НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн Ж.Нармандахаас ажилгүйдлийн тэтгэмжийн талаар тодрууллаа.
-Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар шалтгаантай хүмүүст олгодог вэ. Авах эрх нь хэрхэн нээгдэх вэ?
-Даатгуулагч ямар нэгэн шалтгаанаар эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, халагдсаны улмаас тодорхой хугацаагаар орлогогүй болж, амьдралын баталгаа нь алдагддаг. Энэхүү эрсдэлийг бууруулах, ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн шалтгаанаас үл хамаараад даатгуулагчийн дараагийн ажилд орж орлоготой болох хүртэлх тодорхой хугацаанд дээрх сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө буюу тэтгэмж гэж ойлгож болно. Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь ажилтан ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх ёстой. Үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ. Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сар буюу түүнээс дээш хугацаагаар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх дахин үүсдэг.
-Хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед өнөөдрийн байдлаар хичнээн хүн ажилгүйдлийн тэтгэмж аваад байгаа вэ?
-Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар ажилгүйдлийн даатгалын сангаас 7498 даатгуулагч тэтгэмж авсан байна. Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 6971 даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авч байсан байна. Ер нь жилээс жилд ажил олгогч, даатгуулагчийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авч байгаа иргэд, даатгуулагчийн тоо бас өсдөг. Тиймээс хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авагчдын тоо огцом нэмэгдсэн гэж үзэхгүй.
-Ажлын байрны цомхотголд орсон болон өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан иргэдийн тэтгэмжийн хэмжээ, ялгааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас халагдсан шалтгааныг үл харгалзан олгодог хуулийн зохицуулалттай. Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн гурван сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцож олгодог. Өөрөөр хэлбэл, тав хүртэлх жил ажилласан бол 45 хувиар, 5-10 жил ажилласан бол 50 хувиар, 10-15 жил бол 60 хувиар, 15-аас дээш жил ажилласан тохиолдолд 70 хувиар бодож ажлын 76 өдрийн буюу календарын гурван сар хагасын хугацаанд цалингийнхаа 45-70 хувиар ажилгүйдлийн тэтгэмж авдаг.
...Монгол Улсын нийгмийн даатгалын тухай хуулийн зургадугаар зүйлд зааснаар “Ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс тухайн даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах эрхээр хохирсон бол тухайн хохирлыг ажил олгогч нь бүрэн хариуцаж төлнө” гэж заасан байдаг...
-Ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх бичиг баримтын тухайд?
-Тухайн иргэн ажлаас халагдсанаас хойш 14 хоногийн дотор харьяа орон нутгийнхаа Нийгмийн даатгалын хэлтэст ажлаас халагдсан тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, ажилгүй болсноо Хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлэн өгч ажилгүйдлийн тэтгэмжээ авна.
-Ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа сайн дураар нийгмийн даатгал төлж болох уу. Энэ нь ямар журмаар зохицуулагдах вэ?
-Даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа сайн дурын даатгалд хамрагдаж болно.
-Ажилчид нийгмийн даатгалаа төлөөд явсан хэр нь байгууллага нь өртэй тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй гэсэн асуудал үүсдэг. Ажилчдыг хохироохгүйн тулд яах ёстой вэ?
-Монгол Улсын нийгмийн даатгалын тухай хуулийн зургадугаар зүйлд зааснаар “Ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс тухайн даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах эрхээр хохирсон бол тухайн хохирлыг ажил олгогч нь бүрэн хариуцаж төлнө” гэж заасан байдаг. Гэхдээ цар тахалтай холбогдуулан, аж, ахуйн нэгж байгууллагуудын эдийн засгийн хүндрэлтэй энэ үед нийгмийн даатгалын байгууллагад урсгал өртэй ажил олгогчийн даатгуулагчдад ажилгүйдлийн тэтгэмжийг өгч байгаа.