ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

100 мянган оюутан айсуй, түгжрэлээ хэрхэх вэ Ж.Батбаясгалан дарга аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-09-15

-Аз жаргалгүй найман хувьд нь багтдаг байлаа ч амьдралынхаа бүх цагийг автозамын түгжрэлд өнгөрүүлмээргүй байна- 

Улаанбаатар хотын нийт хүн амынх нь 92 хувь нь аз жаргалтай амьдарч буй хэмээн ихэд итгэлтэй судалгаагаа танилцуулсан НИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын түгжрэл огцом нэмэгдсэн нь гадаадаас ирсэн хүмүүстэй холбоотой” гэсэн хачин жигтэй тайлбар өгөөд сураг алдарлаа. Ерөнхий сайдынхаа үг, үйлдэл бүрийг дуурайх болсон Хотын дарга Ж.Батбаясгалан ч түгжрэл яагаад нэмэгдсээр байгаа, нийслэлийн иргэд өглөө ажилдаа ирэх гэж 3 цаг, орой харих гэж 3 цаг түгжирч байгаад тайлбар өгч чадсангүй. Харин эрхэм дарга хий дэмий л хотын гудамжаар албан хаагчдаа дагуулж лайв хийж тэнэхээс биш түгжрэлийн бодит шалтгаан болсон халуун цэг дээр очсон удаа нэг ч үгүй аж.

Бодвол НИТХ-ынхаа даргатай адилхан уйтай намраар улсын нийслэлээ зорьж ирсэн гадаадад амьдарч байсан монголчууд энэхүү түгжрэлийн буруутан хэмээн бодож байж ч мэдэх юм. Уг нь хөлд нь хий орчихсон энэ хоёр дарга түгжрэл юунаас үүсэв, яагаад ийм зүйл болоод байна вэ гэдгийг судлаж, ядахдаа л Нисэхийн замд очоод үзвэл арай өөр зүйлийг олж харах юмсан.  

Хотын иргэдийн тал нь шахуу хөдөө тэнээд явчихсан халуун зунаар хийгээгүй зам засвар нь сургууль, цэцэрлэг цуглахтай зэрэгцэж эхэлсэн учраас л хотын иргэд МАН-аас НИТХ-д нэр дэвшиж буй Г.Гангамөрөнгийн зүйрлэснээр замынхаа түгжрэлд хоолоо хийж идэх шаардлагатай болчихоод байгаа юм.

Тухайлбал, нийслэлийн хамгийн их хөдөлгөөнтэй хэсэг болох Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх км гаруй автозамыг бараг л сар орчим засварлалаа. Өдөрт хийж байгаа ажил ч алга. Энэ зам 100 айл орчмын автозамын хамгийн том түгжрэл болж байгааг өдөржин гадуур албатуудтайгаа явж буй Ж.Батбаясгалан дарга олж хардаг гэж найдъя. Өнөөдрөөс эхлэн Налайхын замыг мөн хэсэглэн хаана гэдгээ мэдэгдлээ. Замын цагдаагийн уулзвар буюу Олимпын гүүр, Баянзүрхийн Туул гол дээгүүрх зам засварын ажлыг ч эхлүүлнэ гэдгээ Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра мэдэгджээ. Гэтэл ирэх долоо хоног гэхэд хоёр настнууд цэцэрлэгт явж, хотод тавьсан хөл хорио суларч, Улаанбаатар хот руу 100 мянга гаруй оюутан ирэх гэж байна. Энэ бүхнээ тооцож үзсэн үү, дарга нар аа. Зам засвартай нэгдэж нийлэхээрээ юу болохыг тооцож үздэг хүн танай НИТХ, НЗДТГ-т байхгүй юм уу.

Мөн Нисэхийн иргэдийн ажилдаа ирдэг нэг гол зам болох ТЭЦ-4-ийн урдах зам мөн л сар орчим хаалттай байлаа. Энэ зам хэзээ ашиглалтад орохоос шалтгаалж төв замынх нь түгжрэл 10 хувиар л буурах байх. Цаашдаа Нийслэлийн ЗДТГ нь Яармагт төвлөрсөн тохиолдолд нисэх орчимд шууд тэг зогсолт болно гэдэг нь өнгөрсөн жилээс эхлээд л тодорхой болсон. Автозамын ачааллаа тооцож үзэлгүй замбараагүй газар олгосны улмаас Нисэх-Яармаг орчмын үл хөдлөх хөрөнгө, иргэдийн худалдан авсан байр үнэ цэнээ алдчихлаа.

Улаанбаатар хотыг тойроод л тэг зогсолт болчихоод байхад хотын удирдлагууд харин “Бид аз жаргалтай байна. 92 хувь нь аз жаргалтай байхад найман хувь нь хэн ч биш” хэмээн үл тоож боломгүй байлтай. Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайхан ажиллаж байхдаа ядахдаа л түгжрэлийг бууруулах чиглэлээр юм хийх гэж оролдож, сайн муугаараа шүүмжлүүлдэг байсан. Ардчилсан нам, Э.Бат-Үүл хотыг удирдаж байхдаа автобусны тоог нэмэх, автозамын хөдөлгөөнд тэгш сондгойгоор явуулах гэх мэтээр хошуугаа биш хуруугаа хөдөлгөдөг байсансан.

Харин өнөөгийн хоёр удирдлага уйтай намарт буруугаа чихэж, түгжрэлийн шийдэх талаар ядахдаа хуруугаа ч хөдөлгөхгүй суугааг юу гэж ойлгох вэ, Ерөнхий сайд аа. Та хариуцлагын сэлмээ сугалж энэ хүмүүсээ түгжрэлтэй зам руу нь хөөж гарга. Улаанбаатарыг хэрчихсэн автозамын засваруудыг хурдлуулах, шаардлагатай гэж үзвэл төрийн албан хаагчдыг автобусаар ажилд нь явуулах, Их дээд сургуулиудыг хотоос гаргах, нүүлгэх ажлаа шуурхайлж болохгүй юу. Хэдий болтол Монголын төр хэдэн олигархиудын атганд багтаж энэ мэт шийдвэрээ хойшлуулсаар байх юм бэ.

Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа автобусыг үнэгүй болгоно гэхэд хүн бүхэн л шоолсон, даапаалсан. Гэвч энэ бол аргаа барсан л хүний амнаас гарах үг байх. Төр барьж байгаа нь хийхгүй учраас төрийн толгойд суувал хийж чадах зүйлээ ярьж байгаа гэж сэтгэж сууна, бид. Нөгөөтээгүүр, Их дээд сургуулийг хотоос нүүлгэх талаар олон жил ярьсан ч хэн нь ч зориглож чадсангүй. Та бүхэн чадахгүй бол чаддаг нэгэнд нь ажлаа шилжүүлвэл яасан юм бэ, Хотын удирдлагууд аа.

ШУТИС-ийг нүүлгэх талаар олон жил ярилаа. Ядахдаа л МСҮТ-ийн төвүүдийг Төв, Налайх зэрэг ойрхон аймгуудад төвлөрүүлэх нь тийм ч олон жилийн хугацаа зарцуулах асуудал биш баймаар. Батлан хамгаалахын Их сургууль, ХСИС-ийн оюутнууд хотын төвд түгжрэл нэмэх шаардлага алга, уг нь.

100 айлыг нүүлгэнэ гэж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд танай нам шоудсан ч бодит үр дүн харин байсангүй. Тиймээс энэ ажлыг хийж чадах хүмүүс л хотын удирдлагыг гартаа авч, алдаа шүүмжлэлийг үл тооцож асуудлыг шийдмээр байх юм. Хамгийн их оюутантай ШУТИС, АШУҮИС, МУБИС зэрэг сургуулийг л тухайн дэд бүтэц нь хөгжсөн, өмнө нь Их, дээд сургуулийн харьяа, салбар нь хичээллэж байсан аймгууд руу шилжүүлчихвэл хотын түгжрэл дагаад эрс буурна гэдгийг аз жаргалгүй найман хувь нь мэддэг, харин аз жаргалтай амьдарч буй 92 хувь нь мэдэхгүй сууна гэж баймааргүй. Могойн өндөг шэйрлэж, оддын ор хөнжил сөхөж буй нийт массынханд энэ бүхэн хамаагүй байж мэдэх юм. Гэхдээ улс орны төлөө бага ч атугай хөдөлмөрлөх юмсан, хийж бүтээе гэж хичээж албан татвараа төлж байгаа иргэд чинь амьдралынхаа зургаан цагийг, хийж бүтээх алтан цагаа түгжрэлд өнгөрүүлээд байхаар улсын хөгжил яаж урагшаа явах билээ. Ядахдаа л автозамын засварын мөнгөө зундаа шийдээд өгчихдөг болсон цагт л хот хөгжиж байна гэж итгэх хэрэгтэй болох билээ. Хичээлтэй зэрэгцсэн засварууд түгжрэлд нэрмээс болдог гэдгийг захын тэнэг ч ойлгодог гэж итгэж байна.