ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Ганбат: ЭЕШ-ын дүнгээ өдөрт нь мэдэх боломжтой шилэн технологи нэвтрүүллээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-14

Улс орон даяар ЕБС-ын сурагчдын ЭЕШ-ын цахим бүртгэл эхэллээ. Энэ талаар БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга  Л.Ганбатаас тодрууллаа

-Энэ жилийн ЭЕШ ямар онцлогтой байгаа вэ. Бүртгэл хэдэн хүртэл үргэлжлэх вэ?
-2019 онд ЭЕШ-д 20 мянган шалгуулагч бүртгүүлэх урьдчилсан тооцоо гарсан.  Бүртгэл хоёрдугаар сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 15-ны 18 цаг хүртэл www.eec.mn цахим хуудсаар явагдана. Хугацаа, цаг сунгах,  нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ  жилийн шалгалтын гол онцлог нь шалгуулагчид 14 хоногийн дараа дүнгээ сонсдог  байсан  бол,  энэ жил  шалгалтаа өгсөн даруйдаа мэдэх боломжтой шилэн технологийг 21  аймаг,  есөн дүүрэгт нэвтрүүлэхээр боллоо. Шалгалт авах төв бүрт засалт хийх танхим байгуулах юм. Төхөөрөмжийн хувьд АНУ-д үйлвэрлэсэн. Өнгөрсөн онд энэ төхөөрөмжийг Ховд, Булган аймагт нэвтрүүлж, туршиж үзсэн. Нийтдээ 1300 хүүхэд шалгалтад ороход ямар нэгэн алдаа,  дутагдал гараагүй учир энэ жил улсын хэмжээнд нэвтрүүлж байна.   Хоёр дахь онцлог нь монгол хэлбичгийн шалгалт өмнө нь  босго оноогүй байсныг БСШУС-ын сайдын тушаалаар 400-гаар тогтоосон. Уг шалгалтад бүртгэлийн хураамж төлөхгүй. Харин ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800, батламж хуудасны хураамж 700 төгрөг байна. Шалгуулагчид онлайнаар бүртгүүлэх болон, шалгалт өгөхөөр ирэхдээ бүрдүүлэх материал,  бичиг баримтын жагсаалтыг дээрх цахим хуудаснаас авах боломжтой. 

-Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400-аар тогтоосон гэсэн. Тэнцээгүй шалгуулагч ерөнхий шалгалтаа өгөх эрх нээгдэх үү?
-ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчид  эх хэлний боловсролын чанар,  хэрэглээ, иргэдийн харилцааны соёл,  эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой монгол хэлбичгийн шалгалтад заавал хамрагдах ёстой. Монгол хэлбичгийн шалтгалтыг гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна. Хэрвээ энэ шалгалтад тэнцээгүй буюу босго 400 оноондоо хүрээгүй бол дахин шалгалт өгөх боломжтой. Дахин  шалгалтдаа тэнцээгүй бол, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрх үүсэх боловч,  их дээд сургуульд элсэх боломжгүй гэсэн үг. Тухайн сурагчийн шалгалт  өгсөн батламж хуудас 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Тиймээс  дараа жилийн хавар нь  дахин монгол хэлбичгийн шалгалт өгч тэнцвэл, их дээд сургуульд  элсэж орох эрх нь нээгдэнэ.  Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл мөн өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 04-ний өдрийн 18 цаг хүртэл үргэлжилнэ. Харин суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан гуравдугаар сарын 11-23-ны өдрийн хооронд www.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэж авна. 

-Хөгжлийн бэрхшээлтэй болон, гадаад улсад оршин суугаа иргэд ЭЕШ-т хэрхэн хамрагдах вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн анги, танхимд шалгалт өгнө. Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ боловсролын бичиг баримтыг БСШУСЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирүүлнэ.

-Шалгалтын хугацааг хэзээ товлох вэ?
-ЭЕШ-ын хуваарийг БСШУСЯ-тай зөвшилцөн манай төвөөс зарлана. Монгол хэлбичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна. Шалгалтын байруудыг тоног төхөөрөмжөөр хангасан. Хяналтын камер, сонсголын төхөөрөмж, бар код уншигч, металл илрүүлэгч гэх мэтийг дурьдаж болно.