Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас KFC сүлжээ хоолны газарт хяналт шалгалт хийсэн. Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
-KFC сүлжээ хоолны газрын хоолны дээжээс авсан шинжилгээний хариу хэрхэн гарсан бэ?
-Тандалт шалгалтын хугацаанд хоолны 39 бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн. Мөн эрүүл ахуй, орчин гээд нийт 94 сорьцоос дээж авч шинжилж ажиллалаа. Тухайн салбар 28 ажилтантай. Шалгалтын явцад ажилчдын зарим эрүүл мэндийн шинжилгээ дутагдалтай, дотоод хяналт тавьдаггүй. Үйл ажиллагаандаа 2017 оны МХЕГ-ын даргын зөвшөөрөлгүй А/179 тоот тушаалыг зөрчиж ариутгал халдваргүйтлийн бодис хэрэглэсэн. Мөн хоол үйлдвэрлэх дамжлага алдагдсан байсан. Хамгийн ноцтой зөрчил нь хоол үйлдвэрлэх үйл ажиллагаанд оролцдог ажилчид энэ төрлөөр сургалт эрхэлдэг эрх бүхий байгууллагаас олгосон мэргэжлийн үнэмлэхгүй хүмүүсийг ажилуулж байсан. Тухайлбал, тогооч нар нь мэргэжлийн хүмүүс байх ёстой байтал сургалт эрхлэх зөвшөөрөлгүй байж өөрсдөө дотооддоо сургалт явуулж тогоочоо бэлтгэсэн байна. Зайсан салбарын ажилтан цусан суулга өвчин үүсгэдэг нянгийн халдвартайгаа мэдэхгүй явж байгаад хоол хүнсээр дамжин үйлчлүүлэгчдэд халдварласан байна. Үүнээс гадна ус, ундаанаас нянгийн бохирдлууд илэрсэн. Хоёр ажилтнаас нянгийн халдвар илэрсэн нь “Таван богд хүнс” компанийн дотоод хяналт сул байгааг харуулж байна. Гал тогоонд ажиллаж байсан хоёр ажилтан эхлээд цусан суулга өвчин үүсгэдэг “шигел” нянгийн халдвартай байсан бол цаашлаад хэд хэдэн ажилтан уг нянгийн халдварыг авсан байна. Нян тээж байсан ажилтнууд хэзээ халдвар авсныг тогтоохоор мэргэжлийнхэн ажиллаж байгаа.
-Нийтдээ хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохирсон бэ. Тухайн салбарт ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Уг хордлогын улмаас өнгөрсөн хугацаанд нийт 242 хүнд эмнэл зүйн шинж илэрч, 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хоёрдугаар сарын 9-12-ны өдрийн хоолны дээжээс шинжилгээ авсан. Ингэхэд ундны уснаас халуунд тэсвэртэй савханцар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү илэрсэн. Гал тогоонд ажиллаж байсан хоёр ажилтнаас гадна хэд хэдэн ажилтан өвдсөн байгаа. Тиймээс энд ажиллаж байгаа ажилтнууд өөрсдөө эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зохих журам, стандартын дагуу үзлэгт хамрагдсан уу, нян тээгч архаг өвчтөн байсан уу гэдгийг шалгаж байгаа. Гарсан зөрчлийг үндэслээд Зайсан салбарын үйл ажиллагааг зогсоосон. Шүүхийн шийдвэр гарвал бүр мөсөн зогсооно. Таван сая хүртэлх төгрөгийн торгууль ноогдуулдаг. Мөн хохирсон иргэдийн гомдлын дагуу хүн тус бүрт бодит хохирлыг төлүүлнэ. Үргэлжлүүлэн 11 салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөж байгаа.
-Уснаас нян илэрсэн гэж мэдээлсэн. KFC Зайсан салбараас гадна бусад айл өрх, байгууллагууд бохирдолтой ус хэрэглэсэн гэсэн үг үү?
-Зайсан орчим ус ариутгах татуургын хэсгийн сүлжээтэй. KFC Зайсан салбарын хувьд хажуугийн барилгынхаа гүний худгаас ус авдаг. Ус ямар шалтгаанаас үүдэн бохирдсоныг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Усны хувьд 2018 онд шинжилгээнд хамруулахад нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Гүний худгаас ус авдаг гурван барилга байгаа. Тухайн ашиглагч байгууллага усаа авч цэвэршүүлээд хэрэглэдэг. Тэгэхээр тухайн компанийн үйл ажиллагаатай холбоотой гэсэн үг. Эх үүсвэр дээрээ бохирдсон уу, нөөцлүүрийн сав буюу дамжих шугам хоолойндоо юу, эсвэл шүүлтүүрийн хэсэгтээ бохирдсон уу гэдгийг дээж авч шинжилгээнд хамруулна.
-Тухайн салбарын тусгай зөвшөөрлийг цуцлах уу?
-Монгол Улсын хэмжээнд Тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг газрууд бий. Тухайн тусгай зөвшөөрлийнхөө шаардлагыг хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг.Зайсан KFC-гийн салбарын тухайд хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг учир Мэргэжлийн хяналтын байгууллагын бүртгэлд бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр тусгай зөвшөөрөл шаардлагагүй. Хэрвээ тухайн зөрчлөө арилгаад, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст учруулсан бодит хохирлыг нөхөн төлүүлсний дараа тухайн аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаагаа дахин явуулахыг үгүйсгэхгүй.