Хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн үйл ажиллагаанд ямар ч хүн иргэний үүргээ биелүүлэн оролцох ёстой талаар тэр бүр мэддэггүй. Ойлголт байхгүй учир зарим тохиолдолд очдоггүй аж. Тэгвэл энэ талаар “Монголын хуульчдын холбоо”-ны гишүүн, өмгөөлөгч О.Санчирбалаас тодрууллаа.
-Шүүхийн үйл ажиллагаанд жирийн иргэдийг хэрхэн сонгож оролцуулдаг вэ. Тэд ямар үүрэгтэй вэ?
-Иргэдийн төлөөлөгчийг санамсаргүй байдлаар шүүхийн байгууллагаас сонгож тухайн хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд оруулдаг журамтай. Бүрэлдэхүүнтэй гэдэг нь гурван шүүгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулдаг. Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад иргэдийн төлөөлөгчийг оролцуулахаар заасан байгаа. Иргэдийн төлөөлөгч нь тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг, ял шийтгэл авч байгаагүй, тухайн хэрэгт ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Шүүх бүрэлдэхүүн хөндлөнгөөс үг хэлэх эрхийг олгодог. Гэм буруутай эсэхээр дүгнэлт гаргадаг.
-Хэрвээ тодорхой шалтгааны улмаас очоогүй бол тухайн иргэн хариуцлага хүлээх үү?
-Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ ногдуулдаг. Тухайн сонгогдсон хүн ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд, ажлаас нь чөлөөлөөгүй бол аж ахуйн нэгжид арга хэмжээ авдаг хуулийн зохицуулалт бий. Шүүхээс мэдэгдэх хуудас очих ёстой. Хэрвээ очсон тохиолдолд тухайн аж ахуй нэгж байгууллага ажилтанд цалинтай чөлөө олгох ёстой юм. Ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очоогүй бол шүүхийг үл хүндэтгэсэн гэж үзнэ. Зөрчлийн тухай хуулийн 15.3 дугаар зүйлд зааснаар “Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож, шалгарсан хүн хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хурлын үйл ажиллагаанд оролцоогүй, санаатайгаар зайлсхийсэн бол 300 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хуульд заасан ажил олгогч шүүх хуралдаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа чөлөө олгоогүй, эсвэл ямар нэгэн байдлаар саад учруулсан бол 1000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байгаа.
-Иргэдийн төлөөлөгчөөр ажилласан иргэнд тодорхой цалин, урамшуулал олгох уу?
-Иргэдийн төлөөлөгчөөр ирсэн иргэнд шүүхээс тодорхой хэмжээний урамшуулал олгоно.
-Зарим шүүх хуралдаанд хөндлөнгийн гэрч бас оролцдог шүү дээ. Энэ нь иргэдийн төлөөлөгчөөс тусдаа ойлголт уу?
-Тийм ээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг тодорхой тохиолдолд оролцуулдаг. Үүнд хэргийн газрын үзлэг, цогцос, задлан шинжилгээ, бичиг баримтад үзлэг хийхэд прокурор мөрдөгчөөс гадна хоёр буюу түүнээс дээш этгээдийг хэрэгт хөндлөнгийн гэрчээр оролцуулах тухай юм. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг танилцуулж өгнө. Хөндлөнгийн гэрч нь насанд хүрсэн, тухайн хэргийн талаар өөрийн ашиг сонирхолгүй, тодорхой оршин суух хаягтай, бичиг баримттай байх ёстой. Хөндлөнгийн гэрчээр ямар ажиллагаанд оролцуулах гэж байгаагаас мөн шалтгаалдаг.
-Иргэдийн төлөөлөгч шиг заавал оролцох ёстой юу?
-Хөндлөнгийн гэрчийг дуудаж оролцуулах хуульд тодорхой заасан зохицуулалт байхгүй. Хөндлөнгийн гэрчээр орж буй тухайн хүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой үзлэг, хийх явцдаа нууцыг хадгалах үүрэгтэй. Тэр үүргийн зөрчиж, хэргийн үйл баримтыг задруулсан бол хариуцлага тооцдог.