ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Профессор МАЦҮДА КОИЧИ-д Монгол Улсын ШУА-ийн гадаад гишүүний үнэмлэхийг гардууллаа

O.Admin
2024-08-21

ШУА-ийн гадаад гишүүнээр 2022 онд сонгогдсон Японы Осакагийн олон улс судлалын сургуулийн хүндэт профессор доктор Мацүда Коичид   үнэмлэх гардуулах ёслол өнөөдөр  ШУА-ийн төд байранд боллоо. Үнэмлэхийг Монгол Улсын ШУА-ийн  Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч  академич Б.Авид гардуулав. Ёслолын арга хэмжээнд ШУА-ийн удирдлагууд болон Япон Улсын Элчин Сайдын Яамны төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын ШУА-ийн Зүүн Хойд Ази судлалын Төвийн хүндэт доктор, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хүндэт доктор Мацүдо Коичи  Монгол Улсын ШУА-ийн 45 дахь гадаад эрдэмтэн төдийгүй Япон улсаас сонгогдож буй хоёр дахь хүн болж  байгаа аж.

Доктор Мацүдо Коичи  нь Манай улсын Шинжлэх Ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Монголын эзэнт гүрний түүх археологийн чиглэлээр олон арван ном, өгүүлэл илтгэл нийтлүүлсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм. Тухайлбал, 1994 оноос  өнөөг хүртэл Японы судлаачдыг ахлан профессор А.Очир болон бусад судлаачдын хамт  “Бичээс” төслийг эхлүүлж, Монголын эзэнт гүрний үеийн бичээс, дурсгалт газрын талаар судалгааг хийж, Хар хорум хотын тууриас  олдсон  Гэрэлт хөшөөний  бичээсийн талаар судалгааны тайлан нийтлүүлж, олон арван илтгэл хэлэлцүүлсэн байдаг.

Мөн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт  орших  Халзан ширэгийн дурсгалт газарт  Чингэс хааны зарлигаар  байгуулагдсан  Чингай балгасын туурь  хийгээд  цэргийн тариалангийн газрыг  судалж, тус балгасны гол хэсэг болох бурханы хөл гарын хэсгийг илрүүлсэн гэх мэт олон арван судалгаа шинжилгээг монголын эрдэмтэдтэй хамтран бүтээснийг  тус академийн дэд Ерөнхийлөгч Ц.Цэрэндорж ёслолын үеэр онцлов.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ивээл дор  зохион  байгуулагдсан  Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн  ойд зориулсан  Монголч эрдэмтдийн хуралд үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн байна.

Харин МУ-ын ШУА-ийн гадаад гишүүн, профессор Мацүдо Коичи эрдэм шинжилгээний салбарт амьдралынхаа 50 жилийн туршид Монгол судлалаар хийсэн бүтээснийг нь үнэлж,  гадаад гишүүнээр сонгосон Монгол Улсын ШУА болон түүний удирдлагуудад  талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид хоёр орны залуу эрдэмтдийг энэ салбарт бэлтгэх, харилцан хамтарч ажиллах, туршлага хуваалцахад өөрийн хувь нэмрээ оруулах болно гэдгээ илэрхийллээ.