ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрчүүд уйлдаг уу

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-01-29

Жендэр гээд ярихаар бидний ихэнх нь “эмэгтэйчүүдийг улс төрд гаргах гэсэн оролдлого” эсвэл “эхнэр, нөхөр хоёр бүх аягаа тэнцүү хувааж угаахад уриалга” гэж ойлгодог. Бас “эхнэр нь гэрийн хойморт сууж, нөхөр нь түмпэн, шанагаа түчигнүүлэхийг жендэр яригсад хүсээд байна” ч гэж хэлдэг. Гэтэл үнэндээ хоолоо хэн хийж, хогоо хэн асгахдаа гол нь биш. “Чи эмэгтэй юм чинь уул уурхайд тохирохгүй”, “эрэгтэй юм байж жижиг сажиг зүйл рүү орлоо” гэх мэтээр хүйснээс нь шалтгаалж хүсэл сонирхлыг нь хайрцаглахгүй байхыг л хэлээд байгаа хэрэг. Мөн жендэрт суурилсан хүчирхийлэл гэхээр эмэгтэйчүүд л өртдөг, эрэгтэйчүүд хийдэг хэмээн нийгэм даяараа яллах хандлага, хэвшмэл ойлголт бишгүй дээ бий. Гэтэл хүйсийн эр, эм онцлогтоо ч биш. Хэн нэгэн эсрэг хүйстэн нэгнийхээ хүслийн эсрэг хор хөнөөл, аюул занал учруулах үйлдлийг л хэлдэг билээ. Эр, эм физиологийн онцлог өөр, ойлгомжтой. Гэхдээ технологийн хийгээд ёс суртахууны хөгжлийн өнөө үед ямар ч ажлыг хүйснээс үл шалтгаалан хийх боломж нээгдэж, ямар ч асуудлыг ултай суурьтай, бодитоор харах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны туршид бий болчихсон хүйснээс шалтгаалах хэвшмэл ойлголтыг, илүү эерэг зөөлөн зөв болгох хандлагаар харах нь чухал болов уу.

“Эрэгтэйчүүдээс болдог шүү дээ”

Миний нэг багын найз бий. Тэрбээр хар бага насандаа анхныхаа хайртай учирч, түүнтэйгээ гэр бүл зохиож, дундаасаа хөөрхөн охинтой болсон нэг талаар азтай хүн. Харин нөгөө талаар тэр жаргалтай амьдрал төдийлөн удаан үргэлжлээгүй юм. Мань хүн уран бүтээлч бөгөөд одоогоос хэдэн жилийн өмнөөс ОХУ-ын Буриад улсад нэгэн хийдэд уригдан бурхан урлах болсон билээ. Тэнд долоон жилийн хугацаанд 1000 гаруй бурхан шүтээн урлаж өгсөн юм. Энд Монголд гэхээсээ илүүтэй тэнд Буриадад жилийн ихэнх хугацааг ирэн, очин өнгөрөөнө. Тэр л олон удаагийн явалт, тэр л олон удаагийн ирэлтийн дунд эхнэр нь энд өөр залуутай болсон хэрэг. Хэдийгээр бидний хэдэн найзууд энэ талаар гадарладаг боловч, босгосон амьдралыг нь бодсондоо хэлдэггүй. Хэрэндээ бас нууцалдаг байлаа. Гэвч олон хавар нэгэндээ гэдгийн үлгэрээр нэг удаа ирэхэд, эхнэр нь өнөөх залуугаасаа хүүхэдтэй болоод дагаад явчихсан байсан юм. Гэр бүл салах шүүх хурал гэж сүртэй, сүржин зүйл болсонгүй. Манай найз хүүхдээ өөр дээрээ авахаар хүсэлт гаргаж, ээж нь ч зөвшөөрснөөр өнөөдөр найз маань “өрх толгойлсон эмэгтэй” гэдэг шиг “өрх толгойлсон” эцэг гэдэг статустай болон үлдсэн билээ. Мань хүн уг нь огтоос архи, тамхи хэрэглэдэггүй энгийн нэгэн залуу байлаа. Гэтэл эхнэрээсээ салснаас хойш нэг хэсэг архинд орж, хоёр жил шахуу бар, ресторанаар гэр орон хийсэн юмдаг. Агсан согтуу тавьж, хүн амьтантай ч зодоон цохион хийх болсон юм. Уулзаад боль гэхээр биднийг “зовлон ойлгохгүй” байна гэдэг үгээр хариу барьдаг байлаа. Олон ч удаа архиар салалтынхаа гунигийг дарахыг хичээж, охиныхоо ээжид гомдож уусан даа. Энд гэр бүлийн салалтыг эхнэрийнх буруу, нөхрийнх нь зөв гэж бичих гээгүй юм шүү. Гол нь энэ салалтын талаар нийгэм, таньдаг мэддэг хүмүүс тэс ондоогоор хүлээж авч байлаа. Энэ сэдвийг ярих болгонд “Өөрөөс нь болсон биз. Эрэгтэйчүүдээс л болдог шүү дээ” гэх хэвшмэл ойлголтоор хариу барина. Аль эсвэл “Зодож, нүддэг байсан юм байгаа биз” гэж огтоос хийдэггүй үйлдлээр нь хүртэл буруутгана. Үгүй бол “Архи тамхи хэрэглэж, ааш аяг гаргадаг байсан биз” хэмээн дагалдуулна. Хамгийн сүүлд нь “За тэгээд эхнэрээ сайхан байлгаж чаддаггүй байсан юм байлгүй” гэж ор хөнжлийн асуудлыг нь хүртэл сөхсөн нь олон. Энэ бүхнийг харах тоолонд нийгэмд гэр бүл салалт бол эрэгтэй хүнээс л болдог хэмээх ойлголт гүн бат шингэснийг гадарлах болов. Гэтэл тэр салалтын цаана эр хүн ч гэсэн хохирогч болоод үлддэг тохиолдол байдаг билээ. Сэтгэл санаагаараа зовохоос гадна нэмээд нийгмээсээ хүртэл ямар их хүчирхийлэл авдгийг хэн ч харин хэлж үл мэднэ. Дээрээс нь нэмээд хэлэхэд, бие махбодын хүчирхийлэл бол хүчирхийлэл мөн Сэтгэл санааны хүчирхийлэл бол биш гэсэн ойлголт байдаггүй билээ.

“Гол буруутан нь Х, биш А шүү дээ”

Одоогоос дөрвөн жилийн өмнө Төв аймгийн Баянчандмань суманд, тус сумын Засаг даргын орлогч Х, Тамгын газрын мэргэжилтэн эмэгтэйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн хэрэг гарсан билээ. Тухайн үед улс орон даяараа эл хэргийг жигшин зэвүүцэж байлаа. Гэтэл харин хамт явж байгаад айлд хоцорсон, Тамгын газрын дарга А-г хүртэл уг хэрэгт татан оролцуулж, түүнийг буруутгаж нийгэм тэр чигээрээ жигшин зэвүүцсэн юм. Бүхий л нийгмээрээ энэ хоёр залууг хамтад нь буруутгаж, жигшин зэвүүцсэний хойно шүүхээр А-г хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээн тогтоосон билээ. Эрх зүйт нийгэмд мөрддөг, өнөөх “шүүхээр яллагдахаас нааш хэнийг ч гэм буруутайд тооцохгүй” гэдэг алтан зарчим эл хэрэгт лав үйлчлээгүй юм. Гэтэл хэргийн үнэн мөн нь шийдэгдээгүй байхад, манай хэвлэл мэдээллийн байгууллагууд хүртэл өөрсдийнхөө ёс зүйн дүрмээ зөрчин, хэрэгт холбогдолтой нэг залуу, хэрэгт огт холбогдолгүй нөгөө залууг, өөрөөр хэлбэл хамтад нь буруутган мэдээлж байлаа. Монголдоо хамгийн олон уншигчидтай, хамгийн буурьтай, хамгийн том өдөр тутмын сонин хүртэл буруугүй А-г олон нийтэд нэр устай нь зарлаж, шууд буруутгасан нийтлэл, сурвалжилгууд бэлтгэн тавьж байлаа. Цахим орчинд нэр устай, зураг хөрөгтэй нь байршуулж байв. Цахим хуудасны доор “тэр хоёрын унждагийг нь таслаад хаявал таарах юм байна”, “гол буруутан нь Х, биш А шүү дээ”, “тэр хоёрын эхнэр, ээжүүдийг нь зөрүүлээд хүчинд” гэх мэт ёс бус хэллэгтэй мянга мянган сэтгэгдлүүд хөвөрч байсан юм. Мэдээж энд гэмт хэрэгтнийг өмөөрч байгаа хэрэг огтоос биш. Хамгийн гол нь хэрэгт ямар ч холбогдолгүй хүний нэр хүнд, гэр бүл, ажил албан тушаал, сэтгэл санааг хамт хохироож буйг хэн ч анзаараагүй өнгөрөөсөн юм. Нийгэм тэр чигээрээ эрэгтэй хүн цуг явж байсан учир буруутай байгаа гэдэг нүдээр харж, яллаж байсан гэсэн үг л дээ. Гэтэл А-гийн оронд эмэгтэй хүн цуг явж байгаад, айлд хоцорсон бол нийгэм тэр чигээрээ ингэж буруутгах байсан болов уу гэдэг дээр мөн л эргэлзээтэй. Ийм үед эрэгтэй хүнийг буруутгадаг хэвшмэл ойлголтоос болоод нэгэн залуугийн амьдрал дээсэн дөрөөн дээр очсоныг хэн ч харин яриагүй юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч хэргийн үнэн тогтоогдсоны дараа түүнээс уучлал гуйгаагүй билээ...

“Эрэгтэй юм чинь...”

Жендэрт суурилсан хүчирхийллийг зөвхөн эрэгтэй хүн л үйлддэг хэмээн бидний ихэнх нь хол эндүүрч явна. Мөн хүчирхийлэл гэхээр л заавал бие махбодтой холбож бодох нь бий. Гэтэл үнэндээ жендэрт суурилсан хүчирхийлэл гэдэг, жендэр гэдэг бидний заримын төсөөлж буйгаас хавьгүй өргөн ойлголт билээ. Эрэгтэйчүүд ч жендэрт суурилсан хүчирхийлэлд бие махбод, сэтгэл санаагаараа хохирох нь бишгүй дээ бий. Эрэгтэйчүүд ч жендэрийн тулгамдсан асуудал бий. “Энэ эрэгтэй юм чинь зүгээр”, “эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байна”, “эр юм чинь амиа аваад явчих нь, охин үрээ”  гэх дуу хоолой нийгэмд хүчтэй сонсогдсоор удаж байна. Гэтэл зайлуул, өнөөх хэргийн эзэн, хэнгэргийн дохиур эрчүүдийн байдал, асуудал дагуулах хэмжээнд аль хэдийнэ очжээ. Өнөөдөр сургууль завсардаж буй хүүхдүүдийн 70 гаруй хувь нь хөвгүүд байна. Их, дээд сургуульд суралцагчдын 60-аад хувийг эмэгтэйчүүд эзэлж, эрчүүд хол хоцорч явна. Тодруулбал, бакалаврын түвшинд суралцагчдын 58, магистрын түвшинд суралцагчдын 63, докторын түвшинд суралцагчдын 58 хувийг эмэгтэйчүүд л бүрдүүлж байна. 65 нас хүрч байж тэтгэвэрт гардаг эрчүүдийн дундаж наслалт 65.5 хэмээн судалгаа гарсан байна. Гэтэл эмэгтэйчүүдийн маань дундаж наслалт биднээсээ 10 насаар илүүтэй буюу 75 болжээ. Бид мөн л энэ талд дээр хол хаягдаж. Үүнийг нотлох мэт эмнэлгийн байгуулагад эмэгтэйчүүд л илүү ханддаг аж. Амиа хорлолтын 84 хувь нь эрэгтэйчүүд байна. Хошин шог дээр гардаг шиг “бидэнд эрүүлжүүлэх л” илүү оногдох болжээ. Жендэр гэхээр эмэгтэйчүүдээ онцолж ярьсаар, жендэрт суурилсан хүчирхийлэл гэхээр эрэгтэй хүн хүчирхийлсэнийг ярьсаар өнөөдрийг хүрлээ. Эрчүүдийнхээ асуудлыг хэзээ ярих вэ?