ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нарангэрэл: Цахилгаан менингит аминд хүрэх аюултай өвчин

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-12

Сүүлийн тав хоногт ханиад томуугийн өвчлөл нэмэгдсэн талаар мэдээлж буй. Тэгвэл ханиад томуу болон, бусад халдварт өвчин ямар байгаа,  хэрхэн арга хэмжээ авч байгаа талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа. 

-Сурагчдын хичээл эхэл­сэнтэй холбоотойгоор ЭМЯ-наас ямар үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа вэ?

-Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчин, амьс­галын замын цочмог халд­вар, Улаанбурхан өвчнөөс урьд­чилан  сэргийлэх  албан даал­­гавар гарсан. Улмаар дүүр­­гийн эмнэлэг, болон орон нутгийн эмнэлгүүдээс мэдээл­­лийг авч шуурхай ажил­­­лаж байна. Сурагчдын хи­чээл эхэлсэнтэй холбоо­той­гоор зарим арга хэмжээг авч эхэллээ. Тухайлбал, томуу,  томуу төст өвчний халдвар тар­ха­хаас сэргийлэх зорилгоор  сур­гууль цэцэрлэгийн эмч нар өглөө хүүхдүүдээ угтаж авна. Улмаар ханиасан, залгиур хоолой хөндүүрлэсэн хүүхдийг ялган  авч  эцэг  эхэд  нь  буцаах үүрэгтэй ажиллахыг зөвлөж  байгаа.  Нэгдүгээр  сарын дэг­дэлт­тэй харьцуулахад буур­сан хэдий ч шинийн 2.3-ны өдрөөс хойш эмнэлэгт  хандах хүүхдийн тоо нэмэгдсэн. Гэх­дээ томуу, томуу төст өвчин гэхээс илүү амьсгалын замын цочмог халдвартай хүүхэд зон­хилж байна.  Эцэг эхчүүд хөн­гөн  ханиад гэлгүй ямар  нэгэн  шинж тэмдэг илэрвэл эм­нэл­гийн  байгууллагад  яаралтай хандах хэрэгтэй. Нийслэлийн хэмжээнд  ЕБС-ийн сургалтын  үйл ажиллагааг зөвшөөрч байгаа боловч, олон нийтийг  хамарсан үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан. 

-Улаанбурхан болон бусад халдварт өвчний халдвар улсын хэмжээнд хэр байгаа вэ, эцэг эхчүүд юуг голчлон анхаарах ёстой вэ?

-Улаанбурхан өвчин энэ жил огт гараагүй. Гэхдээ ЭМЯ,  Нийслэлийн  эрүүл  мэндийн газ­раас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллээр хангаж байна. Менингококкийн менин­гит буюу цахилгаан менин­гит гэж нэрлэгддэг уг  өвчний хоёр тохиолдол Увс болон Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн. Эцэг эхчүүд  болон  эрүүл  мэндийн  байгууллага түргэн арга хэмжээ авсны үр дүнд хоёр хүүхдийн биеийн  байдал сайжирч байна. Уг  өвчин их аюултайд тооцогддог өвчин. Бусад халдварт салхин цэцэг,  томуу,  томуу төст өвчин хүүхдэд нэг өдрийн  өмнө, эсвэл  хэдэн цагийн өмнө бие нь сульдаж,  нус гоожих маягаар  илэрдэг. Харин цахилгаан менингит их өвөрмөц байдлаар  буюу хүүхэд гэнэт халуурч, оргитол бөөлжих, дагз нь хөших, гэрлээс айх, аливаа зүйлд цочимтгой болох, хөхөө идэж чаддаггүй болох зэргээр илэрдэг. Үүний дараа 1-2 цагийн дараа маш  хурдан тууралт гарч, цусархаг болж үхжих аюултай. Зарим эцэг  эхчүүд энэ өвчнийг танихгүй, гэнэт халуурахад нь тухайн үедээ аргацаагаад өнгөрдөг. Хүүхдэд эдгээр шинж тэмдэг илэрвэл маш  яаралтай эрүүл  мэндийн  байгууллагад  хандаж эмнэлгийн тусламж авч чадвал, 100 хувь эдгэрдэг  өвчин. Яаралтай тусламж авч чадах­гүй бол хүүхэд хүндрэх, цааш­лаад амь нас нь эрсдэх аюултай.  

-Эцэг эхчүүд энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?  

-Халдвар тараагч нь насанд хүрэгчид, эцэг эхчүүд өөрсдөө байдаг. Цахилгаан менингитийн  нян  хүний хамар,  залгиур хоолойд үрждэг. Тиймээс архаг ангинатай эцэг эхчүүд  эмчлүүлэх хэрэгтэй. Эмчлүүлэх боломжгүй бол хоолойгоо царван,  давс, сод, тамедин, лемоны уусмалаар сайтар зайлах хэрэгтэй. Цэвэр буцаслсан  усаар ч хоолойгоо  зайлж болно. Гарын  ариун  цэврийг  сайтар сахих,  хөхөө цэвэрлэсний дараа хөхүүлэх   шаардлагатай. Үүнээс гадна олон нийтийн газраар  хүүхдээ дагуулж явахгүй байхыг нэн түрүүнд  анхааруулж байна. Мөн хүүхдийнхээ биенд  ямар  өөрчлөлт  гарч байгааг анзаарч,  асаргаа сувилгааг  сайтар  хийх, бага насны хүүхдэд өглөө, оройдоо зөгийн бал долоолгож болно. Энэ  халдвар хүний хамар, залгиур хоолойд байдаг тул нян үржиж буй орчныг өөрчлөх хэрэгтэй. Ингэвэл нян устаж,  халдваргүй болдог.