ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Арьсаа хамгаалагч

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-20

Хариуцлагыг ингэж хүлээхгүй. Хариуцлага хүлээж, хүлээлгэж байгаа бол жинхэнэ утгаар хэрэгжүүлэх ёстой. Түүнээс хүчээр уучлал гуйлгаад юм уу албан тушаалаас нь чөлөөлсөн нэр зүүгээд өнгөрч болохгүй. Энэ үг ЖДҮХС-гаас мөнгө туусан бүгдэд хамаатай. Тухайлбал, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор өргөдлөө өгч ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр ЖДҮХС-гаас өөрийн 100 хувь эзэмшдэг “Хос-Эрхэс”  ХХК  500 сая төгрөгийн зээл авсан нь нотлогдсон билээ. Тиймээс хариуцлага хүлээж өргөдлөө өгч байна хэмээн мэдэгджээ. Гэхдээ  “Манай компани 2014 оноос хойш дөрвөн удаа хөнгөлөлттэй зээл хүсэж, холбогдох газруудад хүсэлт гаргаж байсан. Төмөр торон хашаа үйлдвэрлэх чиглэлд Монголд анхны импорт орлох бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн. Нийт 30 ажилтантай, балансын орлого нь 2017 оны байдлаар 549 сая төгрөгт хүрсэн жижиг үйлдвэр” хэмээн ярьжээ.

Энэ бол зүгээр л арьсаа хамгаалсан хүний үг. Нөгөөтэйгүүр, хийхээ хийсэн, идэхээ идчихсэн хүнд ТӨБЗГ-ын даргын ажлыг хийх эсвэл өгөх нь хэнд ч сонин биш. Цаашилбал, хариуцлага хүлээж, хүлээлгэж байгаадаа ч бүүр сонин биш. Дараа нь дахиад л нэг албан тушаалд томилогдсон, шударга хүний дүр эсгээд явах нь тодорхой. Тиймээс нэн тэргүүнд ЖДҮХС-гаас зээлсэн мөнгөө буцааж төл. Дараа нь хууль хяналтын байгууллагаар шалгуул. Түүнчлэн хэдэн үеэрээ төрийн албанд ажиллах эрхийг хасаж байж, сая хариуцлага ярина. Ингэж байж Монголд шударга ёс тогтоно. Ийм жишиг манайд тогтоогүйгээс  Монголын төрөөс авлагатай юм шиг хэдэн үеэрээ залгамжлан яваа бүлэг хүмүүсийг бид одоо ч харж сууна. Жирийн иргэнд зээл олдохгүй, жирийн иргэний хүүхэд төрийн албанд ажиллах эрхгүй, жирийн нэгэн иргэн шударга ёсны төлөө тэмцэх эрхгүй болтол ноёрхлоо тогтоосон нийгэмд хариуцлагыг утгаар хэрэгжүүлэхийг хүсэж байна.