ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад туссан онцлох заалтуудыг танилцууллаа. Тодруулбал, есдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх хуулийн онцлох заалтуудыг танилцуулвал,
-Эрүүл мэндийн байгууллага эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээг гэр бүлийн хүчирхийллийн болон гэмт хэргийн хохирогч хүүхдэд харьяалал, дараалал харгалзахгүйгээр шууд үзүүлнэ.
-Соёл, спортын үйл ажиллагаан дахь хүүхэд хамгааллын бодлогыг соёлын болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, уг бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулах арга хэмжээг авна.
-Төрийн байгууллага, албан тушаалтан гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээг хязгаарлах, зогсоох шийдвэр гаргахыг хориглоно.
-29.1.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд долоон нас хүрсэн хүүхдийн үг хэлэх, саналаа илэрхийлэх эрхийг заавал хангана.
-Хүүхдээс тайлбар, мэдүүлэг, санал авах, хүүхдийн биед үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг хүүхдийн нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон тусгай өрөөнд гүйцэтгэх бөгөөд уг ажиллагааг хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг байлцуулахгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.
-Эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, прокурор, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээдийн болон хүүхэд 14 нас хүрсэн бол түүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдэгдэхийг хориглоно.
-Хуулийн этгээд нь өөрийн цалингийн нийт сангийн 1- ээс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг жил бүр хүүхэд хамгааллын бодлого, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтад тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх, хүүхдэд ээлтэй, таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулахад зарцуулна.