Цар тахлын дараа хамгийн их уналтад орсон салбар бол аялал жуулчлал. Хил гааль нь хаалттай, амьдран суугаа улс орноосоо хаашаа ч гарах аргагүй болсон хоёр жил гаруйн хугацаанд дотоодын аялал жуулчлалаа ч хөгжүүлж чадахгүйгээр уналтад орсон байдаг.
Дан ганц Монгол Улс ч биш дэлхийн дахинд энэ салбар үндсэндээ “тэг” зогсолт хийсэн гэхэд болно. 2019 онд дэлхийн улс орнууд 1.5 тэрбум жуулчин хүлээж авч байсан бол энэ тоо 2020 оны эхний хагас жилд гэхэд л 70 хувиар буурсан бол манай улсын аялал жуулчлалын салбар зөвхөн нэг жилд 1.2 их наядын алдагдалд орсон гэх тоо баримт бий.
МУИС-ийн эрдэмтэн судлаачдын гаргасан дүгнэлтээр 2021-2022 онд энэ салбар 4.1 их наядын алдагдал хүлээсэн хэмээжээ. Гурван жил хилийн хатуу хяналтад байснаас үүдэн ажилчдынхаа 70 хувийг цомхотгож, 30 орчим хувь нь хаалгаа барьсан тус салбарыг хэрхэн эргэж сэргээх, хэвийн байдалд оруулах вэ гэдэг нь Монгол Улсын Засгийн газрын “толгойн өвчин” болсон гэхэд хэтийдэхгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус салбарынхантай хоёр ч удаа уулзалт зохион байгуулсны дараа “Шинэ сэргэлтийн бодлого”-доо аялал жуулчлалын салбарын сэргэлт хэмээх тусгайлсан заалт оруулсан байдаг.
Ингээд
-Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулсан 10 тэрбумын хөнгөлөлттэй зээл
-Нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан гурван тэрбумын өр төлөх хугацааг хойшлуулах
-2023 оныг “Монголд зочлох жил” болгох
-Агаарын тээврийг либералчлах арга хэмжээг хурдасгах
-БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх зэрэг арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлэх үүрэг өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, БНСУ-ын иргэдийг 90 хоногийн хугацаанд визгүй зорчдог болгосон.
Мөн Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнийг Аялал жуулчлалын багц хуулийн төслийг нэн яаралтай Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэхийг үүрэгдэхээс гадна 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д айлчлалаар очихдоо “Welcome to Mongolia” хөтөлбөрөө албан ёсоор зарласан билээ. Монгол Улс хамгийн оргил үедээ буюу 2019 онд 577 мянган жуулчин хүлээж авч байсан гэх тоо баримт байна. Харин 2021 онд дөнгөж 38 мянган жуулчин 24 сая төгрөгийн орлого оруулж байж. Энэ нь жуулчин гэхээс илүүтэй алба, амины ажлаар уралдаан тэмцээнд оролцоод буцсан гадаад иргэдийн тоо гэхэд хэтийдэхгүй.
Харин өнөө жил “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан хамгийн багадаа 150 мянган жуулчин хүлээж авна гэсэн аялал жуулчлалын салбарынхны тооцоолол санасан хэмжээнээс хавьгүй давах боломж харагдаж эхлэв.
“Хонгилын үзүүрт гэрэл сүүмэлзэнэ” гэгчээр Гүйцэтгэх засаглалын тэргүүний БНСУ-д очиж зарласан хөтөлбөрийн үр нөлөө ч юм уу, юутай ч БНСУ-ын жуулчид энэ тоог ядах юмгүй дүүргэх нь ээ. Цар тахлын өмнөх жилүүдэд 100 мянга хол давдаг байсан тус улсын жуулчид өнөө жил бүр ч илүү олноор ирж буй сайхан мэдээ дуулдаж байна.
БНСУ-аас өдөртөө л 10 онгоц ирж буй бөгөөд хотын ойр орчмын, Хөвсгөл орчмын томоохон амралтын баазууд дүүрч, ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа аж. Үүнд Засгийн газрын хөрөнгө санхүү зарцуулсан сурталчилгаанаас гадна БНСУ-ын томоохон одууд, инфлүүсер, олон дагагчтай сошиал одууд Монгол руу цуварч буй нь томоохон нөлөө үзүүлж буй.
Нэг хэсэг солонгосын охид, залуус инстаграм хуудастаа хэний ч санаанд оромгүй газар авахуулсан гэрэл зургаа нийтлэхийн тулд Монгол руу хошуурч байсан бол өөр нэг хэсэг нь хуримын зураг авалтаа Монголын говьд хийхээр ирж байлаа. Одоо харин нөлөө бүхий олны танил одуудаа дагаад Монгол руу хошуурах нь тодорхой болов. Киноны зураг авалтууд ч Монголыг сонирхох нь ихэслээ. БНСУ-ын “А” зэрэглэлийн одуудын Монголд аялсан нэвтрүүлэг наймдугаар сарын дундуур цацагдсаны дараа ч энэ халуурал эрчимтэй нэмэгдэх учраас найм, есдүгээр сарын ачаалалд Монголын тур компани, аялал жуулчлалын баазууд бэлэн байж, ядахдаа л боловсон нойл, чанартай хоол хүнсний асуудалдаа анхаарах ёстой болох нь ээ.
Мөн хэдхэн өдрийн өмнө Монгол Улсад газардаж, олны анхаарлыг татаж буй “Plus size” модель бүсгүйчүүдийн аялал, зураг авалт ч маш том сурталчилгаа болох нь тодорхой болов. Тик ток хуудаснаа хоёр сая, инстаграмдаа хагас сая дагагчтай эдгээр бүсгүйчүүд маш том сурталчилгааг бараг л үнэгүй хийгээд өгчихлөө гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй ээ. Тэд дахиад ч Монголд ирэх хүсэлтэй байгаагаа, өвлийн далай үзэх хүсэл сонирхолтой буйгаа, эх орондоо очоод уулзсан хүн бүхэндээ Монгол руу аялж үзээрэй хэмээн уриална гэдгээ "Eguur.mn" сайтад өгсөн ярилцлагадаа дуулгасан байна билээ.
Монголын Засгийн газар зөв цагтаа, зөв газраа сурталчилгаа хийж, “Welcome to Mongolia”-г зарласны үр дүнд төд удахгүй бид 400 сая жуулчин хүлээж аваад сууж байх эсэх нь цаг хугацааны асуудал болов. Төр аялал жуулчлалын салбараа хөл дээр нь босгохын тулд чамгүй хичээж, визийн нөхцлөө хөнгөлж, хөтөлбөрүүдээ ч амжилттай хэрэгжүүлж байна.
Харин энэ бүхний төгсгөлд гадны жуулчид хэдэн мянгаараа ирэхэд газар ухсан, өт дүүрсэн жорлонтой, уранхай цоорхой, хир даг болсон гэр, байшинтай сууж байвал энэ том хөтөлбөрт тэгж их мөнгө зарцуулж, олон улсад зарласны хэрэг гарахгүй. Тиймээс аялал жуулчлалын салбарт хөл тавьсан, гар дүрсэн хэнбугай ч өөрийнхөө цаашлаад улсынхаа нэр сүрийг бодож, стандартаа яг таг мөрдөх нь юу юунаас чухал болоод байна.
Үнээ нэмэх шаардлагатай бол нэмээд үйлчилгээгээ ч сайжруулах нь зүй ёсны шаардлага болох билээ. Дан ганц БНСУ ч бус дэлхийн одууд ч мэр сэр ирээд, Монголын говиор, Алтай таван богд, Хөвсгөлийн тайгаар аялаад буцдаг боллоо. Тэр бүх хүмүүс та бүхний сурталчилгааг үнэгүй хийж буй хэрэг. Дэлхийн олон сувгаар өөрсдийнхөө эвдэрхий жорлонг харуулахыг хүсээгүй л бол хүссэн ч эс хүссэн ч стандарт бас дахин стандартаа мөрдөх нь та бүхний хийх ажил болов.
Мөн тур компаниуд ч зорчигчдынхоо аюулгүй тав тухтай байдлыг хангах унаа, тээврийн хэрэгсэл, хөтөч бэлтгэсэн эсэхээ эргэж нэг анхаарахад гэмгүй болов. Зуны аялал эхэлснээс хойш хоёр ч удаа жуулчин тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл осол гаргасан нь тоохгүй өнгөрөх сэдэв биш билээ. Эргээд улс орны нэр хүнд, аялалын бусад компаний асуудал яригдах учраас дор бүрнээ бэлтгэлээ бүрэн хангасан уу гэдгээ дахиад нэг эргэж харах, салбарын сайд нь дахин нэг эргэж, тойрч уулзаж, салбарынхантайгаа хуралдахад гэмгүй санагдана.
Товчхондоо, Монголын төр хийх ёстой ажлаа хийлээ. Сурталчилгааг нь хийж өглөө, визийн хөнгөлөлт үзүүллээ, салбарт дэмжлэг болохуйц том ажлуудыг эхлүүллээ. Татварын буцаан олголтын асуудал ч яригдаж буй. Одоо харин аялал жуулчлалын салбарынхан маань өөрсдөөс шалтгаалах асуудлаа зохицуулж, хэл амгүйхэн, хэрүүл маргаангүйхэн жуулчдаа үдэж, угтаж гэмээнэ өнгөрсөн гурван жилийн алдагдал, хямралаа торох юмгүй нөхөх боломж бидэнд гараад ирлээ шүү.