Ходооны хорт хавдын талаар Хавдар судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, сургалт мэдээллийн албаны дарга, Их эмч Л.Энхээтэй ярилцлаа.
-Ходоодны хорт хавдрын өвчлөл жилд дунджаар 5-10 хувь нэмэгддэг гэсэн мэдээлэл байдаг юм билээ. Дэлхийн дундажтай харьцуулахад энэ төрлийн өвчин манай улсад ямар түвшинд байдаг юм бол?
-Ходоодны хорт хавдраар өвчлөх тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байна. Монгол Улс ходоодны хорт хавдрын шалтгаантай нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ордог. Харин энэ өвчнөөр өвчилсөн тохиолдлын тоогоороо хоёрдугаарт орж байгаа. Ингээд бодохоор ходоод, хоол боловсруулах системийн өвчлөл чимээгүй тахал болсон гэхэд хилсдэхгүй. Энэ нь иргэдийн хорт хавдрын талаарх ойлголттой шууд холбоотой гэж хэлж болно. Хорт хавдар зөвхөн сүүлийн хэдэн жилд гэнэт ихэсчихсэн юм биш шүү дээ. Энэ бол архаг, удаан явцтай өвчний тоонд ордог. Сарын өмнө эрүүл байсан хүн гэнэтхэн хорт хавдартай болчихно гэж байхгүй. Хүний биед ойролцоогоор 20 орчим жил болж, хэд хэдэн шат дамжлагатайгаар бий болдог. Өөрөөр хэлбэл хорт хавдар гэдэг аливаа өвчний эцсийн үр дагавар гэж ойлгож болно. Хорт хавдраар өвчлөх магадлалтай өвчнөөр он удаан жил өвчилж, эрүүл мэндийн байгууллагад хандаагүйн улмаас хорт хавдар үүсдэг.
-Ходоодны хорт хавдар их байгаагийн шалтгаан нь юу байна вэ. Энэ өвчнөөс сэргийлэх талаар эрүүл мэндийн байгууллагаас ямар зөвлөмж өгдөг юм бол?
-Жил ирэх тусам ходоодны хорт хавдрын тохиолдол ихэсч байна гэдэг нь харьцангүй ойлголт юм. Энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд иргэд эрүүл мэнддээ санаа тавьж, эмнэлэгт хандах нь ихэсч байгаатай холбоотой ч байж болно. Түүнээс биш сүүлийн жилүүдэд л иргэд хорт хавдраар өвчлөөд байгаа хэрэг биш. Хорт хавдраар өвдөх эрсдэл хүн бүрт бий. Харамсалтай нь эрсдлийг бууруулах боломжгүй. Яагаад гэвэл хорт хавдрын өвчлөл нийгмийн хүчин зүйлээс ихэвчлэн шалтгаалдаг. Нийгэм хөгжингүй болохын хэрээр төрөл бүрийн хорт хавдрын өвчлөл нэмэгддэг нь жам ёсны гэж хэлж болох зүйл л дээ. Зөвхөн ходоодны гэлтгүй Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт орж байна. Үүний хамгийн гол шалтгаан нь бидний амьдралын буруу дадал, хэвшилтэй холбоотой. Ахуйн хэрэглээнээс шалтгаалдаг гэсэн үг. Сүүлийн үед хүмүүсийн ухаалаг хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь одоо биш юм гэхэд хожмын өдөр хорт хавдрын өвчлөлийн гол шалтгаан болно. Ялангуяа ухаалаг утасны хэрэглээ, интернет зэрэг нь хүний биед ямар их хор уршигтайг эрдэмтэд нотолчихсон байхад зохистой хэрэглээ гэдэг зүйлийг амьдралдаа хэвшүүлж чадахгүй байна. Тиймээс хорт хавдрыг үүсгэх хүчин зүйл нь нийгмийн хөгжлийг дагаад нэмэгддэг гэсэн үг юм. Өвдөх эрсдэл хүн бүрт байдаг хэдий ч өвдөх эсэх нь хувь хүнээс хамаардаг гэдгийг өмнө нь хэлсэн. Ходоодны хорт хавдрын өвчлөлийн тоогоор Солонгос улс нэгдүгээрт ордог.
Гэтэл нас баралтаараа 20 дугаар байранд жагсдаг. Энэ нь хорт хавдар үхэлд хүргэх эсэх нь иргэдийн хандлагатай шууд холбоотой гэдгийг харуулж байгаа тод жишээ. Манай улс өвчлөлийн тоогоор Солонгос улсын дараа ордог бол нас баралтаараа тэргүүлж байна шүү дээ. Солонгосчууд хорт хавдраар өвчлөх нь их ч эрүүл мэнддээ анхаарал тавих хандлага сайн учраас оройтохоос нь өмнө эмчилгээнд хамрагддаг гэсэн үг. Гэхдээ энэ үзүүлэлтэд хувь хүний хандлагаас гадна тухайн улсын эмнэлгийн хүртээмжтэй хамааралтай. Хорт хавдар хүнд өвчин боловч эрт үед нь мэдвэл бүрэн эмчлэгддэг. Гадны орнуудын хувьд хорт хавдрыг эрт үед нь оношлуулж байгаа учраас нас баралтын шалтгаан болохгүй байгаа юм. Харин манай улсын оношлуулж байгаа иргэдийн 80-90 хувь өвчнийхөө төгсгөлийн үе шат буюу эмчлэх боломжгүй болсон үед нь эрүүл мэндийн байгууллагад хандаж байна. Өөрөөр хэлбэл нас барахаасаа ойролцоогоор нэг жилийн өмнө эмнэлэгт ханддаг гэсэн үг. Тиймээс бид ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ороод байгаа юм. Үүнээс үүдээд монголчуудын дунд хорт хавдар гэдэг үхлийн өвчин гэсэн ойлголт хавтгайрсан. Жилдээ 6000 гаруй хүн шинээр бүртгэгддэг байгаагийн 80 гаруй хувь буюу 4000 орчим нь нас бардаг учраас ингэж ойлгох нь ч аргагүй.
-Ходоодны хорт хавдрын хувьд бидний хэрэглэж байгаа хоол хүнстэй шууд холбоотой байх. Ер нь хүнснээс шалтгаалж байна уу, эсвэл хүнсээ зохистой зөв хэрэглэхгүй байгаатай холбоотой байна уу?
-Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа өвчний нэгдүгээрт зүрх судасны өвчин байдаг бол хоёрдугаарт нь хоол боловсруулах замын өвчин ордог. Ходоод гэдэг хоол боловсруулах гол эрхтэн. Ходоодонд хорт хавдар ургана гэдэг ходоодны шархлаатай холбоотой. Ходоодны шархлааг эмчлэхгүй удвал хорт хавдар үүсгэдэг гэсэн үг. Ходоодны шархлааны шалтгаан нь ходоодны үрэвсэл. Гэтэл сүүлийн үед ходоодны үрэвсэл залуужсаар сургуулийн насны хүүхэд хүртэл ходоодны үрэвслээр өвчилж байна. Энэ нь сургуулийн орчинд байгаа хүнсний хяналтгүй худалдаатай шууд холбоотой юм. Өглөө хичээлдээ явахдаа өглөөний цайгаа ууж чадаж байна уу, сургууль дээрээ ямар хүнс хэрэглэж байна вэ гэдгээс асуудал эхэлнэ. Ер нь бол нийтийн хоолонд л асуудал байдаг шүү дээ. Сургуулийн цайны газар, “Үдийн цай хөтөлбөр” зэрэг нь хүүхдийг өлсгөхгүй байх сайн талтай хэдий ч хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэгт анхаарал хандуулах ёстой. Ялангуяа гадуур худалдаалдаг түргэн хоол бол өлөн байснаа хэд дахин илүү хүүхдийн эрүүл мэндэд хор учруулах эрсдэлтэй. Хорт хавдыг бууруулах цор ганц арга бол хүүхэд байхаасаа зөв хооллож, өвчлөхөөс сэргийлэх ёстой юм.
-Тэгэхлээр хорт хавдраар өвчилнө гэдэг цаг хугацааны асуудал юм байна шүү дээ. Ходоодны үрэвсэл хэдий хэр хугацаанд хүний биед хадгалагдаж, хорт хавдар болдог юм бэ. Хорт хавдар болоод сүүлийн шатандаа ортол хэр хугацаа ордог юм бол?
-Хүн бүр өвдөх эрсдэлтэй ч өвчлөх эсэх нь, өвчнийг тэсвэрлэх чадвар нь тухайн хүний бие махбодийн онцлогоос хамаардаг. Үүнээс гадна амьдралын хэв маяг, хэрэглэж байгаа хүнс, өвчнийг эсэргүүцэх чадвар нөлөөлнө. Ходоодны шархлаа нь хорт хавдар хүртлээ явах эсэх нь мөн л амьдралын хэв маягаас гадна хувь хүний хандлагатай холбоотой гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Ийм олон эрсдэлт хүчин зүйл байгааг мэдсээр байж, эмнэлэгт нэг удаа ч болов үзүүлье гэсэн сэтгэлгүй байснаас л өнөөдрийн нөхцөлд бид хүрч байна. Хүмүүс хорт хавдрын үед ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ гэж асуудаг. Хорт хавдар гэдэг архаг явцтай, өвчний эцсийн үр дүн. Эцсийн үр дүнд хүртлээ шинж тэмдэггүй байх нь олон байдаг. Тэгэхээр хорт хавдрыг шинж тэмдэг илэрсэн үед үзүүлнэ гэдэг нь нас барахынхаа өмнөхөн л эмнэлэгт хандаж байна гэсэн үг. Тиймээс шинж тэмдэг илэрнэ гэж хүлээхгүйгээр үзүүлдэг байх ёстой. Жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байхад та хэзээ ч хорт хавдраар өвчлөхгүй байх бүрэн боломжтой.
-Урьдчилан сэргийлэх үзлэг үнэгүй байдаг уу. Сайн дураараа үзлэгт хамрагдах гэвэл хаана хандах ёстой вэ?
-2017 оноос хойш Эрүүл мэндийн салбарт гарсан нэг том дэвшилттэй зүйл нь урьдчилан сэргийлэх багц үзлэгүүд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан явдал юм. Даатгалд хамрагдаж байгаа үзлэгүүд нас насны бүлгээрээ өөр байгаа. Хэдэн насны хүмүүс ямар өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байна вэ гэдгийг судалсны үндсэнд тухайн насныханд ямар үзлэгийг эрүүл мэндийн даатгалд хамруулах вэ гэдгийг тогтоосон байдаг. Жишээлбэл, залуучуудын тухайд насны онцлогоос нь хамаараад тэдэнд тохиолддог нийтлэг өвчин буюу нөхөн үржихүйн эрхтэний системтэй холбоотой үзлэгүүдэд даатгалтай нөхцөлөөр үзүүлэх боломжтой. Ер нь 40-өөс дээш насны урьдчилан сэргийлэх бүх багцуудад түгээмэл тохиолдож байгаа хорт хавдрын урьдчилан сэргийлэх багцууд орсон. Тэгэхлээр хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр даатгалаараа дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой. Элэгний хорт хавдрын хувьд урьдчилан сэргийлэх үзлэгийг өрхийн эмнэлэгт хийх боломжтой. Харин ходоодны хорт хавдрыг оношлох үндсэн арга нь дурангийн шинжилгээ байдаг. Гэтэл дуран өрхийн эмнэлэг байтугай дүүргийн эмнэлгүүдэд хүртээмж муутай байна. Гэхдээ дуран байхгүй гээд эрүүл мэндийг хойш тавих ёсгүй. Дурангийн шинжилгээ хийдэг эмнэлгүүд олон байна. Тэдгээр эмнэлгүүдэд хандан, төлбөрөө төлөөд оношлуулах бүрэн боломжтой.
-Дурангийн шинжилгээг хүмүүс таашаахгүй байх нь элбэг байдаг шүү дээ. Бүр дордуулдаг, шархлаатай болгодог зэрэг сөрөг үр дагавартай гэж ярьдаг. Энэ хэр бодитой мэдээлэл юм бэ?
-Тийм зүйл огт байхгүй. Технологи хөгжихийн хэрээр дурангийн шинжилгээ улам нарийсч байна. Мэдээж хүний хоол боловсруулах эрхтэн рүү гадны биетийг оруулж байгаа учраас тухайн хүнд огих, хахах зэрэг таагүй мэдрэмжүүд төрөх нь гарцаагүй. Түүнээс биш ходоодонд сөрөг нөлөө үзүүлнэ гэж байхгүй. Энэ бол тухайн хүний сэтгэлзүйн бэлэн байдалтай холбоотой юм.