Хүүхдүүдийн дунд шүдний цоорол, амны хөндийн өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байгаа. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн аж. Энэ талаар ЭМДЕГ-ын тусламж үйлчилгээний чанарын газрын мэргэжилтэн Ж.Энхбилэгээс тодрууллаа.
-Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрийн хүрээнд ямар үйлчилгээг, хэрхэн үзүүлэх вэ?
-Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөр батлагдсан байдаг. Хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эмчилгээ, эрүүлжүүлэх” ажлын удирдамж батлагдсан. Үүний дагуу хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах ажлыг Эрүүл мэндийн даатгадын ерөнхий газраас зохион байгууллаа. Улсын хэмжээнд нийт 243 шүдний эмнэлэг материал ирүүлснээс 199 эмнэлгийг сонгосон. Улаанбаатар хотод 115, хөдөө орон нутагт 84 эмнэлэг дээрх хөтөлбөрт хамрагдахаар сонгогдлоо. Гэрээгээ хийсэн учир үзлэг эхлэхэд бэлэн болж байна. Хөтөлбөрийн хүрээнд, амны хөндийн шүдний урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө, цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон, эрдэсжүүлэх түрхлэг, цоорлоос хамгаалах түрхлэг, шүд авах гэсэн зургаан төрлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Хүүхдүүд тухайн харъяа дүүргийнхээ сонгогдсон эмнэлгүүдээс дээрх тусламж үйлчилгээг авна.
-Хөтөлбөр хэдэн жил үргэлжлэх вэ. Хэдээс хэдэн насны хүүхдүүд хамрагдаж болох вэ?
-“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр 2023 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Хүүхдийн насны хувьд 2-12 насны хүүхэд байх бөгөөд нэг хүүхэд таван жилийн хугацаанд нэг л удаа хамрагдана. 2019 ондоо 2-6 насны хүүхдүүдийг хамруулах зорилт тавин ажиллаж байна. Гэхдээ зорилтод бүлгийн 2-12 насны хүүхдүүдээс 7-12 насны хүүхэд үзлэгт хамрагдахаар ирвэл буцаахгүй гэдэг үүрэг өгсөн. Гэрээ байгуулсан шүдний эмнэлгүүдтэй манай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хоёр удаагийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар сургалт зохион байгуулах, Эрүүл мэндийн сайдын удирдамжийн талаар мэдээлэл өгсөн. Үүнтэй уялдуулан манай газраас цахим бүртгэлийг шинэчилсэн байгаа.
-Санхүүжилт Эрүүл мэндийн даатгалын сангаас гарч байгаа юу. Нийтдээ хэчнээн төгрөгийн санхүүжилттэй вэ?
-Санхүүжилтийн хувьд даатгалын сангаас биш, Эрүүл мэндийн сайдын багцаас гарч байгаа. Хэдийгээр яамны багцаас гарч байгаа ч, ЭМДЕГ-т сонгон шалгаруулалт хийх, гэрээ байгуулах, хяналт тавих, цахим бүртгэл, санхүүжилт, тусламж үйлчилгээний эрхийг Эрүүл мэндийн сайд манай газар шилжүүлчихсэн байгаа. 2019 онд улсын хэмжээд дөрвөн тэрбум төгрөг зарцуулна. Нэг хүүхдэд 60 мянган төгрөгийн эмчилгээ үзлэг хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, шүдээ эмчлүүлэхээр ирсэн бүх хүүхэд амны хөндийн шүдний урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө, цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ,урьдчилан сэргийлэх болон, эрдэсжүүлэх түрхлэг, цоорлоос хамгаалах түрхлэг шүд авах бүх үйлчилгээнд хамрагдаж болно. Тийм учраас нэг удаагийн үзлэгт хамруулаад бүх хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийг нь эмчилнэ гэсэн үг.
-Нэг хүүхдийн эмчилгээ 60 мянган төгрөг гэлээ. Хэрвээ үзүүлэх гэж буй хүүхэд зөвхөн зөвлөгөө авахаар ирсэн бол яах вэ?
-Мэдээж хүүхэд бүр шүдний цооролттой байхгүй. Тиймээс тухайн хүүхдэд зөвлөгөө өгсөн байсан ч 60 мянган төгрөгийг тухайг эмнэлэгт нь өгнө. Харин зөвлөгөө авсан хүүхдийн эмчилгээнд зориулсан 60 мянган төгрөгийг 2, 3 шүд нь цоорсон, олон эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдийн эмчилгээнд шилжүүлээд явна гэж ойлгох хэрэгтэй. Тухайн гэрээ байгуулсан эмнэлгүүд ямар ч хүүхдийн шүдийг бүрэн хэмжээнд эмчлээд, мөнгө төлбөр авахгүй, буцаахгүй байх үүрэг хүлээж байгаа. Эмнэлгүүдэд ч бид эрүүл ахуйн шаардлагыг маш сайн тавина. Давхар эцэг, эхчүүдэд ч амны хөндийн эрүүл мэндээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сурталчилгааг зохион байгуулна.