Сүрьеэ өвчин манай улсын тулгамдсан асуудлын нэг болоод байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байгаа. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар “ Илрүүл, Эмчил, Сэргийл” зорилтот төслийг хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд нэн шаардлагатай байгаа эрт илрүүлгийн дүрслэл оношлогооны зөөврийн төхөөрөмжийг даваа гарагт Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө. 160 сая төгрөгийн өртөгтэй тус төхөөрөмжийг Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгөөр БНСУ-ын “Sitec Medical” компаниас худалдан авчээ. Эрт илрүүлгийн төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үеэр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвар судлаач, төслийн менежер Б.Гэрэлмаатай ярилцлаа.
-Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Манай улс сүрьеэгийн өвчлөлөөр тэргүүлэгч орнуудын нэг гэсэн. Энэ төхөөрөмж хүчин чадлын хувьд ямар вэ. Хүрэлцээ хэр байх бол?
-Хүрэлцээг хангахтай зэрэгцэн цацрагийн аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй. Төхөөрөмжийн хувьд өдөрт 100-150 хүнийг оношлох хязгаартай байдаг. Оношлогооны төхөөрөмжөө дагаад цацрагийн аюулгүй байдлыг хангах хэрэгслүүд нь ирж байгаа. Эмч, ажилчдын хормогч, бамбайн хамгаалалт, нүдний шил зэрэг хамгаалах хэрэгслүүдийг хэрэглэхээс гадна туяа цацаж байгаа хэсэгт тусгай хөшиг байршуулж байж шинжилгээг хийх ёстой.
-Эрт оношлогооны ийм төхөөрөмж бусад эмнэлгүүдэд байгаа юу. Анх удаа оруулж ирж байна уу?
-Анх НЭМГ-т нэг ширхэг орж ирсэн. Тэр аппаратыг дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд ээлжилж хэрэглэж байна. Олон дүүргүүд байгаа учраас хүрэлцээний хувьд мэдээж хангалтгүй. Багахангай, Багануур зэрэг дүүргүүдэд хүрэлцдэггүй. Зөөврийн төхөөрөмжөө аваад явахад дор хаяж 10 хоног шаардлагатай байдаг учраас дараагийн үйл ажиллагаанд хүлээлт үүсдэг. Харин дүүргийн эрүүл мэндийн төвөөс, ямар нэг төслийн санхүүжилтээр бус дүүргийн ЗДТГ-аас санхүүжилт хийгээд авч байгаа анхны төхөөрөмж юм.
-Манайх сүрьеэгийн өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг гэлээ. Мэргэжлийн хүний хувьд үүний шалтгааныг юу гэж үзэж байна вэ?
-Манай улс сүрьеэгийн өвчлөлөөр тэргүүлдэг дэлхийн долоон орны нэг. Монгол Улсын нийт сүрьеэгээр өвчлөгсдийн 60 гаруй хувь нь Улаанбаатарт байна. Хамгийн гол нь нийт өвчлөгсдийн 90 орчим хувь нь ид хөдөлмөрийн насны буюу 20-40 насны иргэд байгаа юм. Хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт бага насны хүүхэд, сурагч, оюутнууд хамаарч байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улсын хөдөлмөрийн насны иргэд сүрьеэгээр өвдөх эрсдэл өндөр байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.
-Энэхүү эрт илрүүлгийн төхөөрөмж сүрьеэ өвчний халдвар авсныг илрүүлэх юм уу эсвэл сүрьеэгээр өвчилсөн эсэхийг илрүүлэх үү?
-Энэ аппарат зөвхөн цээжний зураг авах, рентген дижитал төхөөрөмж юм. Дижиталаар уушгины өөрчлөлтийг илрүүлнэ гэсэн үг.
-Уушгины өөрчлөлт гэдэг нь өвчилсөн гэсэн үг үү?
-Тийм ээ, сүрьеэ өвчнөөр өвчилсөн байгаа гэсэн үг. Гэхдээ зөвхөн ганц цээжний зургаар илрүүлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашлаад цэрний гэх мэт олон шинжилгээ өгч онош нь баталгаажина. Тиймээс энэхүү эрт илрүүлгийн төхөөрөмжөөр үзээд, уушгины өөрчлөлттэй байвал лабораторийн шинжилгээнд явуулж, нарийн тодорхой оношийг гаргуулна. Сүрьеэгийн хамгийн анхны хийгдэх шинжилгээ бол энэхүү рентген төхөөрөмжийн оношлогоо юм.
-Сүрьегээр өвчилсөн үү гэдгийг шууд оношлох боломжгүй, зөвхөн өөрчлөлттэй эсэхийг нь хардаг гэж ойлголоо. Тэгэхээр эмнэлгүүдэд байгаа рентген оношлогооны аппаратаас юугаараа давуу талтай юм бэ?
-Хамгийн гол нь зөөврийн төхөөрөмж, авч явахад авсаархан гэдгээрээ онцлог. Иргэд өөрсдийн биеэр эмнэлэгт ирж, урьдчилсан үзлэгт орно гэдэг нэг ёсны бүтэшгүй зүйл байсан. Сайн дураар ирээд, цээжний зураг авахуулаад явах хүн цөөн байдаг. Тиймээс сүрьеэгийн өвчлөл, илрүүлэлт учир дутагдалтай болж, өвчлөл, халдвар тараалт далд хэлбэрээр газар авч байгаа юм. Зөөврийн төхөөрөмжтэй болсноор дүүргүүдээр авч яваад, шаардлагатай бол өрхүүдээр яваад шинжилгээнд хамруулах боломжтой.
-Эрт илрүүлгийн шинжилгээнд орсноор мэдээж өвчлөлийн тоонд өөрчлөлт гарах байх, тийм үү?
-Манай дүүргийн нутаг дэвсгэрт албан бусаар 170 гаруй мянган хүн амьдарч байна. Эдгээр иргэдэд үзлэгийн эрэмбэ тогтоогоод, илрүүлэг шинжилгээг хийгээд явна. Тиймээс урьдчилан сэргийлж, халдвар тараахаас сэргийлж чадна гэсэн үг.
-Сүрьеэ халдвар тараах маш өндөр эрсдэлтэй өвчин гэсэн. Халдварын талаар мэдээлэл өгөөч?
-Сүрьеэ бүхэн халдвар тараадаг гэж ойлгож болохгүй. Дотроо уушгины, уушгины бус гэж хоёр янз байна. Уушгины бус сүрьеэ нь арьсны, ясны, булчирхайн, бөөрний гэх мэт олон төрлийн хэлбэртэй байдаг. Уушгины бус сүрьеэ халдвар тараах магадлал маш бага. Харин уушгины сүрьеэ идэвхитэй байна уу, идэвхигүй хэлбэр үү гэдгээсээ шалтгаалаад халдвар тараадаг. Уушгины идэвхитэй хэлбэрийн сүрьеэ халдвар тараах эрсдэл маш өндөртэй. Өөрөөр хэлбэл, түрхэцийн шинжилгээ нь эерэг гарч байгаа бол халдварын өндөр эрсдэлтэй гэсэн үг. Ийм хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн нэг иргэн ойролцоогоор 10-15 хүнд халдвар тараадаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс сүрьеэгээр өвчилсөн хүн бүр халдвар тараадаг гэсэн үг биш юм.
-Сүрьеэ гэхээр л уушгины өвчин гэж ойлгож болохгүй нь байна шүү дээ?
-Яг үнэн. Сүрьеэгээр өвдсөн иргэд нийгэмд гадуурхагдах явдал байдаг. Энэ нь өвчтөний сэтгэл санааны болон эмчилгээний хувьд маш сөрөг нөлөөтэй. Тиймээс бид энэ өвчний талаар зөв ойлголттой байх нь чухал.
-Эмчилгээний хувьд хэр үр дүнтэй байдаг вэ?
-Эмчилгээ маш сайн авдаг өвчин. Дотроо эмэнд мэдрэг болон олон эмэнд дасалтай гэж хоёр янз байна. Мэдрэг сүрьеэ нь маш сайн эмчилгээ авч, 100 хувь эдгэрдэг. Эмчилгээг тасалснаас үүдэн эмэнд дасалтай хэлбэрт шилждэг. Энэ нь эмчлэхэд илүү төвөгтэй болж, эмчилгээний үр дүн буурдаг. Мэдрэг сүрьеэ нь зургаан сарын дотор бүрэн эмчлэгддэг бол эмэнд дасалтай хэлбэр нь цаг хугацаа их шаардагдана гэсэн үг.
-Эрт илрүүлгийн оношлогоонд иргэдийг бүрэн хамруулна гэлээ. Ямар зохион байгуулалтаар оношлогоонд хамруулах вэ. Иргэдэд зар тараах уу?
-Дүүргийн Эрүүл мэндийн төвд “Сүрьеэгийн диспансер” гэж байдаг. Бид тэнд эмчилгээнд хамрагдаад явж байгаа иргэдэд тулгуурлан судалгаа хийдэг. Эндээс хэдэн насны, ямар мэргэжлийн хүмүүс ихэвчлэн өвдөөд байна вэ гэсэн ерөнхий дүн гарна. Үүн дээрээ тулгуурлаад өвчлөл өндөр байгаа эрсдэлт бүлгийнхнийг эхний ээлжинд хамруулдаг. Эрсдлийн эрэмбийн дагуу шинжилгээнд хамруулна.
-Халдвар авснаа мэдэх энгийн арга байдаг уу. Ямар нэг шинж тэмдэг илрэх ч юм уу?
-0-15 насны хүүхдүүдийн хувьд сорил тавьдаг. Тэр сорил өндөр гарсан тохиолдолд халдвар авсан гэсэн үг. Ингээд урьдчилсан сэргийлэх эмчилгээ хийх үү эсвэл өвчилсөн байна уу гэдгийг тогтоох нарийн шинжилгээнд хамруулна. Халдвар авсан тохиолдолд сэргийлэх эмчилгээг хийнэ. Харин өвчилсөн бол сүрьеэгийн эмчилгээг хийж эхэлнэ. Тэгэхээр халдвар авсан хүн, өвчилсөн хүн гэдэг хоёр өөр ойлголт. Халдвар авсан хүн бүр өвчилдөггүй. Тухайн хүний дархлаанаас шалтгаална. Халдвар авсан ч насан туршдаа өвдөхгүй явах тохиолдол бий. Эсвэл хэдэн жилийн дараа дархлаа нь буурсан үед ч өвчилж болно.