Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга болсноосоо хойш ямар шинэчлэлийг хийж, хэрэгжүүлж байна вэ?
-Би энэ оны гуравдугаар сарын 18-нд эмнэлгийн даргын ажлаа авсан. Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад жинхлэх шалгалтаа өгчихсөн. Удахгүй шийдвэр гарах байх. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн үйлчилгээ, чанарыг сайжруулахын төлөө хамт олонтойгоо хамтраад багагүй ажил хийсэн. Би өмнө нь ярилцлага өгөхдөө орон тоо хүрэлцээгүй гэдгээс авахуулаад чамгүй л зүйл ярьсан. Одоо дахиж яриад яахав. Бид боломж бололцоогоо дайчлаад, байгаа нөөцөндөө тааруулж ажиллахын төлөө хичээж байна. Иргэдийн зүгээс эмнэлгийн үйлчилгээ, эмчийн болон ажиллагсдын ёс зүй муу. Эмнэлэгт цахим үйлчилгээ нэвтэрснээр хүндрэл чирэгдэл их гардаг боллоо гэсэн шүүмжлэлүүд ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулахын тулд чанарын тогтолцоог сайн болгох ёстой юм байна гээд, ажлаа эхэлсэн. Энэ ажлын хүрээнд ISO9012015 гэдэг шинэ стандартыг нэвтрүүлэхээр зорьж байна. “Чанарын менежментийн тогтолцоог шинэчлэх, сайжруулах” стандарт юм. Энэ стандартыг Говьсүмбэр аймгийн хэмжээнд анх нэвтрүүлэхээр ажиллаж байна. Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоотой хамтарч ажилласан.
Энэ холбооны тэргүүн н.Хангай гэдэг хүнтэй уулзаж, ISO нэвтрүүлэх боломж манай эмнэлэгт байна уу гэдгийг үзүүлж, зөрүүгийн шалгалтыг хийлгэсэн. Зөрүүгийн шалгалт гэдэг нь ISO стандартыг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт нэвтрүүлэх боломж байна уу. Хэр зөрүүтэй байна гэдгийг шалгана гэсэн үг. Манай эмнэлэг 2017 онд магадлан итгэмжлэлийн шалгалтад ороод, дөрвөн жилээр эрхээ авсан. Магадлан итгэмжлэлтэй ISO стандарт дөхөж очиж байгаа. Тиймээс манай эмнэлэг ердөө 20 хувийн зөрүүтэй гарсан. 80 хувь нь ISO стандартад нийцэж байсан. Шалгасан хүмүүс маань ISO стандарт нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс энэ оны дөрөвдүгээр сард Германы ахмад мэргэжилтнүүдийн холбоотой холбогдож, ISO нэвтрүүлэх зөвлөхийг урьж ажиллуулсан. Сая есдүгээр сарын 22-оос аравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл Германы Штутгарт хотын төв эмнэлгийн мэргэжилтэн Соня Шмидт ирж ажилласан. Эмнэлэгт ISO нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагааг хийлээ, бид. Бүх ажилчиддаа сургалт явууллаа. ISO стандартыг нэвтрүүлэхийн тулд ажилтнаас эхлээд сувилагч, эмч, эмнэлгийн дарга хүртлээ бүгд мэдэж байх ёстой юм билээ.
-ISO стандарт нэвтрүүлж байгаагийн гол зорилго нь юу вэ?
-Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгая. Эмнэлэгт ажиллаж байгаа ажилчдынхаа сэтгэл ханамжийг сайжруулах гэсэн хоёр зорилготой. Энэ хоёр зорилгодоо хүрэхийн тулд бүх ажилчид нэг хүн шиг хамтарч ажиллах ёстой. Тиймээс ажилчдаа сургалтад хамруулсан. Мөн манай эмнэлэг төдийгүй аймгийнхаа бүх байгууллагын дарга нарыг ч сургалтад хамруулсан байгаа. ISO нэвтрүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах зорилгоор. Герман мэргэжилтэн 14 хоног ажиллах хугацаанд багагүй үр дүн гарсан.
-ISO нэвтэрснээр ямар үр дүнд хүрэх вэ?
-Эмнэлгийн хүний нөөц, төсөв санхүү хүрэлцдэггүй гээд би яриад байгаа даа. Тэгвэл хүрэлцэхгүй байгаа зүйлийг яаж зөв зохион байгуулж, хүртээмжтэй болгох вэ гэдгийг ISO стандарт нэвтрүүлж шийдэх юм. Ажилчиддаа хүндрэл учруулахгүйгээр ажиллана гэсэн үг. Ажилчдын сэтгэл ханамж сайжраад ирэхээр үйлчлүүлэгчтэй харилцах харьцаа нь өөр болно. Үйлчлүүлэгч ч гэсэн манайд ороод ирэхэд эмнэлгийн бүхий л үйл ажиллагаа ойлгомжтой болно. Одоо бол манай эмнэлгийн үйл ажиллагаа ойлгомжгүй. Нэг эмч гэхэд 2-3 ажил хийдэг. Тэгвэл тэр эмчийн ажлыг яаж зохион байгуулах вэ гэдгийг ISO стандартаар шийднэ. Ажлын байрны зураглал гэж гаргах ёстой юм байна. Өнөөдөр манай нэг эмч ажилдаа хэдэн цагт ирэх юм, хаана цагаа бүртгүүлэх вэ гээд бүгдийг нь зураглалаар гаргаад өгнө гэсэн үг. Тэдэн цагт энэ эмч тэнд хувцсаа солино. Дараа нь өрөөндөө тэдэн цагт үзлэгээ хийнэ, цайндаа орно.
Хамгийн сүүлд тэдэн цагт тарна. Тэр хооронд энэ ажлуудаа яаж хийх вэ гэдгийг нарийн зураглал гаргаад, шийдээд өгчихнө. Давхар хийх ажлыг ч бас зураглалаар гаргана. Нэг хүснэгтэд “Энэ хүн энэ л ажлыг хийх ёстой. Гэтэл нэмэлтээр ямар ажил хийх вэ. Мэсийн эмч гэхэд гэмтлээ үздэг, группын хуралд ордог гээд чиг үүргийнх нь дараалалд ороогүй ажлыг хийдэг. Энэ ажлуудыг хооронд нь яаж уялдуулах юм гэдгийг ч зураглалаар хийж өгч байгаа. Дараа нь гаргасан судалгаагаа аймгийн удирдлага, Эрүүл мэндийн яаманд бодит байдлаар танилцуулах боломжтой. Удирдах, шийдвэр гаргах төвшний хүмүүс ч түүнийг нь хараад, үнэхээр ачаалалтай ажилладаг юм байна. Давхар олон ажил хийдэг юм байна шүү. Яаж нэг өдөр энэ олон ажлыг амжуулдаг юм бэ гэж мэдэрч, ойлгоно. Түүний дараа дутагдалтай орон тоог нөхөж өгөх боломж нэмэгдэнэ гэж бодож байгаа. Үйлчлүүлэгчийн хувьд ч гэсэн гаднаас орж ирэхэд л ямар эмчид хандаж, яаж үзүүлэх гээд бүхий л зүйл ойлгомжтой байх юм. Шээсний шинжилгээ өгөх бол тэгж тэгж яваад, тийм тасагт очно гээд зураглалыг нь гаргаад өгнө. Ингэж л эмнэлгийн үйлчилгээ, чанар, хүртээмж сайжирна. Бидэнд тулгарч байгаа хүндрэлүүд шийдэгдэх үр дүн гарна.
-ISO стандартаа хэзээ авах боломжтой юм бэ?
-Бид ISO стандартыг нэвтрүүлж эхэлж байна. Манай эмнэлэг 10 тасагтай. Нэг тасгаа энэ стандартын дагуу тохижуулж эхэлсэн. Бусад тасагтаа ч гэсэн ISO стандартыг нэвтрүүлна. ISO авахад 2-3 шат дамжлагатай. Нэгдүгээрт, ISO-г шалгах дотоод аудитын ажилтанг зургаан сарын хугацаатай сургаж, бэлтгэх ёстой. Тэр ажилтан байнга стандарт нэвтэрч байна уу гэдгийг шалгана. Хоёрдугаарт, бид ISO стандартын бүх шаардлагыг биелүүлчихлээ гэж үзвэл гадны хөндлөнгийн шинжээч хөлсөлж авчирч, шалгуулна. Шалгаж үзээд болоогүй гэвэл дахин 90 хоногийн хугацаа өгнө. 90 хоногийн хугацаанд дутуу зүйлээ хийгээд, стандартаа биелүүлчихсэн байвал ISO-гоо өгнө. Тэгж чадаагүй бол дахиад л эхнээсээ эхлэх шаардлагатай болдог. Улсын хэмжээнд “Нэгдсэн эмнэлгүүдийн бие даасан байдлыг бэхжүүлэх нь” гэсэн төсөл хэрэгжиж байгаа. Нэгдсэн эмнэлгүүд асуудлаа өөрсдөө шийдэж, эмнэлгийн даргаа дотроосоо сонгох боломжийг нээж өгөх төсөл юм. Есөн хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ байгуулна гэсэн үг.
Эрүүл мэндийн тухай хуульд энэ тухай заалт орсон. Нэгдсэн эмнэлэг бие даана гэхээр даргаа өөрсдөө сонгодог болж, санхүүгээ ч зохицуулна гэсэн үг. Одоо бид олсон бүх мөнгөө төрийн сан руу өгчихдөг. Эмнэлгийн нэг машин эвдрэхэд л засч чадахгүй, төрөөс мөнгө гуйх болдог. Тэгвэл бие даавал өөрсдөө асуудлыг шийдэж, ядаж л түргэний машинаа засчихдаг болно. Хоёрдугаарт, аль нам ялснаас шалтгаалж эмнэлгийн дарга солигддог. Дарга солигдоно гэдэг эмнэлгийн байгууллагад муугаар нөлөөлдөг. Жишээлбэл, манай эмнэлэгт ISO стандарт нэвтрэх гэж байна даа. Тэр стандартын талаар би мэдэж байгаа. Цаашлаад бүх ажилчиддаа ойлгуулаад, тавин хувийг нь биелүүлээд явж байлаа гэж бодъё.
Стандарт нэвтрэхэд ойрхон болчихоод байхад өөр нэг дарга ирлээ гэхэд бүх зүйл зогсоно. ISO стандарт авахад ойрхон байдаг, цааш нь үргэлжлүүлэх хүн байхгүй болчихдог. Дахиад л шинэ даргаа сургах ажил болно. Магадгүй тэр даргын авчирсан шинэ хүмүүсийг сургана гээд давтаж хийх болдог. Тиймээс эмнэлэг бие даасан байдлаа хангах ёстой. “Нэгдсэн эмнэлгүүдийн бие даасан байдлыг бэхжүүлэх нь” гэсэн төслийн хүрээнд ярьж байгаа зүйл нь ISO стандарт. ISO стандарт нэвтрүүлснээр бие даасан байдлаа хангаж чадах юм байна. Хэрвээ одоо шууд бие даа гэвэл дампуурна гэдгийг ярьж байна. Хэрвээ ISO нэвтрүүлээд, бүх үйл ажиллагаа нь ойлгомжтой болчихвол өөрсдийгөө удирдаад аваад явах боломжтой. Тэгэхээр ISO бүх байгууллагад нэвтрэх ёстой.
-Германы мэргэжилтэн авчраад, сургалт хийсэн гэж байна. ISO стандартыг эхнээс нь нэвтрүүлээд явж байгаа гэсэн. Ямар нэг үр дүн гарч эхэлсэн үү?
-Манай эмнэлэг дөнгөж л ISO стандартаа нэвтрүүлж байна. Эхнээсээ бичиг цаасаа янзлах гэх мэт зохион байгуулалтын ажлаа хийж байгаа. Одоо процессын зураглалаа гаргаж байна. Нэг тасгийнхаа зураглалыг гаргаад дуусч байна. Тэр тасгийн эмч, ажилчдын ачаалал нь харагдаад эхэллээ. Баримтууд нь гараад эхэлж байна. Энэ бол үр дүн эхнээсээ гарч байгаагийн илрэл. Бид өөрсдөө дотор нь суугаад асуудлаа харахаар дутуу хардаг. Гадаад хүн ирээд огт өөрөөр хардаг юм байна. Тэр чинь болохгүй, энэ чинь хөдөлмөрийн аюулгүй зөрчсөн гэх мэтээр хэлж, маш олон ажлын санааг гаргаж өгсөн. Шинэ шинэ маягтуудыг манай эмнэлэг хөтөлж эхлээд байна. Тухайлбал, бид хагалгаа хийхдээ өмнө нь хэрэгтэй зүйлсээ бүртгэж үздэггүй байсан.
Одооноосоо эхлээд маягт гаргаад, хагалгаанд хэрэгтэй бүх зүйлсээ тэмдэглээд, нарийн шалгадаг болсон. Бүрэн гүйцэд болсных нь дараа хагалгаагаа эхэлдэг. Өмнө нь хагалгаа хийж байхад л багаж дутаад, гүйдэг тохиолдол байсан, нуулгүй хэлэхэд. Энэ мэт асуудлуудыг ISO стандарт нэвтэрснээр шийдэж эхэлсэн. Манай эмнэлгийн хүүхдийн тасаг гэхэд л хойноосоо ордог хаалгатай байлаа. Аль эртнээс л тийм байсан. Хаалганы хажууд нь мод ургачихсан. Тийм л байх ёстой юм шиг. Хүмүүс хүүхдээ тэврээд, модны хажуугаар тонгойгоод ордог байлаа. Гэтэл гадаадын хүн ирж хараад, хаалгаа өөрчлөөд гаргачихаач дээ, хүн орж ирэхдээ тонгойгоод байх шаардлагагүй болно гэж зөвлөх жишээтэй. Эмнэлгийн хонгилоор явахад ил гарсан хоолойнууд байгаа биз. Ханаа шараар будахдаа хоолойнуудаа ч адилхан өнгөөр буддаг. Хүмүүс ханатай адилхан өнгөтэй болохоор харалгүй бүдэрч ойчих тохиолдол гарч л байсан. Гадаадын хүн тэрийг хараад, төмөр хоолойнууд дээрээ улаан хуулга наачих гэж зөвлөх жишээтэй. Гэх мэт жижиг сажиг зүйлсийг ч заримдаа бид анзаарч харддаггүй юм байна. Харин өөр хүн ирээд, өөр өнцгөөс харж, зөвлөж, бид ч шийдсэн. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад бүх зүйл журамтай байх ёстой юм билээ.
Би журам гэхээр л их томоор боддог байсан. Хуучин чанарын албаны дарга байхдаа нийтлэг үндэслэл, зорилго, зорилт гэх мэтээр ерөнхий том журам гаргадаг байлаа. Гэтэл гадаадын хүн ирээд “Журам гэдэг ганц өгүүлбэр ч байж болно” гэж хэлсэн. Жишээлбэл, манай эмнэлгийн машин моргын тэрэг шиг л байдаг. Энэ асуудлыг журамлаж болж байгаа юм. Эмнэлгээс гадна нас барсан хүнийг зөөхгүй. Зөөсөн тохиолдолд тэдэн төгрөг ч гэдэг юм уу. Дуудлагын бус цагаар зөөнө. Жолооч зөвшөөрсөн тохиолдолд зөөнө гэх маягаар журамлаж өгч болж байна. Гаднаас үйлчлүүлэгч орж ирэхэд тэгж тэгж үйлчилгээ үзүүлнэ гэсэн журам байж болно. Манай эмнэлэг 10 тасагтай. Тэгвэл нэг тасгийн үйлчлэгч байлаа гэж бодъё. Тэр хүнийг тасгийнх нь сувилагч орж ирж загнана. Өөр тасгийн сувилагч нар бас загнадаг. Эмч нар бүгдээрээ загнана. Зүгээр л ажлаа хийж байгаа хүн бүх сувилагч, эмч нарт загнуулаад байдаг. Өөрт нь загнах хүн олдохгүй. Сэтгэл ханамж нь ямар байх билээ. Тэгэхээр тэр хүн гаднаас орж ирж байгаа өвчтөн, үйлчлүүлэгчийг загнаж эхэлдэг. Үүнийг ч бас журмаар зохицуулж өгөх ёстой юм билээ. Зөвхөн тасгийнх нь дарга л энэ хүнд шаардлага тавьж, үг хэлэх ёстой. Бусад тасгийнхан харьцаж, загнах ёсгүй гээд л журамлачих хэрэгтэй юм билээ. Гэх мэтээр ISO стандартын ач холбогдол маш их.
-ISO стандартаа хэзээ авах боломжтой вэ?
-Бид 2019 онд ISO стандартаа авна гэсэн зорилго тавьсан. Сая ирсэн мэргэжилтэн 2019 оны долдугаар сард эргэж ирнэ. Бид урилга өгчихсөн. Тэр үед өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлээд хүлээж байх юм. Хэрвээ хөндлөнгийн шинжээч дуудахад болно гэвэл дуудаад, үзүүлнэ. ISO стандартаа ч авах боломжтой болох юм. “Чанарын менежментийн тогтолцоог шинэчлэх, сайжруулах” ISO стандартыг дэлхийн 166 орон нэвтрүүлсэн байдаг юм билээ. Төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд бүгд нэвтрүүлчихсэн. 166 орон нэвтрүүлнэ гэхээр маш үр дүнтэй стандарт. Бид энэ стандартыг эмнэлэгтээ нэвтрүүлснээр Олон улсын жишгийн дагуу ажиллана гэсэн үг. Олон улсын жишгийг нэвтрүүлчихвэл гадны эмч нар манайд ирж ажиллах. Эсвэл манайхан гадаадад очиж ажиллах боломжтой болно. Нэг л стандартыг 166 орон барьж байгаа болохоор амар шүү дээ.
-ISO стандарт авахад хөрөнгө мөнгө шаардлагатай болох байх. Энэ асуудлыг яаж шийдэж байна вэ?
-Хэрвээ манай эмнэлэг ISO стандартын сертификат авахаар болчихвол 10 сая төгрөг хэрэгтэй болно. Энэ мөнгө төсөвт тусгагдаагүй. Тийм болохоор орон нутгийн удирдлагуудаа дэмжээч гээд хүсэлт тавьчихсан байгаа. Бид ISO стандартаа нэвтрүүлчихлээ гэж бодоход сертификатаа авч чадахгүй бол хайран биз дээ. Орон нутгийн удирдлагууд дэмжих байх гэдэгт итгэлтэй байгаа.