Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн аж ахуй нэгж, байгууллага, иргэд эх орны өнцөг булан бүрд мод тарих ажлыг өрнүүлж байна.
Үндэсний бүтээн байгуулагч “НЬЮ ПРОГРЕСС” групп нь стратегийнхаа түвшинд алсын хараа, үнэт зүйлсдээ ногоон хөгжлийн тогтвортой бодлогыг тусгаж, нийгмийн хариуцлагын хүрээнд төвийн болон алслагдсан бүсэд тарьж ургуулах, нийтийн экологийн боловсролд хувь нэмрээ оруулан байгальд ээлтэй хойч үеэ бэлтгэн мод тарих, ургуулах хамгаалах дадлыг суулгах зорилготойгоор группийн хамт олон болон бусад салбар компаниуд 10 сая мод тарихаа батламжилсан.
Энэхүү ажлын хүрээнд тус группийн хамт олон Ховд аймгийн хэд хэдэн байршилд 5000 гаруй суулгац тарьж, 100 000 гаруй ширхэг мөчир үрслүүллээ.
“Вестерн холд” ХХК-ийн дэд захирал М.Ганзориг: “Хамгийн гол нь тухайн тарьсан модыг 5-6 жил арчилж, өөрийнх нь ургах төвшинд хүргэнэ гэдэг их чухал. Мод тарих, мөчир үрслүүлэх үеэр 50 хүнийг түр ажлын байраар хангаж, тарьсан модоо арчилж ургуулах, хамгаалах хүрээнд 10-15 хүнийг байнгын ажлын байраар хангаж ажиллана. Ховд аймгийн Буянт сумын засмал зам дагуу тарьж байгаа болон бусад байршилд тарьж буй моднуудыг хамгаалах үүднээс бид мод тарих газраа бүрэн торлож, тарьсан модоо дуслын системээр услахаар бэлтгэл ажлаа хангасан” гэж ярилаа.
Ховд аймаг уулархаг болон говь, тал хээр хосолсон нутаг дэвсгэртэй. Энэ хөрсөнд навчит болон бут, сөөг модыг таривал ургах, амьдрах чадвар сайтай байдаг байна. Тиймээс Ховд аймгийн иргэд орон нутгийнхаа хөрсөнд тохирсон улиас, бургасыг түлхүү тариалдаг аж.
Экологич Ш.Айбол “Орон нутгийнхаа хөрсөнд ургах чадвартай, дасан зохицсон мод тарих нь хамгийн үр дүнтэй. Манай аймгийн хөрсөнд улиас мод таривал тохиромжтой. Иймээс бид энэ төрлийн модыг түлхүү тариалахаар төлөвлөсөн” гэлээ.