ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл омикрон хувилбарын шинж тэмдэг, эмнэлзүйн талаар мэдээлэл хүргэлээ.
Омикрон хувилбар нь
-Хамар битүүрэх
-Нус гоожих
-Толгой өвдөх
-Хоолой аргах, хөндүүрлэх
-Хуурай ханиалга нь хэд хоногоос цэртэй ханиалгаж эхэлдэг аж. Хүүхдэд зарим тохиолдолд хоолой бачуурах шинж тэмдэг илэрч байгаа гэлээ. Тэрбээр, "Томуу болон томуу төст өвчин, амьсгалын дээд замын өвчинтэй яг адилхан шинж тэмдгээр илэрч байгаа. Энэ шинж тэмдэг 5-7 хоног илрээд эдгэрч байгаа нь харьцангуй хөнгөн эмнэлзүйн шинж тэмдэг юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн эмнэлзүйн байдал ямар байна вэ гэдгийг тандах, өмнөх дельтагаас ялгаатай зүйл юу байна вэ гэдгийг судлаад явж байна. Өмнөх дельтагийн үед амьсгалын замын хүндрэл, хүчилтөрөгчийн дутагдал буюу хоёр уушгинд тархсан хүнд хэлбэрийн хатгалгаа үүсэж байсан. Харин омикроны хувилбарт энэ эрсдэл харьцангуй бага буюу 1-1.5 дахин бага байгаа нь таатай мэдээ болж байна.
Дотоодын эмнэлзүйн тандалттай гадны улс орнуудын хийсэн эмнэлзүйн шинж тэмдэг ижил байгаа. Халдварын шинж тэмдэг хэрвээ илэрвэл аль болох тайван байдлаа хадгалж эмчийн зөвлөсөн шинж тэмдгийн эмчилгээ, гэрийн тусгаарлалтаа чанд баримтлаад эмчлүүлээрэй.
Вирусын эсрэг эмчилгээ болон бактерын эсрэг антибиотик яаран уух шаардлагагүй. Амьсгалын дээд замын халдвар учраас дархлаа дэмжих эмчилгээ хийх ёстой болно. Мөн өвдөлт намдаах халуун бууруулах эмчилгээ хийлгээрэй. 38-аас дээш халуурах шинж тэмдэг илэрвэл халуун бууруулах эм ууж болно. Хоолой аргах, хуурай болж байвал мөн эмчийн заавраар эмээ уугаарай. Мэдээж эрсдэлтэй бүлэг гэж бий. Үүнд бид бүхэн хүүхдийг хамруулж байгаа. 12-оос доош насны хүүхдүүд вакцингүй байгаа учраас эрсдэлтэй бүлэг. Мөн өндөр настнууд энэ бүлэгт хамаарна" гэлээ.
Мөн хорт хавдар, бөөрний архаг дутагдал, элэгний өвчлөлтэй иргэдийг эрсдэлт бүлэгт хамруулж, эдгээр бүлгийн хүмүүсээ анхан шатны эмнэлгүүд хянах, гэрийн эргэлт хийх, өвдсөн тохиолдолд яаралтай эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээг авч байгааг дуулгав. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 4767 орыг ковидтой иргэдийг хүлээн авч байгаа бол орон нутагт 42 эмнэлгийн 5482 оронд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.
Эмнэлзүйн шинж тэмдэг нь хөнгөн байгаа хүмүүсийг эдгээр оронд авахгүй бөгөөд эмнэлзүйн хүнд болон нэн хүнд өвчтөн, эрсдэлт бүлгийн иргэдийг авч эмчилнэ хэмээв. Гэтэл хөнгөн өвдсөн иргэд би халдвар авсан л бол хэвтэх ёстой, надад ор гаргаж өг хэмээн чирэгдэл учруулж буйгаас зорилтот бүлгийн иргэдээ авч чадахгүй нөхцөл байдал үүсэж байгааг мөн дуулгалаа. Удаан хугацаанд хоолой аргах, амьсгал авах үед бага зэрэг өвдөх нь хатгааны шинж тэмдэг биш учраас сандрах хэрэггүй гэдгийг мөн онцолсон юм.