Монгол Улсад авто тээврийн салбар байгуулагдаад бүхэл бүтэн 95 жилийг ардаа орхисон атлаа шинэчлэл, өөрчлөлт байхгүй шинэ зуунтай золгосон. Салбар бүхэнд хөгжил дэвшил яригдаж, цахим эрин зуун руу алхаж байхад ганцхан энэ байгууллага л дугаарын наймаа, хууль бус асуудал, авлига албан тушаалын асуудлаар жилдээ л нэг биш нэлээд хэдэн ажилчид нь "хэцүү нэрт" рүү ачигддаг, эс бөгөөс АТГ-ын үүд сахидаг болсон нь худлаа биш. Энэ байгууллага 95 жилийн хугацаанд өөрийн гэсэн бие даасан болон дагалдах хуулиудтай, удирдлага болоод чиг үүрэг, бүтэн зохион байгуулалттай гээд дутуу зүйл нэгээхэн ч үгүй ажээ.
Хэн ч хаанаас нь харсан “элэг бүтэн” ажиллаж байгаа төрийн өмчит газар. Гэвч үеийн үед эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхлын хүслээ гүйцээх гэсэн хэн нэгний, хэсэг бүлгийн хоргодох газар болж, авлигын сүлжээг цэцэглүүлдэг талбар болсоор удав. Үндсэн чиг үүргийнхээ дагуу ажилласан бол авто тээврийн салбар өнөөдөр элгээрээ мөлхөхгүй. Төр болон ард иргэдийнхээ төлөө ажилладаг байсан бол авто тээврийн бүртгэлээс эхлээд техникийн хяналтын мэдээлэл, арал солих, ослын дүгнэлт, хуурамч дугаар, үнэтэй дугаарын наймаа гээд бүхий л асуудал нь амжиргаагаа дээшлүүлэх гэсэн хэн нэгний олз болохгүй байв. Ерөөс авлигадаа идэгдсэн авто тээврийн салбарт чин үнэнчээр ажиллах хэн нэгнийг л томилж чадахгүй бол татан буулгаж, Зам тээврийн яамны жижиг хэлтэс болгоход ч буруудах зүйл алга болжээ. Авлигын асуудал байсхийгээд л дэгддэг тус байгууллагатай холбоотой хамгийн сүүлийн мэдээллийг уншигч та санаж буй биз. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт тус байгууллагын хоёр ажилтныг мөн л АТГ-аас шалгаж байна гэдэг мэдээлэл өглөө. Үүнийг АТГ-ын эх сурвалж ч нотолсон бөгөөд тус газрыг өдгөө удирдаж буй Б.Гүрсоронзон дарга ч үгүйсгээгүй юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ байгууллагатай холбоотой ямар ямар факт, баримт гарч байсныг эргэн сануулъя.
Баримт 1: АТГ-аас 2018 оны сүүлээр тус байгууллагад гэнэтийн шалгалт хийж, АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг баривчилсан юм. Улмаар албан өрөөнөөс нь 57 сая төгрөгийн авлигыг илрүүлж байлаа. Харин түүнийг нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, хууль бусаар олсон 60 гаруй сая төгрөгийг улсын орлого болгон ялгүй өнгөрүүлж байсан удаатай. Мөн түүнтэй хамт хэд хэдэн ажилтныг шалгасан ч баримтаар нотолж чадаагүй.
Баримт 2: АТҮТ-ийн Тээврийн ухаалаг, систем, өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтэн Э гэгч нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэргийг АТГ-аас шалгаж байлаа. Тэрбээр, эрх мэдлээ урвуулж 2017 оны долдугаар сард төв сервертээ нэвтэрч, Тавантолгойн нүүрсийг зөөдөг БНХАУ-ын компаниудын машинд дугаар олгохоор хуурамч материал бүрдүүлж байсан хэрэгт холбогдсон юм. Өөрөөр хэлбэл, АТҮТ-д ажиллаж байгаад өөр ажилд шилжсэн хүмүүсийн нэрээр нэвтэрч, Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд худал мэдээлэл оруулах, зарим мэдээллийг устгаж, өөрчилсөн, хуурамч бүхий бичиг баримт үйлдсэн нь шалгалтаар тогтоогдож байлаа.
Баримт 3: АТҮТ-ийн ахлах мэргэжилтэн Г.Шүрэнчимэг, мэргэжилтэн О.Адъяасүрэн, Ч.Мөнхзул, М.Дархижав, улсын бүртгэгчээр ажиллаж байсан Л.Хантайшир, Архивын лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг, тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэдэг “Крэйзиспийд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Амарзаяа нарыг саатуулж байлаа. Тэд улсын хилээр түр горимоор орж ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байхад буцааж, гаргалгүй улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоод зогсохгүй мөнгө угааж байсан хэрэгт холбогдож байв. Тэд тээврийн хэрэгслийн шинэ сери дугаараас дөрвөн ижил, гурван ижил 00-р эхэлсэн дугаарыг бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаарт хадгалж, 300 мянган төгрөгөөс хоёр сая төгрөгийн авлига авч зарсан байдаг.
Баримт 4: Авто тээврийн үндэсний төвийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А,Ш нар нь үгсэн хуйвалдан “Есөншижир” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 9 сая төгрөгийн торгуультай 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс худал мэдээлэл оруулан хасаж, уг компаниас 2.1 сая төгрөгийг авсан, нэг аралын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд 3 өөр номертой гэрчилгээг гаргаж худал мэдээлэл бүртгэлийн систем оруулах зэрэг хэрэгт холбогдуулан гэр, ажлын байранд нэгжлэг хийн 48 цагаар хорих 461 дүгээр ангид баривчлан шалгаж байсан.
Баримт 5: Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх АТҮТ-ийн харъяа тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнүүд зохих хурлын шийдвэргүйгээр “Ажнай хишиг” ХХК-нд 12, “Мэнд транс” ХХК-нд найм, “Хан хүч транс” ХХК-нд 12, “Өсөх баян транс” ХХК-нд 19, “Банч транс” ХХК-нд 40, “Цэций цагаан луус”ХК-нд 58 ширхэгийн тусгай зөвшөөрлийн эрх олгож, эрх мэдэл албан тушаалаа ашигласан нь тухай мэдээлэл бий. Тэгвэл энэхүү зөвшөөрлийг АТҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Ш.Батсайхан олгосон гэх дуулиан өнөө хэр ч намжаагүй байна.
Баримт 6: АТГ-аас өнгөрөгч амралтын өдөр АТҮТ-ийн Бүртгэлийн тасгийн дарга Ч.Болор, ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг нарыг авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан юм. Тэднийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээллийг дагуу АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзонтой бид утсаар холбогдоход “Тэднийг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. Харин хорьж, цагдсан зүйл байхгүй гэж байсан. Манайхыг байнга шалгадаг. АТГ-аас тайлбар аваад явдаг байсан” хэмээн тайлбар өгөв. Авлига, хүнд суртал хоёртойгоо энэ мэтээр эвлэрсэн удирдлагуудад хариуцлага тооцож, энэ байгууллагад төрийн төмөр нүүрийг хэзээ харуулах вэ. Бид цаашдаа ч олон асуудлыг эргэж сөхөх болно.
Үргэлжлэл бий...