“Монголдоо сайхан амьдаръя” уриатай жагсаал зохион байгуулсан залуусын зүгээс Ерөнхий сайдад хандан цэцэрлэгийн сугалааг зогсоох, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг тавьсан билээ.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд улсын төсвөөр нэг жилийн хугацаанд 200 гаруй цэцэрлэг барьж чадахгүй учраас орон сууцны нэг давхрыг төр худалдан авч, цэцэрлэг хэлбэрээр тохижуулах зэргээр шийдэх нь зөв гэж үзжээ. Үүнээс гадна хоёр нас хүртэлх хүүхдийг гэртээ харж буй эцэг эхэд хувьсах зардал олгох зэргээр шийдвэрлэх асуудал яригдаж байна.
Энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг ярихдаа “Цэцэрлэгийн нэг хүүхдэд хувьсах зардалд жилдээ 1.020.000 төгрөг зарцуулдаг. Хувийн болон улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй бол эцэг эхэд нь төрөөс олгож буй хувьсах зардлыг олгоно. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын бодлогын хүрээнд улсын цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ, хувийн цэцэрлэгт олгож буй хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх юм.
Үүнээс гадна байгууллагын дэргэдэх цэцэрлэг ажиллуулбал улсаас татварын бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Нийслэлийн хэмжээнд 33 мянган хүүхэд цэцэрлэггүй байгаа” хэмээжээ. Харин БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан энэ асуудлын хүрээнд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг эх, төртэй хамтран хувааж төлөх асуудлыг хөндлөө.
Ингэснээр хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэж үзсэн аж. Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ “Өмнө нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг, эхтэй хуваалцаж байсан. Түүний дараа төр өөрөө 100 хувь хариуцаж байгаа. Өдөрт хүүхэд 2420 төгрөгөөр хоол идэж байгаа. Гэвч энэ нь авах ёстой илчлэгийнхээ дөнгөж 50 хувийг авч байна гэсэн үг.
Хүүхэд өдөрт 1100 орчим ккалор авах ёстой юм. Цаашдаа төр дангаараа энэ асуудлыг шийдээд явж чадахгүй болсон учраас эцэг эхийн хяналтаар шинэ шатанд гаргая гэж ярьж байна. Гэхдээ орлого багатай, хүнсний талон авдаг айлын хүүхдийн хоолны зардлыг төр хариуцаад явна. Энэ гэхдээ төсвийн тодотголтой огт хамаагүй” гэлээ. Цэцэрлэгийн нийт хүүхдийн хүртээмжийг хангана гэж үзвэл нийт 280 гаруй цэцэрлэг шинээр барих ёстой ажээ.