“Дэлхийн хепатит”-ын өдрийг жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулдаг. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын ХДХБ, ДОХ-ын газрын ба Хепаптитын Дэлхийн хөтөлбөрийн дарга Доктор Готцрид Хирншол, Дэлхийн Хепатитын Холбооны ерөнхийлөгч Майкл Нинбург нар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус хурлын үеэр ДЭМБ-аас вируст хепетитийн халдварыг устгах зорилгодоо хүрэхийн тулд улс орнуудыг оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэн даруй нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дэлхий дахинд уриалж буйгаа илэрхийлсэн юм. Тус байгууллагын мэдээгээр дэлхий дахинд 325 сая хүн вируст хепатитын архаг халдвартай амьдарч байгаа аж. Үүнээс жил бүр 1,3 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас бардаг байна. 2016 оны эцсийн байдлаар дэлхий дахинд В, С вируст хепатитын архаг халдвартай нийт хүн амын дөнгөж 20 хүрэхгүй хувь нь л оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжтой болжээ.
Вируст хепапитын халдварын тархалт өндөртэй орнуудын нэг хэдий ч уг өвчний эсрэг тэмцлээрээ үлгэр жишээ орны тоонд орж буй Монгол Улсын Засгийн газартай хамтран ДЭМБ 2018 оны “Дэлхийн хепатитын өдөр”-ийн тэмдэглэх хүрээнд хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа ажээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хепатит өвчний нэгдүгээр шатны илрүүлэг шинжилгээнд 40-65 насны 350 мянган хүн хамрагдсан бол хоёр дахь шатны илрүүлэг шинжилгээнд 60 хүртэлх насны болон, 15-аас дээш насны 1.8 сая иргэнийг хамруулахыг зорьж байгаа. Нэгдүгээр шатны шинжилгээнд хамрагдан халдвар илэрсэн иргэдийн 70 гаруй хувийг эмчилгээнд хамруулж, хөнгөлөлттэй эмээр үйлчилсэн. Үүнээс С вирустай 31 мянган хүн, В вирустай 21 мянга гаруй хүн бүртгэгдсэн. 2020 он гэхэд элэгний С вирусын тархалтыг бууруулах, архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрыг эрс бууруулах зорилт тавин ажиллаж байна. Маргааш 12:30 минутад төв талбайд дэлхийн хепапитын өдрийг тохиолдуулан 2000 иргэнийг хепатитын шинжилгээ, илрүүлгэд хамруулна. Ингэхдээ эрүүл мэндийн даатгал төлдөггүй, зорилтот бүлгийн иргэдэд ДЭМБ-ын чанарын стандартын ариутгал халдваргүйжүүлэлтийн шаардлагыг хангасан багаж төхөөрөмжөөр үйлчилж вирусыг нь үнэ төлбөргүй шинжилж өгөх юм. Өнөөдөр дэлхийн хэмжээнд элэгний D вирусыг эмчлэх эм, болон вакцин хараахан гаргаагүй байгаа. В вирусээс урьдчилсан сэргийлэх вакциныг манай улс төрж байгаа хүүхэд бүрт тарьж байна. харин С вирусыг бүрэн устгах эмийг дэлхий нийт бүтээсэн. Иймд эм хүрэлцэхгүй байгаа асуудал байхгүй. ЭМД-ын сангаас хөнгөлттэй үнээр хангаж байгаа юм" гэлээ.
Дэлхийн Хепапитын холбооны ерөнхийлөгч Майкл Нинбург хэлэхдээ “Элэгний С вирусыг эмчлэх эм бүтээгдэхүүн гаргасан нь шинжлэх ухааны хувьд том ололт. Учир нь энэ вирусын архаг халдварыг бүрэн эдгээх эм эмчилгээ С вирусанд зориулагдан гарсан. В вирусыг бүрэн эмчилж чадахгүй байгаа ч хэдий ч чанартайгаар хянах бүрэн боломжтой. Одоогийн байдлаар энэ вирусыг устгах эмийг гарган авах судалгааны ажил маг хурдацтайгаар явагдаж байгаа. Монгол Улсыг бусад улс орнуудтай харьцуулбал хепапит В вирусын илрүүлэг болон эмчилгээг хурдацтай нэмэгдүүлж байгаагаар нь амжилттай орнуулдын тоонд оруулсан. Гэхдээ цаашид хамгийн хурдацтайгаар сайжруулах нэг зүйл бол оношилгоо юм. В вирустай гарсан ч устгаж эмчлэх шаардлагагүй тохиолдол гэж бий. Тэр нь идэвхитэй идэвхигүйгээс шалтгаалдаг" хэмээн ярилаа.