ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОБЕГ-ын дараагийн даргын сунгаа эхэлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-11

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар өнгөрөгч баасан гарагт томилов. Авлига, албан тушаалын хэрэгт холбоотой хэмээн яригдаж байсан ч албан тушаалаа ахиулж чадсан түүний хувьд улс төрийн томоохон дэмжлэгтэй гэдгээ үүгээр нотолжээ. Тэгвэл энэ өдрүүдэд ОБЕГ-ын дараагийн дарга хэн бэ гэх сунгаа хэдийнэ өрнөж эхэлжээ. Өрсөлдөөнд гурван хүн яригдаж буй бөгөөд бүгд л өөрийгөө мундаг, сайхан, чадвартай, чадалтай хэмээн хэвлэлээр болон соошл сүлжээгээр магтуулж эхэлжээ. Тэгвэл энэхүү албан тушаалд хэн хэн яригдаж буйг онцлоё.

Нэгдүгээрт, Улсын онцгой комиссоос байгуулсан “Шуурхай штаб”-ыг удирдаж буй ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярын нэр яригдаж байна. Түүний хувьд 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Цэргийн эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Мөн Төрийн захиргааны институтыг Удирдахуйн ухаан, Удирдлагын академи, ХСИС-ийг тус тус төгссөн. 1991 оноос Цэргийн нэгдсэн дээд сургуулийн дамжааны захирагчаар ажлын гараагаа эхэлж, Батлан хамгаалах яам, Булган аймгийн Цэрэг, иргэний штаб, Улаанбаатар хотын Онцгой байдлын газарт тасралтгүй ажиллаж байгаа юм. Харин 2017 оноос эхлэн ОБЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллажээ.

Тэгвэл дараагийн нэр дэвшигч болох ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян нь 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн аж. 2000-2003 онд ХБНГУ-д мэргэжлээ дээшлүүлж, Төрийн захиргааны их сургуулийг тус тус төгссөн байна. Г.Ариунбуян генералын тухайд 1989 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны даргаар ажлын гараагаа эхэлж, мөн л 2017 оноос ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга болж дэвшжээ. Мөн энэ суудалд НОБЕ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн ч санаархаж байгаа аж.