АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж буй Япон Монголын Сургалтын эмнэлгийн төслийн барилгын ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийг барих шийдвэр гарсан. Ингээд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар эмнэлэг баригдаж байна.
76 жилийн түүхэн ололт амжилт, уламжлалдаа тулгуурлан "Анагаах ухааны ололт амжилтыг нэвтрүүлсэн Үндэсний шилдэг төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа эмнэлэгтэй болох” АШУҮИС-ийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болсон энэхүү Монгол-Япон сургалтын эмнэлэгт тус сургуулийн эрдэмтэн багш нараас бүрдсэн 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэс засал, дотор, зүрх судас, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламжийг нарийн мэргэжлийн бүхий л чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна.
Тус эмнэлэг нь жилдээ амбулаторийн үзлэгийг 180 мянган хүнд хийх хүчин чадалтай. Мөн 4300 хүнийг хэвтүүлэн эмчлэх, 2060 хүнд мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллуулах, 9000 гаруй хүнд СТ, MRI, Angiography-ийн оношилгоо, эмчилгээ хийх боломжтой.
Одоогоор Монгол-Япон сургалтын эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 149 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь төслийн санхүүжилтээр Япон улсаас нийлүүлэгдээд байна” хэмээн ярилаа.
Энэхүү эмнэлгийг 2019 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан. Гэхдээ хоёр тал хугацааг наашлуулах тал дээр ярилцаж, шинэчилсэн ажлын төлөвлөгөө гаргасан байна. Ингээд 2018 оны наймдугаар сараас эхлэн Жайка болон төслийн зөвлөх үйлчилгээний компани болох Ямашита Сэккей ХК-тэй нийт 4 удаагийн уулзалт хэлэлцээрийг хийж, хүчин зүтгэл гаргасны үр дүнд барилгын ажлын гүйцэтгэлийн шинэчилсэн төлөвлөгөөг гаргажээ. Ингэснээр эмнэлгийн барилгын ашиглалтад орох хугацааг наашлуулахаар тохиролцон, 2019 оны эхний улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр болсон байна.
Гэхдээ цаг агаарын байдал, захиалсан барилгын материал цаг хугацаандаа нийлүүлэгдэх зэрэг шалтгаанаас болоод барилгын ажил хойшлох магадлалтай. Гэвч барилгын ажлыг цаг хугацаанд нь ашиглалтад өгөх бүхий л бололцоог тоооцож байгаа гэдгийг тэрбээр мэдээллийнхээ үеэр хэлсэн юм.