ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Үзэсгэлэнт мэлрэг цэцгийн өлгий нутаг дэлхийн хараанд өртжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-07-12

2023 оны зургаадугаар сарын 28-ны 21.00 цаг:

Үзэсгэлэнт мэлрэг цэцэг

Үзэсгэлэнт мэлрэг цэцэг

Анхилуун үнэртэй, үзэсгэлэнтэй, иш дүүрэн нахиатай

Анхилуун, цагаан гэж бүгд чамайг магтдаг

Би чамайг хэн нэгэнд өгөхийн тулд тасдаж авъя

Мэлрэг цэцэг, мэлрэг цэцэг... гэх Хятадын алдарт “Мэлрэг цэцэг” ардын дууны өлгий нутагт бид ирээд байна. Жянсү мужийг дэлхийн анхааралд өртсөн хэмээн тодотгосон нь тэд 65 улс орны 357 хоттой нөхөрсөг харилцаа бий болгохоос гадна дэлхийн 500 шилдэг компаний 392 нь Жянсүд хөрөнгө оруулалт хийжээ.

Өөрөөр хэлбэл, цар тахлын хүнд хэцүү үед ч дэлхий энэ мужийг онилсон хэвээр байсны үр дүнд 2022 онд гадны хөрөнгө оруулалт нь 30.5 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оноосоо 5.7 хувийн өсөлттэй гарчээ. Ингэснээр Хятад улсын хэмжээнд хамгийн их гадны хөрөнгө оруулалт татсан мужаар шалгарсан төдийгүй Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ туршлагыг ахиулж, дэлхийн нөлөө бүхий аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, инновацийн төвүүд ар араасаа байгуулагдах эхлэл тавигдав.

Олон улсад өрсөлдөхүйц шинжлэх ухаан, технологийн олон гайхалтай бүтээн байгуулалт, шинэ техник, технологитой энэ удаагийн аян замын тэмдэглэлийн турш хамтдаа аялах гэж байна. Хөхмөрөний доод урсгалд байрлах Жянсү муж тэр чигээрээ шинжлэх ухаан, технологи, боловсролын томоохон муж гэдгийг нотлох эхний хот буюу Сүжөүг хүн төрөлхтөний амар амгалангийн бэлгэдэл хэмээн тус хотын албаны хүн тодотгоно билээ.

Үнэхээр ч амар амгалан атлаа үзэсгэлэн төгс хотыг тэнд л босгож чаджээ. Барилгын ур хийц, загвар дизайн нь хараа булаам гайхамшигтай үзэсгэлэнтэй. Хот төлөвлөлт, архитекторын гайхамшигт ур ухааныг тэндээс л олж харна. Нам гүмхэн хотын гудамжаар алхах зууртаа бид хотын төвд урсах голын урсгалыг ажиглан хэсэг зуур сатаарав. Хэдхэн өдрийн өмнө хот даяар биднийгээ сандаргасан Сэлбэ голтой маань дүйцэхүйц том голын эрэг хөвөө болон орчин тойрныг хэчнээн гоёхон хийгээд аюулгүй тохижуулж вэ, тэд. Хүнийг гараар бүтээсэн тэр гайхалтай үзэмжийг хэдэн цагаар ч хамаагүй хараад л зогсмоор. Гэлээ ч маргааш очих газар олон, уулзах хүмүүс ч их.

Шинэ зууны түүхийг тэд бичиж байна

2023 оны зургаадугаар сарын 29-ын 09.20 цаг: Амар амгалангийн хотод амар амгалан хийгээд бат бөх нойрсжээ. Өнөөдрийн бидний аялах, очиж танилцах газрууд өмнөх танилцуулгад дурдсанчлан шинжлэх ухаан, технологийн гайхамшгийг бидэнд харуулах учиртай.

Өөрөөр хэлбэл, Шанхайд харсан гурван шараас илүү технологийн ухаалаг шийдлийг та бид эндээс харна гэсэн үг. Эхний очсон газар болох Сүжөү хотын “Ухаалаг удирдлагын төв” нь үүлэн удирдлага, тооцоолох платформ, хиймэл оюуны ухааны мэдээллийн үйлчилгээ зэргийг багтаасан Засгийн газрын дэмжлэгтэй, төрийн үйлчилгээний байгууллага.

Алс хэтдээ тэд тээврийн хэрэгслийн интернет сүлжээний салбарт олон улсад тэргүүлэгч технологи, хэрэглээний инновацийн бааз болох аж. Товчхондоо, дэлхий хэрвээ жолоочгүй, ухаалаг автомашиныг тэр чигээрээ ашиглаж эхэлж гэмээнэ энэхүү төв тэргүүлэгчдийн нэг байх том амбийц өвөртөлсөн хэрэг. Өнөөдрийн байдлаар Сүжөү хот дотроо жолоочгүй, ухаалаг хүн тээврийн мини автобус, таксиг үйлчилгээнд гаргаж эхлээд байна.

Алсдаа харин автобус, таксинаас гадна өндөр хурдны галт тэргээ хүртэл жолоочгүй болгох амбийцаа тэд нуухгүй байна билээ. Хот, дүүрэг дотроо явж буй автобус, таксигаа өдөрт хэдэн км замыг, ямар хурдаар туулж, хэчнээн зорчигчийг хаана буулгаж буйг ганц том дэлгэцээр өдөр бүр хараад сууж байх аж. Угтаа дүүргийн төв зам дагуу байрлуулсан өөрсдийн камераар жолоочгүй хийгээд жолоочтой автомашинуудын хөдөлгөөнийг бүрэн хянадаг ухаалаг удирдлагын төвийг бий болгожээ. Энэхүү ухаалаг төв Хэбэй мужид мөн нэг бий.

Цаашдаа автомашины аюулгүй байдлыг хянахаар дотор нь сууж яваа хүний ажлын байрыг бүрэн үгүй болгож, 100 хувь ухаалаг болгохоор зорьж буй бөгөөд зорчигч аппликейшн татаад таксигаа дуудах, мөн ухаалаг автобус дээр байх QR кодыг уншуулан зорчино. Дан ганц Хятад улсаа ч бус дэлхий дахиныг ухаалаг хийгээд жолоочгүй автомашинаар бүрэн хангаж чадах шилдэг боловсон хүчин, шинэ ноу хауг тэд цаг тутам эрж хайж, технологио шинэчилсээр байдаг учраас дэлхий тэднийг онилохгүй гээд ч яах юм бэ.

Алхам бүртээ технологийн гайхамшгаа харуулах гэж, шинэ зуунд бид ингэж түүх бичиж байна хэмээн олон улсад тунхаглаж буй тэд уламжлал хийгээд үүх түүх, өв соёлоо ч орхигдуулаагүй хамгаалсаар яваа гэдгээ бидэнд харуулахыг зорьжээ.

Жолоочгүй таксиг асааж, дотор нь тухалж, дэлгэцнээ байршуулсан камераар хотыг бүхэлд нь тольдож, хоёр цаг гаруй нэг газраа саатсан бид дараагийн газар болох “Ордон харшийн тоосгоны музей”-г зорилоо.

“Хотын төвийн байшин болгонд ашигладаг тоосгонд хүртэл музей байдаг хэрэг үү” хэмээн уншигч та гайхаж байж мэднэ. Би ч тэгж гайхсан хүний нэг. Энэ том улс хийх зүйлгүй дээ тоосгоороо хүртэл музей байгуулаагүй байлтай хэмээн гайхширсаар явснаа нуух юун. Гэтэл 15.087 хавтгай дөрвөлжин талбай бүхий үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн дунд байрлах музейд Хятад улсын эртний түүх тэр чигээрээ “нуугдаж” байх нь тэр.

Гадна хананаасаа эхлээд л тоосго үйлдвэрлэж байсан тосгоны хүмүүсийг товойлгож дүрсэлсэн уран хийцтэй зураг дизайн бүхий чимэглэлтэй тус музейг Хятадын алдарт архитектур, дизайнер Люй Жякүнь бүтээж, 2016 онд албан ёсоор ашиглалтад оруулжээ. Аялал жуулчлалын 4А зэрэглэлтэй хэмээн үнэлэгдсэн энэ газар эртний Хятад гүрний хаад ноёдын гэрт ашиглаж байсан “алтан тоосго-ыг бүтээж байсан үйл явцыг нэгбүрчлэн үзүүлэхээс гадна тэнд ашиглагдаж байсан зэвсэг, эд зүйлс нэг бүрийг нандигнан хадгалж, жуулчдыг татах том брэнд болгож чаджээ.

600 жилийн турш тоосго шатааж байсан галаа унтраахгүй асааж, тоосго зөөж байсан усан онгоцоо хүртэл музейн байшин дотроо босгож, хаад ноёдын орд харшид тоосгыг хэрхэн ашиглаж байсныгаа хүртэл дүрслэн харуулсан энэ музейгээр эрхэм уншигч та хэзээ нэг цагт Сүжөүд очиж гэмээнэ заавал ороод гараарай. Хүний гараар бүтээгдэж байсан тэрхүү гайхамшигт алтан тоосгоны нэг ширхэгийг хийхийн тулд хамгийн багадаа хоёр жил зарцуулдаг байжээ.

Энгийнээс энгийн буюу Янчэн нуурын шар шавраар хийсэн атлаа чулуу шиг хатуу, шил шиг гөлгөр учраас л үнэт эрдэнэ хэмээн тооцож, “алтан тоосго” гэж нэрийджээ. Эгэл ардын гэрт бус хаад ноёдын гэрт ашигладаг тоосгыг хэрхэн бүтээж байсан нь бүх Хятадын өв соёл, түүх учраас 2006 онд Соёлын биет бус өв хэмээн тооцож, шатаах зуухыг нь соёлын эд зүйлсийг хамгаалах нэгж хэмээн тооцсон түүхтэй бид танилцаад гарлаа.

Хятадын “Эгүнэ” хувцас хатааж, гэрэл асааж, хүний хэрэгцээг бүрэн хангаж байна

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар монгол залуусын бүтээсэн хиймэл оюун ухаантай ярилцсан нь хэсэгтээ л олны ярианы сэдэв болж байв. Уг нь бид тэр үйлдлийг нь шоглож,тавлаж инээх бус эсрэгээрээ дэмжиж, уухайлах ёстой байлаа.

Учир нь дэлхий дахин, шинэ зууныхан тэр чигээрээ хиймэл оюун ухааныг хэн хэрхэн төгс төгөлдөр хөгжүүлэх вэ гэсэн уралдаанд гарчээ. Хэн төгсийг бүтээж түрүүлсэн нь магадгүй мөн л энэ салбартаа шилдэг болох биз. Тиймдээ ч хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, энэ чиглэлийн шинэ туршилт, шилдэг нээлтэд БНХАУ хөрөнгө санхүүг харамгүй зарцуулж буйг дараагийн бидний очих газар нотолно.

Шанхай хотын Зам харилцааны Их сургуулийн “Хиймэл оюун ухааны судалгааны төв” нь дэлхийн болон дотоодын 100 гаруй компанитай хамтран ажиллаж, хиймэл оюун ухааны болон ухаалаг тоног төхөөрөмжийг үе шаттай үйлдвэрлэж буй. Тус үйлдвэр Хятад улсын хэмжээнд ухаалаг машин 15 төрлөөр үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг гэхээр Хятад улс энэ салбартаа тэргүүлэгч болох нь зөвхөн цаг хугацааны асуудал болжээ.

Энэхүү үйлдвэр гэхэд л гэрийн эд хогшил буюу гэрэл асаах, хөшиг нээх, хаах, гэр болон албан байгууллагад байрлах эйр кондишн, хувцас хатаагч, хананд байрлах уран зураг бүхий ухаалаг самбар, хөргөгч, ус цэвэршүүлэгч, лифт зэргийг дуу хоолойгоор удирдах тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж, компаниудад нийлүүлж эхэлснээ танилцуулав. Хамгийн чухал нь эдгээр хиймэл оюун ухааны төхөөрөмж нь эргээд хүнтэйгээ харилцдаг, ярилцдаг болж хөгжсөн гэдгээрээ чухал. Ердөө 489 юаны үнэ бүхий хурлын протокол хөтлөгч нь Хятад, Англи хэлээр бичлэг хурааж, эргээд текст болгон буулгах, орчуулах чадалтай.

Энэ жижигхэн төхөөрөмж гэхэд л хурлын нарийн бичиг, орчуулагчийн ажлын байрыг тун удахгүй халах нь ээ. Дэлхийн улс орнууд, тэр дундаа бидний мөнхийн хөршүүд технологийн хурдаараа биднийг хэдэн зууны ард хаяж орхижээ. Харин Монголын залуус тэр хурдын араас эрчимтэй гүйцэх гэж зүтгэж байхад бид түүнийг нь шоглож, даапаалж суух нь утгагүй юмсан. Цааш, цаашдаа амбийцаа илүү тодорхой болгохсон. Хаа хол хаягдахгүйн тулд хамтдаа хичээхсэн, монголчууд минь.

Сүжөү хотод өнжсөн нэг өдрийн аялалын төгсгөлд бидний очсон сүүлийн газар нь Био анагаахын аж үйлдвэрийн парк байв. Тус парк нь 620 гаруй өндөр технологийг судлан хөгжүүлэх, аж ахуйн нэгжийг бүрдүүлж, шинэ эм бүтээх, эмнэлгийн хэрэгсэл, био технологи зэрэг аж үйлдвэрийн кластеруудыг бий болгохоор 35 мянган эрдэмтэн, эмч нар ажиллаж байна.

Угтаа эрүүл мэндийн салбарт тэд шинийг бүтээж, шилдгийг үйлдвэрлэхээр өдөр шөнөгүй ажилладаг гэсэн үг. Найман салбар нь 1.4 сая хавтгай дөрвөлжин талбайд байрлаж эсийн түвшинд эмчилдэг эм, өндөр зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг төрийн санхүүжилтээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран үйлдвэрлэж, дэлхийн хийгээд дотоодын зах зээлдээ нийлүүлж эхэлжээ. Амар амгалангийн бэлгэдэл үзэсгэлэнт хотод нэг өдрийн турш саатаж шинжлэх ухаан, технологийн салбарын шилдэг бүтээлүүдтэй танилцаж, бусдын нутгийн хөгжил дэвшлийг эх нутагтайгаа харьцуулсан аялал ийнхүү өндөрлөж, дараагийн хот болох Наньтун руу хөдлөв.

Эгэл тариачин эх орончийн хичээл зүтгэл Хятадын түүхэнд тод мөрөө үлдээжээ

2023 оны зургаадугаар сарын 30-ны 09.30 цаг: Хятадын бүх хотууд хурдны галт тэрэг, хурдны зам, нисэх онгоцны буудал гээд тээврийн бүх хэрэгсэл ямар нэг саадгүй зорчих боломжоор бүрэн дүүрэн хангагджээ. Зорчигч хүссэн бүх тээврийн хэрэгслээрээ саадгүй, осол авааргүй зорчих бүрэн боломжтой.

Наньтун хот руу манай сэтгүүлчдийн цуваа автобустайгаа цаг гаруй давхиад л ямар ч саадгүй хүрч очин, зочид буудалдаа хоноглов. Өчигдөрхөн өөр хотод технологийн гайхамшигтай танилцаж явсан бид өнөөдөр өглөө харин Хятадын үүх түүх, өв соёлоор дахиад аялацгааж байна.

Гадаа бороо зөөлөн шивэрсэн, намуухан өдөр таарчээ. Өглөө биднийг буудлаас гарахад шүхэр, цув бүхий цүнх бариулаад гаргав, тэд. Хүнээ боддог улсад бороо шөнөжин орсон ч дусал ус зам дээр нь урсахгүй, ус зайлуулах хоолой руугаа урсаад орчихож. Уншигч танд эргэн сануулвал, аян замын тэмдэглэлийн өмнөх хэсэгт нэгэн хүү аавыгаа өндөр нас насалсанд зориулан бүтээсэн цэцэрлэгт хүрээлэн хожмоо Хятад улсын зуун, зууны түүхийг хүүрнэсэн соёлын хосгүй өв болон үлдсэн тухай бичиж байлаа. Тэгвэл энэ удаа бидний зорьж ирсэн газар ч түүнтэй ижил төстэй буюу 1905 оны үеийн эх оронч, аж үйлдвэр эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч Жан Жяны үүсгэн байгуулсан Наньтун музей, Хаонань хаус юм.

Хаохэ голын эрэгт байрлах энэхүү музей нь Хятадуудын үүсгэн байгуулсан анхны музей бөгөөд эртний Хятадын цэцэрлэгийг орчин үеийн музейтэй нэгтгэж үндэсний онцлогоо шингээн байгуулжээ.

Эгэл жирийн тариачин эр ноёны цол авахын тулд өөр овог авч шалгалт өгөн тэнцэж, хөдөлмөрлөж олсон ширхэг "мо"-гоо ч улсынхаа хөгжил цэцэглэлт, үндэсний музей, хүүхдийн цэцэрлэг, ахмадын асрамжийн газар, эрэгтэй, эмэгтэйчүүдийн Их сургууль, дарсны үйлдвэр, ноосны болон бусад үйлдвэр байгуулах үйлсэд зарцуулж, насан өндөр болж тэнгэрт залрах хүртлээ музейн ард байрлах Хаонань хаусдаа амьдарчээ.

Өдөр бүхэн, өглөө бүр тэр музейг хэрхэн өргөжин тэлж, бүх Хятадын өв соёл, үнэт зүйлс хэрхэн цуглаж, үр хойчид нь үлдэх үнэт өв, соёл болж байгааг харж суухаас гадна хаусдаа гадна, дотны алдартай эрхмүүдтэй уулзалт хурал хийж улс орныхоо хийгээд дэлхий дахины улс төр, эдийн засаг, геополитикийн асуудлыг ярилцдаг байсан түүхтэй аж.

Наньтун музей Хятад улсын түүх соёл, үзэсгэлэнт байгаль, ховор нандин эд өлгийн зүйлсээр үзэгчдийн сонирхлыг цаг ямагт татахаас гадна эх оронч хүмүүжлийн бааз болгон нандигнаж, бусдад үзүүлж харуулж бай гэсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний захиас даалгавар ёсоор эх оронч хүн гэж хэнийг хэлдэг юм, олсон мөнгө хөрөнгөө зөвхөн амин хувьдаа биш улс орондоо зарцуулж байсан хүмүүний түүх хэчнээн аугаа гэдгийг таниулж, ухуулсаар үзэсгэлэн төгс оршсон хэвээр байна.

Нэрт хүмүүний амьдарч байсан сүр жавхлан бүхий дөрвөн давхар англи маягийн орон сууц өдгөө ч ширхэг ч тоос буртаггүй нямбай хэвээр оршиж, эх орончийн алдар гавьяа, үйл хэргийг үр хойчдоо таниулах ажлаа үргэлжлүүлсээр байх ажээ. “Зовж олсон мөнгө тосон мөртэй, зольж олсон мөнгө цусан замтай” гэж айхтар үг бий. Тэгвэл хятад хүмүүний эх оронч араншин, миний олсон мөнгө бусдын сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой гэсэн үзэл сургаал Хятадын муж хот бүрт зам мөрөө үлдээж, түүх бичиж үлдээснийг өмнөх газрууд хийгээд дараа дараагийн бидний үзэх газрууд ч бэлхнээ нотлох ажээ. 

“Байгаль орчныг хамгаалах нь эдийн засгийн бүтээн байгуулалтаас чухал”

Энэхүү философи Хятадын бүх муж, хотуудад бичигдээгүй хууль болон хэрэгждэг. БНХАУ дэлхий дахинд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэгч хэвээр буй. Техник технологийн үсрэнгүй хөгжлөөрөө тэд буурал тивийн орнуудыг ч ардаа үлдээсэн.

Ерөөс 1 тэрбум 400 гаруй сая хүн ам нь бүгдээрээ зэрэг хөдөлж байж л ядууралгүй, өлсгөлөнгүй амьдрах учиртай. Тиймийн учир энэ улсад хүн бүхэн хөдлөх, хөдөлмөрлөх ёстой болно.

Гэхдээ зах зээлд шилжиж, хотжиж суурин иргэншилд илүү “шуналаа” гээд тэд битүү цементэн ширэнгэ байгуулаагүйг 5000 км зам туулж, тойрон аялахдаа өдөр тутамдаа харж явав. Хотын гудамжуудад ширхэг ч хог байхгүйгээс гадна цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг тултал хийж чаджээ.

Үүний нэгэн жишээ болсон гайхамшигтай үзэсгэлэнт газраар бид хальтхан дайраад өнгөрсөн нь “Таван уулын бүсийн экологийн орчны хамгаалалтын жишиг бүс” юм. Наньтун хотод биднийг томилолттой ажиллах үед бороотой байсан учраас автомашинаар тойрч аялаад гарлаа. Таван уулын бүс нь Хөхмөрөний голын зэргэлдээ оршдог. Голын эрэг дагуу 14 км газарт байгуулсан энэхүү жишиг бүс өмнө нь боомт, оршин суугчдын хороолол, загасчдын худалдаа наймааны орчин байсан учраас орчны бохирдол, хог хаягдлын асуудал хурцаар тавигдаж байжээ. Тиймээс 2016 оноос Наньтун хотын намын хороо, Засгийн газар нь Ши даргын Хөхмөрөний эдийн засгийн бүсийн хөгжлийг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, нөхөн сэргээлтийг эрчимтэй хийж эхэлсэн байна.

Ингээд мөрний эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байсан 203 аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлж, 162 завины үйл ажиллагааг зогсоож, 65000 хавтгай дөрвөлжин талбайд байсан хууль бус барилга, байгууламжуудыг нураажээ. 12 км голын эргийг тохижуулж, нийт чөлөөлсөн талбайд нэн ховор болон содон мод, модлог ургамлыг тарьснаар 90 гаруй хувийг нь бүрэн ойжуулжээ. Энд төр, иргэний хамтын ажиллагаа туйлын чухал байсныг онцлох ёстой.

Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгж, иргэнийг зүгээр хөөгөөд явуулах бус тэд эргээд цалинтай, ажилтай бол ойжуулах, бүтээн байгуулах, тохижуулах ажилд гар бие оролцож эхэлснээр 2018 он гэхэд Ланшань үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнг байгуулж дуусчээ.

Эдийн засгийн бүтээн байгуулалтаас илүү эх болсон байгалиа онгон дагшин, цэвэр байлгах, тэр хэрээр аялал жуулчлалыг татах ёстой гэсэн Ши даргын даалгаврыг амжилттай биелүүлж, сайшаал магтаалыг харамгүй сонссон наньтуныхан нэрийн хуудсаа болгох энэхүү цэцэрлэгт хүрээлэнгээ өнөө жилийн төгсгөлд бүрэн ашиглалтад оруулж, хэдэн сая жуулчдын очих дуртай газар болгох нь дамжиггүй болжээ. Байгаль эхийг ингэж нөхөн сэргээдэг юм байна. Байгаль дэлхийг ингэж хайрладаг, хамгаалдаг юм байна. Хөхмөрөний эрэгт орших Наньтун хотыг их үдэд орхиж, бид дараагийн хот болох Чидүн рүү хөдлөв. Нар хамгийн эрт манддаг, 1000 жилийн түүхт Чидүн хотод биднийг ямар өв соёл, үүх түүх, гайхамшигт бүтээн байгуулалт хүлээж буй бол...

Үргэлжлэл бий...

Эхний хэсгийг: https://dardas.mn/news/view/29123

Хоёрдугаар хэсгийг: https://dardas.mn/news/view/29138