ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Гомбо: Нийгмийг цочроосон гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд бага насандаа сэтгэлзүйн гэмтэл авсан байдаг

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-13

Сүүлийн үед нийгмийг цочроосон олон гэмт хэрэг гарч, тэр хэрээр нийгмийн сэтгэлзүй ч даган өөрчлөгдөж буй талаар олон нийт ярьж буй. Тэгвэл бид нийгмийн сэтгэлзүйн гэмтэл болон гэмт хэрэгтнүүдийн сэтгэцийн асуудал зэрэг өргөн сэдвийн хүрээнд Сэтгэл засалч эмч Б.Гомботой ярилцлаа.

-Нийгмийг цочроосон, эрүүл хүний санаанд багтамгүй харгис хэрцгий гэмт хэрэг гарах нь ихэссэн талаар олон нийт ярьж байна. Энэ нь өөрөө нийгмийн, монголчуудын сэтгэлзүйн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой байна уу. Нийгэм яагаад ийм харгис болчихов оо. Энэ талаар ярилцлагаа эхлэе?

-Энэ сэдвийг ярихын өмнө эхлээд ямар хүнийг сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж үзэх вэ гэдгийг ярих ёстой байх. Бие махбодийн өвчин зовуурьгүй, байгаа орчиндоо дасан зохицох чадвартай, өөрийгөө бүрэн илэрхийлэх чадамжтай хүнийг сэтгэцийн хувьд эрүүл гэж үздэг. Эрүүл хүнийг эрүүл бус байдалд хүргэх хүчин зүйлүүд байдаг. Тэр нь юу вэ гэвэл нийгэм, гэр бүл, хүрээлэн буй орчин . Эдгээр орчин ямар байхаас шалтгаалж тухайн хүний сэтгэлзүй өөрчлөгдөж байдаг. Хүн төрсөн цагаасаа эхлээд үхэх хүртлээ сэтгэлзүйн онцлог нь тодорхойлогддог.

Хүүхэд байхаасаа насанд хүртлээ ямар орчин нөхцөл, гэр бүлийн ямар хандлагад байснаас хамаарч тухайн хүн сэтгэцийн хувьд асуудалтай эсвэл сэтгэцийн хувьд эрүүл нэгэн болж төлөвших үү гэдэг нь шийдэгддэг гэсэн үг. Одоо үед нийгмийн асуудал, ядуурал, өрхийн санхүүгийн асуудлаас үүдэн эцэг эхчүүд завгүй ажиллах, үр хүүхдэдээ цаг зав гаргахгүй, стресс бухимдлаа гэр бүлийн орчинд гаргасны улмаас хүүхдийн хайрлагдах хэрэгцээ хангагдаж чадахгүй, хүүхэд үл хайхрагдсан мэдрэмжийг авч байна. Мөн тухайн гэр бүлийн орчинд үйлдэгдэж буй хүчирхийлэл хүүхдийн сэтгэлзүйд гэмтэл үүсгэх гол хүчин зүйл юм. Энэ мэтээр хүүхэд амьдралынхаа туршид харж сонссон мэдэрсэн бүхнээсээ сэтгэлзүйн гэмтэл авч, хожим сэтгэцийн тулгамдсан асуудалтай болох ба энэ нь хорт зуршилтай болох, гаж зүйлд донтох, гэмт хэрэг үйлдэх гэх мэтээр буруу шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлж байна. Тэгэхээр өнөөгийн байдлыг нийгэм солигдоход үүссэн гажуудал гэж үзэх боломжтой.

-1990 оноос өмнө ч Монголд гэмт хэрэг гарч байсан шүү дээ?

-Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш илүүтэй одоогийн нөхцөл байдал үүсэх нөхцөл нь бүрдсэн хэрэг. Тухайн үед бүх л хүн амьдралын чанараа дээшлүүлэхийн тулд наймаа хийж завгүй хөдөлмөрлөх гэх мэтээр ажиллахдаа үр хүүхдээ орхигдуулсан. Тэр үед хараа хяналтгүй, үл хайхрагдсан мэдрэмж авч байсан хүүхдүүд одоо бүгд сэтгэлзүйн ямар нэг гэмтэлтэй иргэд болж өссөн байгаа. Ил гаргах, гаргахгүй, түүнийгээ залж залуурдаж чадах эсэх нь ухамсарын ойлголт юм.

-Нийгмийг цочроосон, хүний санаанд оромгүй аймшигтай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ихэвчлэн бага насандаа сэтгэлзүйн гэмтэл авсан байдаг гэж ойлгож болох уу?

-Хүүхэд бол эцэг эхийн толь. Монголчууд “Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш” гэж ярьдаг. Энэ хамгийн худлаа үг. Биеийг, ухааныг нь ч бид төрүүлдэг. Хүн ямар орчин нөхцөлд өснө, түүнийгээ хүссэн хүсээгүй даган дуурайж амьдардаг. Нийгмийг цочроосон гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдтэй ярилцаж байхад ихэвчлэн бага насандаа хүчирхийлэлд өртөж байсан хүмүүс байх жишээний. Эцэг, эхдээ зодуулдаг, хайр халамж мэдэрч үзээгүй, гадуурхалтад өртдөг байсан, үл хайхрагдсан мэдрэмж байнга авч байсан зэрэг нь тухайн хүнийг нийгмээс тусгаарлачихдаг. Тухайлбал, архи уудаг аавтай хүүхэд байлаа гэж бодъё.

Хэзээ ч аав шигээ архи уухгүй гэж ярих боловч, насанд хүрээд нийгмийн харилцаанд оролцох үедээ архи уусан л бол аавынхаа үйлдлийг хүссэн хүсээгүй гаргаж байдаг. Түүнийгээ өөрөө анзаардаггүй. Сэтгэлзүйн гэмтэл хүний үл ухамсарлахуйд хадгалагдсан байдаг. Тийм учраас хүний санаанд оромгүй хэрцгий гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүд бага насандаа сэтгэлзүйн хувьд асар их хүчирхийлэлд өртсөн хүмүүс байдаг юм. Ямар нэг асуудал тулгарлаа гэхэд шийдэх гаргалгаа нь хэдий өөрөө хүсээгүй ч хүчирхийлэл үйлдэх байхгүй юу. Сэтгэлзүйн хувьд эрүүл байсан бол гаргалгаа нь арай өөр байх байсан.

-Гэмт хэрэгтнүүдтэй ярилцаж байхад хийсэн үйлдлээ юу гэж тайлбарладаг вэ? Тэр үйлдэлдээ гэмшдэг үү?

-Гэмт хэрэг үйлдээд хоригдож байгаа хүмүүсийн хувьд тухайн хэргийн процесс, ялын байдлаас хамаарч сэтгэлзүйн хувьд тогтворгүй, хөнгөн хүнд зэргийн гутралд орох тал байдаг. Мэдээж хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа талаараа ярьдаг. Гэхдээ энэ нь үнэн сэтгэлийнх үү, өөрийгөө хамгаалах механизмын хүрээнд хэлж байна уу гэдгийг ялгах шаардлага гардаг.

-Хэдий хэр хугацааны дараа сэтгэлзүйн гэмтлийг нь эмчлэх боломжтой вэ. Эмчлэгдэх боломжтой юу?

-Тухайн хүний сэтгэлзүйн гэмтэл хэр байгаагаас шалтгаална. Сэтгэл санааны гэмтэл юунаас болж үүссэн, зан үйлийн эмгэгийг хэрхэн засах талаар зайлшгүй сэтгэл засал эмчилгээ хийгдэх шаардлагатай. Мөн зан үйлийн эмгэгийг засахын тулд нийгэм сэтгэлзүйд суурилсан зан үйлийн сургалтуудыг явуулах шаардлага үүсдэг.  Эмчилгээг хэрхэн үр дүнтэй хийснээс хамаарч эдгэрэх боломжтой.

-Нийгэмд аймшигтай хэрэг гарлаа гэхэд бид нийтээрээ бухимддаг, гэмт хэрэгтнийг хараадаг, үзэн яддаг. Цаазлахыг шаарддаг. Нэг талдаа гэмт хэрэгтнийг жигшиж байгаа атлаа нөгөө талдаа бид ч мөн хүчирхийллээр асуудлыг шийдвэрлэхийг хүсээд байдаг. Ингэхээр бид өөрсдөө тэр араатныг бүтээгчид юм биш үү?

-Одооны нийгэмд байгаа дунд үеийнхэн, бидний насныхан бүгд сэтгэцийн тулгамдсан асуудалтай, дутуугийн комплекстой хүмүүс гэж би сая дурдсан. Хүн бүтээж байж нийгэм өнөөдрийнхөөс илүү сайхан болно. Бидний үе өнгөрсөн байж болно. Тэгвэл одоо хүүхдээ зөв хүн болгож өсгөж хүмүүжүүлж, хэрэгцээт хайр халамж, мэдрэмжийг өгөхөд анхаарч чадвал ирээдүйд нийгэм илүү эрүүл болох боломжтой. Хүн бүр сэтгэцийн эрүүл мэндийн боловсролтой болж, үр хүүхдээ эрүүл сэтгэлзүйтэй хүн болгон төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Миний хувьд энэ асуудалд төр засгаас ч анхаарч, тодорхой бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсдэг.

-Бага насандаа хайрлагдаагүй байж болно. Тэглээ гээд яагаад хайрлам, энхрий, биеэ хамгаалах ч чадваргүй хүүхдүүдийг хохироогоод байгаа юм бэ. Үүнийг огт ойлгодоггүй?

-Тэр бол сэтгэцийн хувьд асуудалтай болсон хүн. Сэтгэцийн хувьд асуудалтай болсон хүн аливаа зүйлд ухамсарт ухаанаар хандаж чадахгүй байна гэсэн үг. Адгуус болчихсон гээд л ойлгочиход гэмгүй.

-Гэмт хэргийн тухай мэдээлэл гарснаар гэмт хэрэгтнүүдэд сэдэл өгөх боломжтой юу. Гэмт хэргийн ялангуяа хүчингийн хэргийн тухай мэдээлэхэд энэ төрлийн гэмт хэрэг гарах нь ихэсдэг тухай уншиж байсан юм байна?

-Боломжтой. Хүүхэд насанд нь хэн нэгэн гаж байдлаар оролддог байсан, эсвэл зүй бус үйлдлийг харж сонссон, хүчирхийлүүлж байсан гэмтэл нь тухайн хүнийг гаж дон руу хөтлөгдөх үндсийг тавьж байгаа  гэсэн үг. Нэгэнт ийм ухамсарт шийдвэр гаргах чадваргүй болсон хүн гэмт хэргийн мэдээлэл авснаар сэдэл авах боломжтой.

-Хүүхэд насны дурсамжаа ихэнхийг нь мартсан байх нь бий. Хүүхэд юм чинь мартчихна шүү дээ гэх хандлагыг ч эцэг эхчүүд ихэвчлэн гаргадаг?

-Хүнд үл ухамсарлахуй болон ухамсарт ухаан гэж бий. Сэтгэлзүйч, сэтгэцийн эмч нар, судлаачид хүний сэтгэлзүйг мөсөн уулаар төлөөлүүлэн тайлбарладаг шүү дээ. Мөсөн уулын орой нь хүний ухамсарт ухаан буюу хүсэл зориг, мэдлэгийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа юм. Усны дор байгаа мөсөн уул хэр хэмжээтэйг хэн ч мэдэхгүй. Тэр хэсгийг үл ухамсарлахуй гэнэ. Нэг үгээр хүний сөрөг мэдрэмжүүдийг хадгалдаг хэсэг гээд ойлгоход болно. Амьдралын туршид харсан сонссон, нэг удаа ч гэсэн мэдэрсэн мэдрэмжүүд тэр хэсэгт хадгалагдаж байдаг.

-Монголчуудын үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ зарим талаар хүчирхийллийн арга хэлбэрийг сонгодог. Даруулга хэрэгтэй ч гэх юм уу. Энэ нь сэтгэцийн гэмтэл үүсгэх үү?

-Тухайн нийгэмдээ зодож, занчаад хүмүүжүүлж болдог байсан, эсвэл хүмүүжлийн ийм арга тохирсон байж магадгүй. Одоогийн нийгэмд хүчирхийллээр хүмүүжүүлэх ямар ч боломжгүй. СЭМҮТ-ээс ч гэсэн монголчуудын 90 гаруй хувь нь сэтгэцийн эрүүл мэндэдээ анхаарах шаардлагатай байна гэж мэдээлснийг харсан байх. Магадгүй 20, 30 жилийн дараа нийгмийг илүү эрүүл болгохын тулд одоо арга хэмжээ авахгүй бол байдал өнөөгийнхөөс ч дордох магадлалтай. Хамгийн түрүүнд эцэг эхчүүд, насанд хүрэгчид өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүр мэддэг болмоор байна.

-Нийгмийн сүлжээний хэрэглээ бидний сэтгэлзүйд нөлөөлж байх боломжтой юу?

-Боломжтой. Бид цахим эрин зуунд амьдарч байна. Хүссэн мэдээллээ хаанаас ч олоод  мэдчих боломжтой болсон. Тэр хэрээр ямарч шүүлтүүргүйгээр мэдээллийг хүлээж авсантай холбоотойгоор сэтгэлзүйд нөлөөлж байдаг. Мөн хүн өөрөө нийгмийн амьтан. Хоорондоо харилцаж байж сэтгэлзүйн хэрэгцээгээ олж авдаг. Гэтэл амьд харилцаа багассанаар тэр хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч байна гэсэн үг. Өмнө хэлсэнчлэн, сэтгэлзүйн хувьд асуудалтай, дутуугийн комплекстой хүмүүс цахим орчинд шүүлтүүргүй мэдээлэл  түгээх, авах, өөрийн асуудлыг биш бусдыг асуудлыг дэвэргэх, мөн донтолтын нэг хэлбэр болох  цахим хэрэглээний донтолтод өртөх гэх мэтчилэн олон сөрөг дагаварыг бий болгож байна.