ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Батхишиг: Манайд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн хандлагаар гадуурхдаг

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-04

“Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй байх боломжтой юу” гэх асуултад  шийдэл хайхаар Хараагүйчүүдийн Үндэсний төвийн захирал Э.Батхишигээс цөөн асуултад хариулт авлаа.

-Монгол Улс зорилтод бүлгийн иргэдээ хэр анхаардаг юм бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл  мэнд гэх мэт асуудлаар олон уулзалт, хэлэлцүүлэг болж байлаа. Гэхдээ амьдралд бодит ажил болоод биеллээ олсон нь тун цөөхөн.  Үр дүн тааруу байна гээд чимээгүй суугаад байж болохгүй. Төр зайлшгүй анхаарал шаардлагатай байгаа иргэдийнхээ асуудлыг сонсож шийдвэрлэх нь зүйтэй.

-Боловсрол, эрүүл мэндийн хувьд хүртээмж нь хэр вэ. Ямар бодлого хэрэгтэй вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг маш олон асуудал бий. Гэрээсээ гараад л асуудалтай тулгардаг гэхэд болно. Манайд орчны хүртээмж огт хангалтгүй. Зам талбай, хотын хөдөлгөөнд оролцохоос эхлээд бэрхшээл тулгардаг. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй. Халамж, үйлчилгээ өгөхөөс илүүтэй орчны хүртээмжийг нэмэгдүүлэх чухал гэж үздэг. Орчин бүрдсэн цагт бүх зүйл болох ёстой жамаараа явна. Ийм зүйл үгүй болохоор заавал нэг хүний асаргаанд насан туршдаа байх болчхоод байгаа юм.

 

Харааны бэрхшээлтэй иргэдийн таван хувь ажлын байртай, хөдөлмөр эрхлээд явж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг авч ажиллуулах аж ахуйн нэгж, байгууллагууд цөөхөн. Тухайн иргэнд чөлөөтэй ажлаа хийх, хөдөлмөрлөх боломжийг олгохоос эхлээд асуудал тулгамддаг байх. Түүнчлэн харилцаа хандлага маш их хэрэгтэй. Ийм шалтгаануудаас болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт Монголд хангалтгүй байгаа юм.

-Харааны бэрхшээлтэй хэчнээн иргэн манайд байдаг вэ. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны хүртээмж хэр вэ?

-Монголд хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэн бий. Түүнээс 11 мянга гаруй нь харааны бэрхшээлтэй хүн байна. Харааны бэрхшээлтэй 6000 орчим хөдөлмөрийн насны иргэн байгаа. Харааны бэрхшээлтэй иргэдийн таван хувь ажлын байртай, хөдөлмөр эрхлээд явж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг авч ажиллуулах аж ахуйн нэгж, байгууллагууд цөөхөн. Тухайн иргэнд чөлөөтэй ажлаа хийх, хөдөлмөрлөх боломжийг олгохоос эхлээд асуудал тулгамддаг байх. Түүнчлэн харилцаа хандлага маш их хэрэгтэй. Ийм шалтгаануудаас болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт Монголд хангалтгүй байгаа юм. Бидэнд төрийн халамж, тэтгэмж хэрэггүй. Хамгийн чухал нь  хөдөлмөр эрхлэлт, тогтмол ажлын байр хэрэгтэй.

-Манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадуурхах хандлага нь хэр вэ?

-Гадуурхах хандлага манайд маш их байдаг. Үүнээс болоод гэрээсээ гарах дургүй. Цаашилбал, сурах, боловсрох  сонирхолгүй болсон иргэд маш их байгаа. Ийм хандлагаас болоод насаараа гэртээ суусан хүн ч бий. Гэхдээ ийм хандлага сүүлийн үед арай дээрдсэн. Гэвч тэр нь хангалттай бус байна.  Тухайлбал, зам, талбай, үйлчилгээний газруудаас эхлээд гадуурхалт байгаа шүү дээ.

 

-Юунд хамгийн их эмзэглэдэг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж үзэж байгаа хандлага маш их эмзэглүүлдэг, урам хугалдаг. Хуваариа хөдөлмөр эрхлэх гээд хэдэн нөхөдтэй нийлж, санхүү мөнгө хөөцөлдөхөөс эхлээд л бүтэлгүйтдэг. Арилжааны банкууд зээл олгоход маш дургүй. Баталгаа муу, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадваргүй гэх мэт үл ойшоож ханддаг. Төрийн байгууллагуудаар ороод үйлчилгээ авахад хүртэл энэ нь мэдрэгддэг. Шууд хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тодорхойлолтоор бараг  гадуурхдаг  гэхэд болно. Хүн гэдэг өнцгөөс харж, хандлагаа өөрчлөөсэй гэж маш их хүсдэг. Мэдээж өргөс авсан юм шиг өөрчлөгдөхгүй байх л даа. Гэхдээ төрийн болон үйлчилгээний газруудаас энэ хандлага эхлээсэй гэж боддог.

Шууд хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тодорхойлолтоор бараг  гадуурхдаг  гэхэд болно. Хүн гэдэг өнцгөөс харж, хандлагаа өөрчлөөсэй гэж маш их хүсдэг. Мэдээж өргөс авсан юм шиг өөрчлөгдөхгүй байх л даа. Гэхдээ төрийн болон үйлчилгээний газруудаас энэ хандлага эхлээсэй гэж боддог.

 

-Хараагүй иргэдийн сурч, боловсрох боломж нь хэр байдаг юм бэ?

-Хараагүйчүүдийн хөдөлмөр, сургалтын төв болон Хараагүйчүүдийн үндэсний холбоо, хараагүйчүүдийн мэргэжил сургалт үйлдвэрийн төв гэсэн газрууд бий. Төвүүдээрээ дамжуулан сургалтаа явуулж байна. Хүмүүсийнхээ сурах, мэдэх эрхийг чадлаараа хангаж байна даа. Тэгсэн ч учир дутагдалтай л байна. Хийхийг, бүтээхийг хүссэн асар их хүсэл мөрөөдөл, зорилго бий. Гэхдээ энэ нь бодлоос цаашгүй байна.