ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Чинбүрэн: 24 настай залуу донор болж чадахгүйгээс аавыгаа алдаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-05-06

УИХ-ын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. 

Тэгвэл уг Ажлын хэсэг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран “Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг”-ийг Төрийн ордонд зохион байгуулав. 

Хэлэлцүүлгийг нээж, Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, “Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийг нэгтгэн ойлгох нь нийгэм, эдийн засгийн хувьд хор хөнөөлтэйг тодотгохын зэрэгцээ хуулийн төслүүдийг шинэчлэн баталснаар эмч, эмнэлгийн ажилтнуудын боловсон хүчний нөөцийн тогтвортой байдлыг хангаж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, улмаар монгол хүний эрүүл амьдрах нөхцөл бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, "Эрүүл мэндийн салбарын эрхзүйн орчныг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан. Бид ажлаа эхлээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид чамгүй ажил хийлээ. Маргааш биш Эрхтэн, эд, эс шилжүүлэх суулгах эмчилгээний хуулийг өөрчлөх гэж байна. Яагаад гэвэл, иргэд дотооддоо эрхтэн шилжүүлэн суулгаж чадахгүйгээс 100 саяас 1 тэрбум төгрөг олохын тулд аргаа бараад талбай дээр сууж байна.

Тэгэхээр энэ хуулийн төслөөр эдгээр асуудлыг зохицуулна. Тухайлбал, Донорын хуульд оруулах гол өөрчлөлт нь нас. Одоо байгаа хуулиар 25 нас гэж хуульчилсан. Гэтэл 24 нас 10 сартай залуу аавдаа элэгний донор болох гэхээр хуулиар хориотой.

Тиймээс ганц таарсан донор нь аавыгаа алдах, эсвэл хуультай буюу хүлээн зөвшөөрдөг гадны улс руу зуу, зуун саяыг зарлагадаж явах нь ээ. Ихэнх улс эрхтэн шилжүүлэх насыг 18-аас зөвшөөрдөг. Өөрөө бие дааж шийдвэр гаргах нас гэж үздэг. Эрүүл мэндийн даатгалаас эрхтэн шилжүүлэн суулгах төлбөрийг даадаг боллоо.

Хамтын төлбөр байхгүй болсон. Хооронд нь уялдуулж сайжруулах шаардлага байгаа юм. Цусны донор, эд эс, эрхтэн шилжүүлэх донорын хууль хамтдаа байдаг. Сайн дураараа хэн нэгэн хүн өвчтэй хүнд цусаа өгч амь аврах зохицуулалт. Гэтэл нөгөөх нь эд эс, эрхтэнээ өгдөг. Ийм зүйлийг сурталчлаад байж болохгүй шүү дээ. Гэх мэт олон асуудлыг хуулийн төслөөр шийднэ. Үүдэл эс, цусны чөмөг шилжүүлэх асуудлыг ч Монголдоо хуулиа өөрчлөх цаг болсныг харуулж байна" гэлээ. Хуулийн төслийг баталснаар хэд хэдэн онцлох заалт оруулах юм байна. Тодруулбал,  

-Эд эрхтэн, эсийн донор болох иргэний насыг 25-аас 21 болгох 

-Эд, эс эрхтэний донорын мэдээллийг ил болгох. Очер дайрлаа гэх асуудал алга болно. 

-Амьгүй донор бол нэг удаа зургаан хүний амь авардаг. Бурханы бэлэг ч гэж ярьдаг. Тиймээс оршуулгын зардлыг төр даах олон улсын жишгийг нэвтрүүлэх. 

-Амьд донор болж өөрийн эр зоригоор бусдын амийг аварсан иргэдээ төр хүндэтгэж, жилдээ нэг удаа сувилалд амраадаг байх. 

-ЭМЯ-ны дэргэд Эд, эс, эрхтэн шилжүүлэх зөвшөөрөл олгодог ёсзүйн хороо байгуулах асуудлыг тус тус тусгажээ. 

Дараа нь Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслүүдийн талаарх танилцуулга болон төлөвлөсөн ажлынхаа талаар танилцуулсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид болон Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээг гардан хийж буй эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй санал солилцож, чөлөөт ярилцлагыг өрнүүллээ.