ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хийдэд шавилаагүй лам, аглагт суугаагүй даяанч

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-02-14

Үнэндээ би тэр хүнийг танихгүй. Танихгүй гэдэг нь царай харж, үг сольж, мэнд мэдэж үзсэнгүй гэсэн үг. Гэхдээ үг сольж, мэнд мэ­дэж үзээгүй ч, хөшсөн бийр, бичсэн номыг нь бас чиг олны амаар дамжуулж гадарлана. Хэдийгээр тэрбээр уул хаданд гарч, ой модонд гарч даяанчилж суухгүй ч, сургийг нь сонсох нь гэр­тээ, цуглуулсан номынхоо санд, цаасан дунд орь ганцаар даяан­чилж, бэдэрч, бясалгаж, иссэн бодлоо эвлүүлж суудаг нэгэн. Бас хэлтгий захтай дээл өмсөн, хийд оронд шавилаагүй ч, сэтгэлийнхээ сүмд тарни тоолж суудаг “гэлэн”. Хэдийгээр ган­цаар суух атал өөрийнхөө төлөө биш өрөөлийн төлөө санаа чи­лээж үг эвлүүлж, мөр холбож зовно. Тийм л болоод тэр хү­нээс гарсан үг тийм тансаг байдаг биз.

Бидний багад болдог “Болор цом” наадамд урт цагаан сахалтай, монгол дээлтэй, эгээ­­тэй л цамын цагаан өвгөн шиг өвгөн шүлгээ хэлдэгсэн. Ганц сонсоод утгыг нь ойлгох бүү хэл ганц ганц үгийг нь су­галж аваад ч тайлахад бэрх ховор үгс хэлэн зогсдогсон. Эдү­гээ ч тэр л багад харсан хөрөг яг л хэвээрээ хаа нэг сонин сэт­­гүү­­лийн нүүр, хаяадаа телевизийн эфирт үзэгдэнэ. Гадна талаа­­саа цагаан өвгөн шиг байтал дотор сэтгэл нь бодьсадва шиг ийм л даяанч бидний дунд бий. Бусдыг гэсэн тэр л шана­лан­­даа төр алгаа дэлгэхэд хүртэл “Монголын минь цөө­хөн ард түмнийг ядуу зүдүү хүнгүй, ганц ч гуйлгачингүй бол­го!

Тийм төрөөс л би шагнал авбал авна, үгүй бол үгүй” гэж хэлж чадсан гэгээнтэн. Ийм л нэг яруу найрагч, зохиолч, гүн ухаантан, сэхээтнийг Дамдинсүрэнгийн Урианхай гэ­дэг. Урианхай гуайн хэвлүүлсэн 20 га­ран боть но­моос учиргүй их борлогдсон сураг­гүй атал ун­шихад мэргэшсэн хэн бол­гон түүний бүтээ­лийг шимтдэг нь харин жам. Тийм­дээ ч түүний хүн төрөлх­төнд өргөн барьсан арван боть өн­гөр­сөн жилийн шилдэг бү­тээл болсон. Тэгээд л Монголоос хоёр дахь удаа­гаа нобелийн шагналд түү­ний нэр дэвшиж буй.