ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ардчилсан Үндсэн хуулийг халах гэсэн Ж.Мөнхбатын санаархал ил боллоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-01-20

Биднийг Хөгжлийн банкны сонсгол, хүүхдийн 100 мянган төгрөгөө тойрон хэрэлдэж байх зуурт УИХ-ын намрын чуулганаа хаахаас өмнө хоёр ч ноцтой асуудлыг дуулианаар далимдуулан батлах гэж улайрав.

Тухайлбал, Цахим хөгжлийн яамнаас оруулж ирсэн Олон нийтийн сүлжээнд иргэдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөлд сошиал орчинд иргэний хувийн мэдээллийг дэлгэсэн бол хариуцлага тооцох тухай заалт орж ирсэн бөгөөд үүнийгээ Н.Учрал сайд тайлбарлахдаа “Хүүхдүүдийн нэр ус, зүс царай, гудамж хороог тавьж байгаад олон нийтээр доромжлуулах явдал хэрээс хэтэрлээ. Нэр зүсээ нуусан троллын арми ч замаа алдсан учраас тийм дайралтаас хүүхдүүдийг хамгаалах зорилготой” хэмээн “өмөлзөв”. Гэвч начир дээрээ энэ хууль нийтийн албан тушаалтны талаарх хувийн нууц гэж хэлж болох мэдээллийг олон нийтийн сүлжээнд оруулсан тохиолдолд хариуцлага тооцох, нэг үгээр хэлбэл хянах, цагдах, олон нийтийн сүлжээг хянах гэсэн эрх баригчдын увайгүй хүсэл нуугдсан төсөл болсон юм. Чичирч дайран, уурлаж бухимдсаар хуулийн төслөөс тэр заалтаа дур муутайхан унагасан Н.Учрал гишүүний булхай босго давахгүй баригдав.

Мордохын хазгай “Зөвлөлдөх санал асуулга”-ын үнэн төрх

Дараагийн яригдаж буй хуулийн төсөл бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал. УИХ-аас Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай 80 дугаар тогтоол гэгчийг баталж, "Зөвлөлдөх зөвлөл"-ийн бүтэц бүрэлдэхүүнийг шинэ оны өмнө зарласан бөгөөд түүврийн аргаар сонгосон гэх 11 хүний нэрийг танилцуулсан билээ. Гэвч эдгээр хүмүүсийг зориудаар сонгосон байсан нь илэрсэн бөгөөд эмэгтэйчүүд, залуусаас төлөөлөл байхгүй жендэрийн харьцааг хангаагүй гэх шүүмжлэлд өртсөний дараа "Бодлогод залуусын хяналт" ТББ-ыг үүсгэн байгуулагч Ц.Мандхайхатан, эдийн засагч Б.Отгонтөгс нарыг оруулж хүйсийн харилцааг тэнцүүлэх гэж оролдсон.

Анхнаасаа л мордохын хазгай эхэлсэн тус зөвлөл анхны хурлаа 2023 оны нэгдүгээр сард хийж, даргаа сонгохоос гадна Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийн тоог 1570 байхаар тогтоох шийдвэр гаргасан юм. Гэтэл энэхүү зөвлөл гэгч чухамдаа ямар ажил хийх, асуулгад оролцох хүнийг яаж сонгох, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж байгаа ч ямар бодол дотроо агуулсныг Ц.Мандхайхатан өчигдөр олон нийтэд илчлэв. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам зөвлөл байгуулах нэрийдлээр хэдхэн хүн цуглуулж, нийгэм эдийн засгийн асуудлаар санал асуулга авна гэх нэрийн дор Ардчилсан Үндсэн хуулиа тэр чигээр нь булшлах атгаг санаа агуулсныг нь илчлээд тавьчихлаа. Товчхондоо шүгэл үлээчихэв.

Ц.Мандхайхатан мэдэгдэлдээ “Нийгэм эдийн засгийн асуудлаар санал асууна гэж байгуулсан зөвлөл эцэстээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт рүү явсан. Миний хувьд за яах вэ, тогтолцооны өөрчлөлт гэх мэт асуудал байгаа учраас оролцоё гэж шийдсэн. Гэтэл Ерөнхийлөгчийн засаглалд уриалсан, Үндсэн хуулийг тэр чигээр нь өөрчлөх саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гаргалаа.

Тодруулбал, нэгдүгээр сарын 19-ний өдөр хуралдсан Байнгын хорооны хурлаар Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдээс авах асуултад “1992 оны  Ардчилсан шинэ Үндсэн хуулийг халж, шинэ Үндсэн хууль батлах замаар улс төр, эдийн засаг нийгмийн одоогийн тогтолцоогоо бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй гэдэгт та санал нэг байна уу” хэмээн асуухаар тусгаж, гишүүд нь дэмжсэн. Энэ бол Үндсэн хуулийн тогтвортой байдал, ардчилал, хүний эрхийн нөхцөл байдлыг алдагдуулах учраас энэ зөвлөлөөс гарч байна. Үндсэн хууль тогтвортой байх ёстой. Бид ухарч болохгүй” хэмээжээ. Нэг үгээр хэлбэл, эрх баригч нам ар араасаа дэгдсэн их дуулиан дундуур сурсан арга барилаараа хуулийн хулгай хийх гэж байгаад баригдлаа.

Ардчилсан Үндсэн хуулийг халах нь хэнд ашигтай вэ

Эрх баригчид эхэндээ зөвхөн тогтолцооны өөрчлөлт буюу хүчгүй парламентаа илүү төгөлдөржүүлэх, системийн алдаагаа засна гэсэн асуудлыг л маш олон удаа давтаж ярьсан билээ. Гэтэл хуулийн хулгай дор нуугдсан үнэн төрх нь Ардчилсан төрийг халж ардчилсан бус дэглэмтэй болгох атгаг санаа агуулсан байжээ. Монгол Улсын Үндсэн хуулийг тэр чигээр халах нь иргэдийн шийдэх ёстой асуудал учраас 1570 хүний саналаар шийдчихдэг юм биш. Монголын нийт ард түмний саналаар сонгогдсон 76 улстөрчийн хэлэлцэж шийдэх учиртай асуудлыг Төрийн байгуулалтын 10 гишүүн хэлэлцээд шийдчихнэ гэдэг хэрхэвч эрүүл хүний ухаанаас гарах бодол биш билээ.

Нөгөөтээгүүр, хүүхдийн 100 мянган төгрөг өгөх гэж улсаараа дампуурчихсан ийм систем зөвлөлдөх санал асуулгад оролцох 1570 хүний нэрийг зөв оновчтой сонгож чадах эсэх нь ч эргэлзээтэй болж байгаа юм.

Тиймээс ард түмэн болон “Зөвлөлдөх зөвлөл”-д сонгогдсон гэх 10 хүн энэ мэт зүйлийг эрс эсэргүүцэж, иргэдийн эрх ашгийг хангах хэрэгтэй байна. Бидэнд ямар ч эрх мэдэл байхгүй гэж арьсаа хамгаалж суух бус иргэдийн шахалтаар орсон эмэгтэй төлөөлөгч шиг шүгэл үлээе, эрчүүд ээ. Олон зүйл рүү савсалзаж, өөх ч биш булчирхай ч биш болох бус Үндсэн хуульд өөрчлөлт оруулж тогтолцооны шинэчлэлээ л хиймээр байна. Өөрийн намаасаа шинэчлэлээ эхэлж, парламентаа төгөлдөржүүлэх нь та бүхний хийх ажил болохоос төрийн эргэлт хийх, ардчиллаас ухрах явдлыг хэрхэвч дэмжиж болохгүй билээ. Энэ парламентад хэрвээ эрүүл саруул гишүүн үлдсэн бол хуулийн хулгай хийх гэж буй Ж.Мөнхбат мэтийн бэртэгчингүүдээ Байнгын хорооны даргаас огцруулах ёстой юм.