ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Бямбадорж: Энэ жил 22-25 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-15

Хөдөө аж ахуйн салбарын бэлтгэл ажлын талаар  ХХААХҮЯ-ны Бэлчээр ашиглалт зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Бямбадоржоос тодрууллаа.

-Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн Хөдөө аж ахуй салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 19 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу аймаг сумдын Засаг даргын захирамж гаргаж орон нутагт мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж эхэллээ. Тогтоол гарснаас хойш Улсын онцгой комисс аймгуудыг бүсчилсэн байдлаар орон нутагт хурал зохион байгуулсан юм. Энэ хүрээнд салбарын сайд хамтран ажиллаж байна. 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан. Уг судалгааны дүнгээр нийт бэлчээрийн 50 орчим хувьд нь бэлчээрийн даац хүрэлцээтэй, 25 хувьд нь 1-3 дахин хэтэрсэн бол үлдсэн 25 хувьд нь гурваас дээш хувьд хэтэрсэн гэсэн дүн гарсан.  Наймдугаар сарын сүүлээр хур бороо элбэгтэй байсан учраас 31-ны өдөр бэлчээрийн ургацын мэдээллийг дахин гаргасан. Нийт бэлчээрийн 60 орчим нь хувьд нь бэлчээрийн ургац сайн, 30 хувьд нь дунд зэрэг, 10 хувь нь  муу гэсэн дүн судалгааг гаргалаа.

-Энэ жил отроор,  өвөлжиж хаваржих хэчнээн айл өрх байгаа вэ?

-Мөн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 19 дүгээр тогтоолд малыг отроор  өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулахаар тусгасан. Энэ дагуу ХХААХҮ-ийн яам аймгуудын Хөдөө аж ахуйн газраас отроор өвөлжиж, хаваржих малчдын судалгааг авсан. Судалгаагаар улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газар, улсын тусгай хэрэгцээний аймаг,  сум дундын отрын бүс нутгуудад оторлох малчдын судалгааг ирүүлсэн.  Тэгэхээр энэ жил дээрх отрын бүс нутагт 16386 өрхийн 8.3 сая орчим толгой малыг  отроор өвөлжиж,  хаваржуулах хүсэлтийг  аймаг,  орон нутгаас ирүүлсэн байна.

- Дээрх өрхийн 8.3 сая толгой малыг бүгдийг нь отроор өвөлжүүлэхэд бэлчээрийн даац хүрэлцээтэй юу?

-Хүсэлт ирүүлсэн  бүгдийг нь отроор өвөлжүүлэх боломжгүй. Учир нь отрын бүс нутгийн бэлчээрийн даацтай нь уялдуулж тодорхой тооны малыг оторт гаргах ажлыг зохион байгуулна. Улсын тусгай хэрэгцээний аймаг,  сум дундын отрын бүс нутгуудад малыг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний хооронд оторт гаргах ажлыг манай яамны харъяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа,  тухайн аймгийн  ХАА-н газар, Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулах юм. Ингэхдээ цаг уурын байгууллагаас гаргасан тухайн отрын бүс нутгийн бэлчээрийн даацад тохирсон тооны малыг отроор өвөлжүүлнэ. Мөн улсын  тусгай хамгаалалттай газар,  хилийн зурвас газруудад мал  өвөлжүүлэх ажлыг зохион байгуулахдаа хариуцаж буй Хилийн цэргийн ерөнхий газар, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох хүсэлтийг өгөх юм.

-Малчид  өөрсдөө хадлангаа бэлтгэхээс гадна аюулгүй нөөцийн өвс, тэжээлийг улсын  хэмжээнд хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэх ажил үргэлжилж байна. Энэ жил хадлан бэлтгэх аймгуудад бороо их орсон учраас ажил удаашралтай байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймаг 50 мянган тонн, Дорнод аймагт 11.6 мянган тонн, Сэлэнгэ аймагт 14 мянган тонн, Хэнтий аймагт 10 мянган тонн өвс,  тэжээл тус тус бэлтгэсэн. Тэгэхээр нийтдээ 95.6 мянган тонн өвсийг бэлтгэлээ гэсэн үг. Бороо хур татарч,  хадлангаа бэлтгэвэл энэ тоо хэмжээ нэмэгдэх бүрэн боломжтой.

-Энэ жил хэчнээн тооны малыг эдийн засгийн эргэлтэл оруулах бол?

-Бэлчээрийн даацаас малын тоо толгой хэтэрч байгаатай холбоотой Засгийн газрын  өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тогтоолын дагуу,  мөн гадаад, дотоодын зах зээлд бэлтгэх, малын тоо толгойн судалгааг  аймгийн ХАА-н газруудаас авч байна. Улмаар  аль аймгаас хэдэн төрлийн, хэчнээн малыг эдийн засгийн эргэлтэд  оруулах хүсэлттэй байгаа вэ гэдгийг нэгтгэнэ. Ингээд холбогдох тогтоол шийдвэрийг гаргах зорилгоор манай яам ажиллаж байна.  Дотоодын нийт хэрэгцээнд нийт 10 орчим сая толгой малыг хэрэглэдэг. Энэ жилийн тухайд 23-25 сая толгой малыг  эдийн засгийн эргэлтэд оруулъя гэсэн тооцоог гаргасан. Гэхдээ энэ тоог  тухайн жилийнхээ бэлчээрийн даацтай уялдуулж тооцсон. Энэ хавар  22.1 сая толгой төл бойжуулсан учраас энэ хэмжээний малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоог хийж, судалгаагаа гаргахаар ажиллаж байна.