Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй шинэ цэвэрлэх байгууламжийн хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ юм. Уг төслийн нийт өртөг нь 262,7 сая ам.доллар аж.
Одоо ашиглаж буй цэвэрлэх байгууламж хоногт 160-190 метр куб бохирдсон усыг цэвэрлэх боломжтой бол шинээр баригдаж буй цэвэрлэх байгууламж нь 250000 метр кубын хүчин чадалтай аж. 2024 онд бүрэн хүлээлгэж өгөх уг томоохон бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-ыг хамтарсан консорциум ерөнхий гүйцэтгэгчээр шалгарчээ. Харин Монгол улсад мөрдөгдөж буй норм дүрэм, стандартад нийцүүлэн хөрвүүлэх, орчуулах албажуулах болон зарим туслах барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн ажлын зураг төслийг дотоодын компаниуд гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар барилгын талбайд 140 монгол, 45 хятад инженер техникийн ажилтан ажиллаж байгаа аж.
Цэвэрлэх байгууламжийн төслийн ажилтай танилцсан Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлэхдээ, “Анх 1965 онд баригдсан цэвэрлэх байгууламж Улаанбаатар хотын өнөөдрийн хүчин чадлыг хангаж чадахаа больсон. Тэр ч утгаараа одоогийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийгдэж байгаа. Уламжлалт загвараар зөвхөн лаг байсан бол энэ удаад лагын усыг шавхаж, хатаадаг технологиудыг барих ёстой. Гэрээнд заасан хугацаанд хүлээж авах асуудалд БХБЯ болон холбогдох яам, байгууллагууд хамтарч ажиллана. Өнөөдөр ажлын явцтай танилцахад хэд хэдэн хүндрэлтэй асуудал гарч байна. Нэгдүгээрт, инженерийн шугам сүлжээний хангамжийн асуудал. Тухайлбал 25 мегаваттын станц нь 40 болж, 15-аар нэмэгдэж цахилгааны хангамжийг өргөтгөх ёстой. Эрчим хүчний яам удаа дараа санхүүжлтийн асуудлыг улсын төсөвт оруулсан боловч шийдүүлж чадахгүй байна. Тэгэхээр цахилгаан хангамжийг сайжруулж байж цэвэрлэх байгууламж ашиглалтад орно. Хятадын компаниуд хариуцлагатай байвал яг хугацаандаа барилга ашиглалтад орно. Гэтэл дараагийн тулгамдаж байгаа асуудал нь бохирын шугам нийлэхгүй бол ашиглах боломжгүй шүү дээ. Тэгэхээр үүнд 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байж шугам сүлжээ баригдахаар яригдаж байна. Түлхүүр хүлээлгэж өгөх нөхцлөөр хийгдэж байгаа ажил учраас хаа хаанаа анхаарах ёстой” гэв.
Ирэх онд БНХАУ-аас 400-500 ажилтан, монголын талаас 1000 орчим ажилтан шаардлагатай
Цэвэрлэх байгууламжийн шугам сүлжээг байгуулахад нийслэлийн нутаг дэвсгэрийн чухал байршлуудаар дайран өнгөрөх учраас газар олголтын асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай гэдгийг онцлов. Үүнд нийт 10 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэдгийг салбарын сайдад албаныхан учирлалаа. Гэхдээ газар чөлөөлөлттэй холбоотой шаардлагатай ажлуудыг мөнгө, санхүүжилт хараад байлгүй хийгээд явж байгаа гэдгийг хэлсэн юм.
Коронавирусын халдвартай холбоотойгоор барилгын явцын ажлын хугацааг хоёр хуваажээ. Тодруулбал, богино хугацааны буюу 2020 оны ажил, урт хугацааны буюу 2023 оны наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл барилга угсралтын ажлыг бүрэн дуусгана. Үргэлжлүүлэн 6,5 сард нь Монгол улсын норм стандартын дагуу ус сувгийн ажилчдыг бэлтгэх ажлыг хийх аж. Улмаар 2024 онд Засгийн газарт бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа талаар “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нэгж”-ийн зохицуулагч Т.Болорчулуун хэлж байв.
Ирэх оноос барилгын талбайд БНХАУ-аас 400-500 ажилтан, Монголын талаас 1000 орчим хүнийг ажиллуулж байж барилга угсралтын ажлыг шахаж, хугацаанд нь хүлээлгэж өгөх юм байна. Энэ талаар “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн удирдлагын баг”-ийн ерөнхий инженер Шиун Ли Бин хэлэхэдээ, “Энэ жилийн хувьд одоо хийж буй ажлаа дуусгаад, орц гарцын барилгын ажлыг эхлүүлнэ. Бусад гадна шугам сүлжээний холбогдох зураг төслийг магадлалаар оруулах ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байна. Харин 2021 онд барилга угсралтын ажлыг 90-100 хувь дуусгах бол 2022 онд инженерийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэнэ. 2023 оны наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд бүх тоног төхөөрөмжийн суурилуулалт хийгдэж, бүх тохирогоог хийхэд бэлэн болгоно. Өнөөдрийн байдлаар тулгарсан хүндрэлтэй асуудал байхгүй” гэлээ.
Биднийг очиход биологи цэвэрлэгээний барилга болох аэротенкийн барилгын хоёр блок барилгын нэгдүгээр блокын хэсгийн суурийн бэлтгэл болох 13000 метр куб хөрс хуулалт, суурийн бэлтгэл бетон цутгалт болон арматурчлалын ажлыг хийж байлаа. Барилгын талбайд ажиллаж буй ажилчид өглөө 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд ажиллаж байгаа аж. Учир нь хүйтний улирал ирж байгаа учраас 45 хоногт хийх барилгын ажил байгаа тул шахуу ажиллаж байгаа гэдгийг хариуцсан мэргэжилтнүүд хэлж байсан юм.