ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хиймэл оюун ухаанд суурилсан программыг Монголд нэвтрүүллээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-05-30

Монголын эрүүл мэндийн салбарт техник технологийн хөгжлөөр тэргүүлэгч “Сонгдо” эмнэлэг Хавдрын эмчилгээний шийдэл тодорхойлогч “WATSON IBM ONCOLOGY” программыг албан ёсоор танилцуулах сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Уг сургалтыг Тайландын Бумрунград эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Энэ үеэр Сонгдо эмнэлгийн гүйцэтгэх захирал Г.Мөнтуяатай цөөн хором ярилцсан юм. 

-Танай эмнэлэг хиймэл оюун ухаанд суурилсан программ нэвтрүүлнэ гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 
-IBM компани нь олон жилийн хөдөлмөрийн үр дүнд 2011 онд WATSON гэх хиймэл оюун ухааныг бүтээсэн. Энэ хиймэл оюун ухаан нь яг хүн шиг. Биднийг онигоо ярихад хүртэл ойлгодог. Хиймэл оюун ухаан нь янз бүрийн салбарт үр өгөөжтэй хөгжиж ирсэн. Улмаар WATSON HEALTH буюу WATSON эрүүл мэндийн программ болж хөгжсөн юм. Үүний нэг салбар болох WATSON ONCOLOGY нь хорт хавдартай өвчтөнүүдийн мэдээллийг оруулаад хамгийн төгс эмчилгээний үр дүнг гаргаж өгдөг программ байгаа. Тэгэхээр энэ программ нь эмч нарт нэвтэрхий толь болж өгнө гэсэн үг. Минутад 3500 хавдрын холбогдолтой сурах бичиг, 1000 гаруй клиникийн туршилтуудын талаар, 100 мянга гаруй эрүүл мэндийн холбогдолтой мэдээллүүдийг өөрөө татаж, нэг минутын дотор эмчдээ ийм боломжууд байна гэдгийг мэдээлнэ. Энэ нь тухайн хүнд зориулсан эмчилгээ юм. Уг программыг танилцуулж байгаа юм. 

-Энэ программ манай улсад хэзээ нэвтэрч эхэлсэн юм бэ. Үнэ өртгийн хувьд ямар байна вэ? 
-Хамгийн  анх “WATSON ONCOLOGY” программыг 2015 онд Тайландын Бумрунград эмнэлэг анх өөрсдөө хэрэглэж эхэлсэн байдаг. 2017 оны эхээр Улаанбаатараас “Сонгдо” эмнэлэг стратегийн түншлэлийн хүрээнд ерөнхий туршилтын байдлаар хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ оны хоёрдугаар сараас эхлээд албан ёсоор Монголд IBM компани программаа ЭМЯ-нд бүртгүүлээд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Дэвшилтэт технологи дээрээс нь хиймэл оюун ухаан гэдэг үүднээс маш өндөр өртөгтэй. Тиймээс Бумрунградаас хөнгөлж өгч байгаа юм. Зөвхөн “Сонгдо” эмнэлэг биш хавдар судлалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг, эмчилгээ хийдэг хавдрын бүх эмч нар энэ системийг манай эмч нартай хамтраад ажиллах боломж  нээлттэй байгаа. 

-Өнөөдрийн байдлаар энэ программыг хэдэн улсад хэрэглэж байгаа вэ. Үр дүн нь хэр байна вэ? 
-Одоогоор 11 орны 100 гаруй эмнэлэгт IBM ONCOLOGY программ хэрэгжиж эхэлсэн. Жил ирэх тусам эмнэлгүүд авч хэрэглэж байгаа. Үр дүнгийн хувьд хавдрын эмч болон программын өгсөн санал Бумрунград эмнэлгийн хувьд 80 гаруй хувьд ижил төвшнийх байсан. Монголд 60 гаруй туршилтууд хийхэд 98 хувьтай байсан. Тиймээс хавдрын эмчилгээнд шинэчлэл авчрах эрин үе болох байх гэж бодож байна.  

Уг сургалт өнөөдөр өндөрлөх юм. Дашрамд дурьдахад, дэлхийд тэргүүлэгч IBM WATSON эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухаан нэвтрүүлсэн нь хүний тархинаас хэдэн мянга дахин хурдан боловсруулсан мэдээлэл дээр суурилан өвчний онош тодруулах боломжийг олгож байгаа юм байна. Хавдрыг эмчлэх IBM Watson программыг 2016 оноос дэлхийн олон улс оронд хэрэглэж байгаа аж. Энэ программ нь АНУ-ын шилдэг эмч нарын судалгаанд үндэслэгдсэн байна. IBM Watson нь хавдартай өвчтөнүүдийг амжилттай эмчилсэн клиникийн баталгаа, нотолгоо бүхий нийтлэл, судалгаа, шинжилгээ, мэдээ мэдээлэл дээр үндэслэн, шинжлэх ухааны бүх цаг үеийн нийтлэл, ном, орчин үеийн эмчилгээний удирдамж зэрэг асар их хэмжээний мэдлэгийг өөртөө агуулдаг ажээ. Уг программ нь хөхний, уушгины, бүдүүн шулуун гэдэсний, ходоодны, умайн хүзүүний, өндгөвчний хавдрын төрлүүдтэй юм байна. Харин өнгөрсөн онд цусны цагаан эсийн, давсагны, нойр булчирхайн, бөөрний, умайн хоолойн зэрэг хавдрууд нэмэгдсэн байна.