Улаанбаатар хотын авто замын түгжрэл жилийн жилд асуудал дагуулдаг ч өнөөдөр шиг туйлдаа хүрч байсангүй. Авто замын түгжрэлийг сааруулах, цэгцлэх, зохион байгуулалт, арга хэмжээ, шийдэл огт алга, манай хотод. “Эзэнгүй төрийн эмгэнэл” гэсэн дүр зурагтай сар гаруй болов. Хот удирдаж байгаа хүмүүс юу хийж, бүтээж, шийдэж байна вэ. Удахгүй Орон нутгийн сонгууль болох гэж байгаа юм чинь гэдэг шиг асуудалд хандаж боломгүй баймаар.
Өөрөөр хэлбэл, "буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй " гэдэг шиг л гараа хумиад зүгээр суугаад байж болох уу. Эрх мэдэл, албан тушаалын “бялуу” хүртэх болохоор өдөр шөнөгүй хуралдаж, завсарлага авахгүй шийдвэр гаргадаг атлаа ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө ганц үг, ганц шийдэл ч гаргалгүй яагаад таг дуугүй байна вэ. Шинэ хичээлийн жил эхлээд хэдхэн хоноход Улаанбаатар хотын авто зам “аварга том авто зогсоол” болж хувирлаа. Уртаас урт дараалал үүсч, хүмүүс машиндаа амьдарч байна. Бүхэл бүтэн 30 минут зогсоход метр хүрэхтэй үгүйтэй урагшилж байгааг юу гэж ойлгох вэ, эрхэм дарга нар аа.
Бага насны хүүхдүүд урт цувааны ая даалгүй уйлж байна. Зарим нь тэсэлгүй өмдөндөө хүртэл бие засчихлаа гээд эмзэглэн ярьж байх аж. Сургууль, цэцэрлэг, ажлаасаа хоцрох нь хэвийн үзэгдэл болоод удлаа. Тэр бүү хэл, өндөр настан нэг эмнэлгээс нөгөөгийнх нь хаалгаар орж амжилгүй амьсгал хурааж байгаа гашуун түүх ч байгаа шүү дээ. Төрөх дөхсөн тулгар гэдэстэй эх эмнэлгийн тусламж авч чадахгүй замдаа мэндэлж байна. Ердөө хэдхэн хоноход бүхэл бүтэн 30 жилийн амьдрал үзсэн дайны зүйл Улаанбаатар хотод өрнөж байх юм. Энэ бол “эзэнгүй, эмх замбараагүй, уялдаа, холбоогүй ажилладаг” удирдлагууд болон дарга нарын буруу.
Хэдийгээр дэлхий нийтэд тархсан цар тахлын үед онцгой дэглэмтэй байх нь зөв хэдий ч эмх замбараагүй, эцэс төгсгөлгүй хайнга шийдвэр гаргаж байгаагийн илрэл ердөө энэ юм. Төрийн шийдвэр, бодлого аль ч түвшиндээ хүрч чаддаггүйн тод жишээг бид өнгөрсөн хэдхэн хоногт харлаа, үзлээ. Дор бүрнээ арьсаа хамгаалсан, түүхий шийдвэр гаргачихаад түүндээ “дасан зохиц” гээд хаячихаж болдог юм уу. Тухайлбал, БСШУЯ-наас их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг тодорхой хэмжээний зохицуулалтад оруулсан хэдий ч зохион байгуулалт муутайгаас болж авто замын түгжрэл үүсэх гол шалтгаан болж байгаа нь нууц биш. Хүүхдээ хоёр цаг хичээллүүлэхийн тулд эцэг эхчүүд сургуулийнх нь гадаа амьдрах нь холгүй байна.
Удахгүй МСҮТ, Их, дээд сургуулийн хичээл эхэлбэл, нийслэлийнхэн гэртээ харих талаар бодох ч хэрэггүй болно. Зөвхөн нийслэлчүүдийн 50 хувь замын хөдөлгөөнд оролцоход ачааллаа даахгүй болж байна шүү дээ. Тиймээс БСШУЯ-нд эцэг, эхчүүд ажилтай байна уу, үгүй юу, хүүхдээ сургана уу, байна уу огт хамаагүй. Зөвхөн УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрт үндэслэж, ажилласан болоод өдөр хоног аргацааж суух уу. Тэдэнд хүүхдийн эрх түй ч хамаагүй. Харин Улаанбаатар хотын удирдлагуудад иргэд замдаа түгжирнэ үү, амиа алдана уу, ажлаасаа хоцрох эсэх нь огт хамааралгүй ажээ. Шаардлага тавьсан нэгний өөдөөс авто замын урсгал засвар, түгжрэлийг бууруулах стратеги, дугаарын хязгаарлалт зэрэг хэдхэн үгээр ам хаачихаад сууж байх юм.
Гэтэл бодитоор хийсэн зүйл огт үгүй. Шийдэл, гарц гаргалгаа нь зөвхөн цагаан цаасан дээр бууснаас хэтрэхгүй бөгөөд түгжрэлд шийдэл хайхгүй байсаар өдийг хүрэв. Аргаа барахад, төрийн албан хаагчийн ажлын хуваарьт өөрчлөлт оруулж 07.00 цагаас эхлүүлж болно. Мөн сургуулийн хүүхдийн автобусны тоо болоод чиглэлийг нэмэгдүүлэх боломжтой. Олон ажилтантай хувийн байгууллагууд хүмүүсээ автобусаар авах, хүргэх зэрэг шийдлүүдийг цаашид нэмэгдүүлэх боломж хүртэл бий. Цаашилбал, дагуул хотыг дагасан автомашин, барилга байгууламж, худалдаа үйлчилгээ, боловсролын байгууллагыг нийслэлээс гаргаж, томоохон өөрчлөлтийг эхлүүлэх шаардлагатай гэдгийг авто зогсоол болсон хотын өнөөгийн өнгө төрх харуулчихлаа. Эдгээр шийдэл бодит ажил болохгүй байсаар байвал цаашдаа бид метрополитан хотод бус зогсоолд амьдарч байгаагаас ялгаагүй болох биз ээ.