Би бөх судлаач биш. Бас төрсөн нутаг, төгссөн сургууль, авсан цол, давсан даваа, хийдэг мэхийг нь хүртэл мэддэг, зодог шуудаг өмссөн хүн нэг бүрийг цолтой нь нэрлэдэг бөхийн хорхойтон ч бас биш. Гэхдээ монгол түмний уламжлалт баяр наадмаар давсан бөхийн амжилтад урамшиж, аварга арслангуудын цол чимэгт хүндэтгэлтэй ханддаг жирийн үзэгч. Эрийн гурван наадамд эр бяраа шалгах, эрэмгий бөхчүүдээ хүндэлж явдаг залуу үеийн төлөөлөл.
Гэтэл жудагтай, журамтай, хүнлэг хүндлэлтэй бөхчүүд маань улстөрчдийн араас гишгэхээр хорчин, наймаачин болсныг сонсох, мэдрэх дэндүү хайран байна. Эр хүний бүх л сайн шинжийг агуулсан монгол бөхийн хийморь сүлд 4000 төгрөгийн зүрхний эмэнд бүдрэх хүртлээ доройтчихов. Харамсалтай байна. Хайран ч бөхийн нэр хүнд, хайран ч гоё спорт. Дэлхийд ганцхан хэмээн бахархах эрийн гурван наадмын нэг гэх хүндэтгэл хүртэх атлаа энэ цагт нэгэндээ эм уулгаж, спортын амжилтаас нь хойш татах, мэдсээр байж уучихсан атлаа мэдэн будилж шүүхдэж гүйх, холбоогоо булаалдан хоёр талцаж хэрэлдэх, хэн нэг олигархийн эд хөрөнгийг хамгаалах хүртлээ нэр хүндээ алдана гэдэг дэндүү харамсмаар. Монгол бөхийг спортын нэг төрөл хэмээн үздэг.
Хэдийгээр дэлхийн олон улс оронд байхгүй, олимпын төрөлд байдаггүй ч амжилтыг нь урамшуулдаг, дэмждэг. Нутгийн зөвлөлөөс эхлээд бөхөд хайртай ард түмэн байдгаа шавхаж барьдаг. Цол чимэг хүртсэн бөхчүүд өнөөгийн нийгэмд ажилтай, орлоготой, хүний иддэггүйг идэж, хэрэглэхгүйг хэрэглэж яваа нь худлаа биш билээ. Сүмо бөх шиг тухайн улс орныхоо онцлогийг харуулсан спортын нэг төрөл ч гэлээ хүч үзэж буй тамирчдын тухайд сэргээш хэрэглэх нь байж болох зүйл мэт ойлгогдох болов. Гэтэл дэлхий дахинд үүнийг ор тас хориглож тамирчдыг хорлосон, хорлоогүйгээс үл хамааран барилдах эрхийг нь хасдаг жишигтэй.
Тухайлбал, Японы домогт аварга Каори Ичог ялж, дараалсан амжилт гарган гялалзаж явсан Гавьяат тамирчин П.Орхон допингийн асуудалд холбогдон хоёр жилээр барилдах эрхээ хасуулсан нь саяхан. “Би хорлогдчихлоо. Миний уух зүйлд хийчихжээ” хэмээн мянга түм хашгирч, гомдоллосон ч хэн ч хүлээн аваагүй. Монголчууд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй тэмцэж байсан бяцхан охиныг тухайн үед муу, муухайгаар мөн ч их хэлсэн дээ. Гэтэл 4000 төгрөгийн зүрхний эм уусан гэдгээ ч мэдээгүй гэх Н.Батсуурь аварга уучлалт гуйгаад бөхийчихөөр л допингийг байх ёстой зүйл мэтээр ойлгож эхлэв, бид. “Аварга жудагтай байна, мундаг эр хүн. Аварга аваргаараа төрдөг. Түүнийг хорлочихлоо” гэх мэтээр өмөөрлөө. Хэн түүний уух зүйлд хийсэн, хэзээ хорлосныг хэн ч мэдэхгүй. Магадгүй санаатай, санамсаргүй аргаар хорлосон ч байж мэднэ.
Эсвэл өөрөө мэдсээр байж уусан уу гэдгийг ч би, бид баталж чадахгүй нь үнэн. Гэлээ гэхдээ бөхөд дуртай ард түмний тэр их хүлээлт, догдлол, талархал юу болох вэ. Барилдах боломжоо, цол ахих боломжоо допинг хэрэглэсэн бөхчүүдэд алдчихсан өөрийн эр чадлаараа явж буй залуус яах вэ. Өнгөрсөн жилийн улсын наадмаар Улсын арслан Р.Пүрэвдагва, Аварга Н.Батсуурь нарт унасан бөхчүүдийн цол чимгийг хэрхэх вэ. Н.Батсуурь аваргын чимгийг хаслаа гээд асуудлыг намжааж болохгүй юм. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдуулахгүй гэж зориудаар хорлосон байлаа гэхэд цаашдаа ийм зүйл гарахгүй гэх баталгаа энэ спортын хүрээлэлд үлдсэн үү гэдгийг ярих цаг нь болжээ. Цол даваа ахиж яваа нэгнээ хорлодог, зориудаар уух зүйлд нь эм хутгаж өгдөг болчихсон юм бол цааш, цаашдаа ийм зүйл дахиад болохгүй гэх баталгаа байна уу. “Би өөрөө мэдээгүй байхад уугдчихаж, уучлаарай. Миний хөлний бэртэлд хэрэглэсэн эмээс илэрчихжээ, уучлаарай...” Ингээд л болчихдог юм бол, бүтэн жилийн хөдөлмөрийг нь ийм үгээр л халхлаад нурааж болдог юм бол зодог шуудаг өмссөн залуус бүхэн тэр эмийг нь хэрэглэчих.
Эсвэл “Мэдээгүй байхад уугдчихаж, намайг хорлох гэж өгсөн” хэмээн Улсын аварга Э.Оюунболд шиг бүтэн жил шүүхдэж, муур хулгана болж тоглоод л гүйцээ биз дээ. Ийм муу муухай жишгийг монгол бөхийн өндөр цолтнууд залуу үедээ үлгэрлэж, нэг хэсэг нь цүнхтэй мөнгөөр начны найр хийгээд байвал хэн бөх судалж, сонирхож, хэд нь үнэн бишрэлээр улсын наадам үзэх билээ. Допингтой бөх нь уучлалт гуйгаад л цолоо аваад үлдчихдэг юм бол бүтэн жил бэлтгэл хийж, хар хөлсөө цувуулах хэрэг байдаг ч юм билүү гэж бодогдох болов. Мэргэжлийн эмчийн өгсөн тайлбараар Н.Батсуурь аваргын уусан зүрхний эм нь эрүүл хүн уусан тохиолдолд хэсэг хугацааны дараа хүч чадлыг нэмэгдүүлж болох ч илт давуу байдлаар ялалт байгуулах хэмжээнд нөлөөлөхгүй хэмээжээ.
Тэгэхээр аваргыг хорлох гэж өгсөн үү, аль эсвэл ямар нэг байдлаар эмчид хандаж, эм бичүүлэхдээ уусан уу гэдэг нь тодорхойгүй үлдэв. Допингийн төв, Олимпын хороо мэргэжлийн спортын эмчгүй, тамирчид хэн дуртай эмчдээ үзүүлдэг, хаа хамаагүй эмчилгээ хийлгэдэг цалгар назгай байдал ч үүнд нөлөөлж буйг онцолсон байна билээ. П.Орхон ч ийм зүйлийн золиос болсон байх магадлалтай. Аварга аваргаараа төрдөг гэх хий хоосон магтаалаас илүү арай шинжлэх ухааны үндэслэлтэй энэ мэт асуудалд Олимпын хороо, Допингийн төв анхаарч мэргэжлийн эмчтэй болох, эс бөгөөс улсын эмнэлгийн эмч нарыг сургах шаардлагатай байгааг зориуд сануулъя. Улсын арслан Р.Пүрэвдагва ч хөлний бэртэлд эм уусан хэмээн мэдэгдсэн нь нэгийг хэлэх биз.
Н.Батсуурь аварга шүүхдэж гүйхгүй уучлалт гуйгаад гараад ирдэг нь сайн хэрэг. Гэхдээ асуудлыг ингээд орхих бус чинээнд нь тултал явах хэрэгтэй байна. Цааш, цаашдаа амжилтаа энэ мэт хорчин аргаар баллуурдуулахгүйн тулд, залуу үе нь ийм зүйлд орохгүйн тулд тэмцэх ёстой юм. Уучлалт гуйсан нь гоё, уучлалт гуйгаагүй нь муухай харагддаг гэсэн өнцгөөр бус эрийн гурван наадмын нэг, монгол бөхийн дэвжээг цэвэр ариун байлгах талаас нь бөхчүүд нэгдэж тэмцэх цаг болсон доо. Бөхийн холбоог хоёр хуваах бус бөхөд хайртай ард түмнийхээ итгэлийг эргүүлэн олж авахын төлөө бөхчүүд маань нэгдээсэй. Дэлхийн спортод хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй допингийн асуудлыг бөхийж уучлалт гуйчихаар л байх ёстой зүйл хэмээн өмгөөлж огтхон ч болохгүй. Бид бөхөө хайрлаж хүндэлдэг шиг тэд ч бас үзэгчдээ хайрлаж, хүндлэх учиртай. Үнэн хүчээ үзэж, эр бяраа шалгаж, ухаан сийлсэн уран мэхээр үзэгчээ баярлуулах ёстой болохоос ар араасаа аваргууд нь гарч ирж “эм уучихлаа уучлаарай” хэмээн бөхийж зогсдог баймааргүй.