаа мэргэжлийн болохын тулд чармайж байгаа нь талархууштай.
“Аяга хоол”-ны үнэтэй сургалт гэхээс илүү тэндээс би юу сурч, юу ойлгож аваад гарах вэ гэдэгт ач холбогдол өгч, тасралтгүй гурван жил мэргэшсэн сургалтад хамрагдаад явж байгаа мэргэжил нэгт нөхдөө хараад бахархаж суудаг билээ. Энэ бол мэдлэгт өлөн байх тухай ойлголт. Илүү ихийг сурах гэсэн тэмүүлэл нь хамгийн гоё юм.
Гэтэл биднийг төлөөлнө хэмээн төрд сууж буй улстөрчид, тангараг өргөж төрийн албанд орсон албан хаагчид нь мэдлэгээ дээшлүүлэхээс ичдэг, миний мэдэхгүй гэдгийг бусад нь мэдчих вий гэдгээс эмээж байдаг юмсанж. Гэлээ ч “булавч бултайна, даравч далдайна” гэгчээр сошиал орчинд таван үг бичихтэй зэрэгцээд мэдэхгүй, чадахгүй нь ил болж, зэс нь цухуйна. Төрийн бүх шатанд ажиллаж буй залуус дунд албан бичгийг ном журмынх нь дагуу зөв биччих хүн цөөхөн байдгийг нуух юун. Товчилсон бүх үгийг задлахдаа эхний үсгийг бүгдийг нь томоор бичих үү, эсвэл эхний үгийг нь томоор бичих үү гэдгээ ч ялгаж чадахгүй том, том сургууль төгссөн “дипломын гол”-уудаар төрийн алба дүүрчихжээ. Тухайлбал, НИТХ-д нэр дэвшиж буй Б.Дэмбэрэл эцгийнхээ нэрээр баахан шоглуулав. Болдийн Дэмбэрэл гэж алдаж бичсэн самбарынхаа алдааг олж хараагүй хэмээн уучлалт гуйх бус эсрэгээрээ миний самбарыг фотошопоор эвлүүлж тавьсан хэмээн бүр ч эвгүй байдалд орох нь тэр. Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй хамт авахуулсан зургаа твиттер сүлжээнд оруулахдаа нэг үг бичээд л нэжгээд алдаатай бичсэн нь цахим орчинд цацагдаж байлаа. Өчигдөрхөн сошиал орчинд “аван, заран гэж бичдэг хүмүүсийг би алан” хэмээн баахан маазарлаа. Уншихаар инээдэмтэй, эмоцитой цаг үедээ маазраад өнгөрч болох ч энэ бол Монгол Улсын, тэр тусмаа боловсролын салбарын эмгэнэл болчихоод байгааг нуугаад яахав. Хэлний эрдэмтэд нь хэдэн янзаар бичдэг, сургууль, сургуулиараа үг үсгээ буруу бичдэг байдлаас болж ЕБС-ийн багш нар ч чадавхгүй төгсөж байгаа нь худлаа биш.
Мөн ном уншдаг хүүхэд байхгүй болсон учраас үг, үсгийн бөөсний хэрүүл салахгүй байгаа хэрэг. Чадваргүй багш нар чадваргүй шавь бэлтгэнэ. Харин шавь нар нь ажлын байранд гарч ирчихээд өнөөх “Эрүүл явуул олон наадам үзэн” хэмээн улстөрчийгөө “алж” суух жишээтэй. Эрхэм гишүүн А.Адъяасүрэн “Би өөр хүнд фэйсбүүкээ хариуцуулсан” хэмээн биеэ өмгөөлсөн ч УИХ-ын сонгуулийн сурталчилгааны турш хэд, хэдэн удаа нүүр номондоо алдаатай пост оруулж байлаа.
Мөн сошиал орчинд идэвхтэй байдаг улстөрчдийн постоос ч та нэг биш нэлээд олон алдааг олж хардаг байх. Чуулганы индрээс хүртэл алдаатай мэдэгдэл хийж буйг нь бид байх ёстой зүйл мэтээр хүлээж аваад сурчихаж. Бусдаар үйлдүүлэхийн “гд” дагаврыг яриандаа чамирхал болгон ашигладаг байдал ч хэрээс хэтэрчээ. Хуулийн төсөл өргөн баригдсан, шагнагдсан гэх мэтээр буруу ярьж байсан бол түүнийгээ албан бичигт хүртэл хэвшүүлчихэв. Манай нутгийн тэр “шагнагджээ” гэх мэтээр бичиж байх жишээтэй. “Хуулийн төслөө хүртэл бусдаар бэлтгүүлдэг хүмүүс тэгж ярихаас аргагүй ээ” хэмээн сэтгүүлзүйн багшийн маань хэлж байсан үг одоо ч санаанд тодхон байх аж. “Жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлэг дээр ирнэ үү” гэх өгүүлбэртэй адилхан сургууль дээр, эмнэлэг дээр, тэр тал дээр гэх мэтээр мэддэг юм шиг атлаа мэдэхгүй алдааг ч бид гаргасаар.
Угтаа, боловсролын салбарын туршилт, хэлний эрдэмтдийн хэдэн янзаар бичсэн үгнээс болж сэтгүүлзүйн салбарын бид ч учраа олохгүй будилж яваа нь худлаа биш билээ. Сурвалжилга гэж бичих үү, сурвалжлага гэж бичих үү, сонгочиддоо гэж бичих үү сонгогчдодоо гэж бичих үү гэдгээ ч нэг мөр болгож ялгаж салгаагүй хэдэн янзаар бичсэн хэвээр байна. Хамгийн сүүлд буюу 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлөөс “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг нэгтгэн гаргаж, нийтдээ 38000 үгийг журамлажээ.
Гэвч энэ толь бичгээр бус академич Ц.Дамдинсүрэнгийн гаргасан толь бичгийн дүрмээр бичдэг хүмүүс цөөнгүй байна. Худлаа хэлсэн хүнд ийм толь бичигтэй болсон гэдгээ ч мэдэхгүй хүмүүс “аван, алан, заран, хүргье, хүсэе, гэр бүлээрэй” гэж бичээд явж байгаа юм. Тиймээс улс нийтээрээ зөв бичгийн дүрмээ мөрдөхийн тулд, үгүй ядахдаа л төрийн албанд нэг стандартаар бичихийн тулд шинэ гарсан толь бичгийн үгийг нийтэд нь зааж болохгүй хэрэг үү. Онлайнаар хичээл зааж болмоор санагдах юм.
Төрийн албаныханд зөв бичих дүрмийн хичээл заасан ч буруудахгүй. Мэдлэгт өлөн байлаа гээд хэн ч буруудаагүй юм. Тиймээс улстөрчид нь ядахдаа журамласан үгтэй цэнхэр номыг дэргэдээ тавиад, “эрүүл явуул олон наадам үзэн. Малчид минь эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй” хэмээн бичдэг туслах, зөвлөхийнхөө алдааг засаж суухад гэмгүй шүү.
Манай аймагт мөнгөний бодлого хэрэгжүүлэх боломж бий юу гэж асууж суух бус Төв банкны эдийн засагчдаас долоо хоногт нэг удаа сургалт авчихдаг бол асуудлыг арай өөр өнцгөөс хардаг гэдгийг А.Адъяасүрэн гишүүнд зөвлөчихье. Кембриджийн сургалт ярьж яваа улстөрчид нэгдэж нийлээд зөв бичгийн дүрмээ мэддэг, мөнгөний бодлого, төсөв уншчихдаг улстөрчид бэлтгэх лобби бүлэг байгуулна гэвэл буруудах зүйл ер алга аа.