“Охидоо хайрлая” хэмээн олон ч удаа бичсэн, хөндсөн бид. Харин хөвгүүдийн сэтгэлзүйд ямар асуудал үүсэж байдгийг эцэг эхчүүд, бас сэтгүүлчид бид ч үл тоож, орхигдуулж иржээ. Гэтэл нийгмийн бодит тусгалыг шүүрдээд үзэхээр эмэгтэйчүүдээс илүү эрчүүд сэтгэлзүйн асуудалтай тулгарч, ар гэрийн дарамт, нийгмийн бухимдал зэргийг даван туулж чадахгүй амиа хорлох нь ихэсч буйг мэргэжлийн эмч нар, сэтгэлзүйчид сануулсаар байх юм.
Хоёрхон өдрийн дотор цэл залуухан, идэр насны гурван залуугийн нэг нь өөр дээрээ бензин асган амиа хорлож, нөгөө хоёр нь нэгнийхээ аминд хүрчхээд 12 давхраас унаж амиа алдлаа. Энэ бол хөвгүүдийн сэтгэхүйг анхаарч эхлэх цаг болсныг харуулж буй тод томруун шалтгаан болов. Ганцхан хөвгүүд ч гэхгүй дөнгөж амьдралд хөл тавьж буй охидууд ч сүүлийн үед амиа хорлох сонголтыг хийх болсон байна.
2019-2020 онд гэхэд л ийм төрлийн дуудлага мэдээллийн дийлэнхийг 20-30 насны залуус эзэлж байсан ажээ. 2021 он гарснаас хойш мөн л 23 настай иргэн амиа хорлохоор завдаж өндрөөс үсэрсэн хэрэг бүртгэгдээд байгаа. Тэгэхээр залуусын сэтгэхүй болохгүй байгааг, залуу үеэ бид хэт үл тоосныг, орхигдсон үе буюу 1990-1995 онд зах зээлийн үед аав, ээж нь ганзагын наймаанд давхиж хараа хяналтгүй шахам өссөн бүхэл бүтэн нэг үеийнхнийг анхаарлын гадна орхиж байсныг эдгээр хэргүүд нотлов.
Тэр тусмаа “Эрэгтэй хүүхэд яах вэ, энэ охиныг л ажилтай мэргэжилтэй болгочих юмсан. Эр хүн байж уйлдаггүй юм” гэсэн уламжлалт сэтгэлгээ залуусыг дотогшоо болгох, асуудлаа гадагшлуулж чадахгүй хуримтлуулах, асуудалд ул суурьтай хандаж, хэн нэгэнд хандаж чадахгүй бугших үндэс шалтгааныг тавьсаар ирснийг өнөөдөр хөндөн ярих цаг болсон байна.
Өчигдөрхөн Төв талбайд өөрийгөө шатаан амиа хорлосон залуугийн тухайд ч бид хэтэрхий өнгөцхөн дүгнэлт хийлээ. Халуун амь тасраагүй байхад л өмнө нь эхнэрээсээ салсан, хоёр хүүхэдтэй байсан, төмөр замд ажиллаж байсан уу, бүр өмнө нь хэд хэдэн удаа эрүүлжүүлэгдэж байсан, хулгайн хэргээр шалгуулж байсан гэсэн хэтэрхий хувийн амьдрал руу нь өнгийсөн увайгүй, худлаа мэдээллийг дэлгэн тавьж, эцэстээ улстөржүүлсээр дуусгав. Чив чимээгүйхэн нас барсан бол хэн ч дурсахгүй байсан хөөрхий залууг улс төрийн бохир тоглоомдоо хүртэл ашиглаж үзлээ. Бодохоос ч аймшигтай хүн сүрэг, троллууд түүний сүнсийг ч амирлуулсангүй дайрцгаав. Хэн нь ч энэ залуу яагаад ийм шийдвэр гаргав, сэтгэлзүйн ямар асуудлаа даван туулж чадаагүй, хаа сайгүй хөл хориотой үед эрхэлж байсан бизнес нь зогссон уу гэдэг нарийн учир шалтгааныг ухах гэж оролдсонгүй. Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй залуу халуун насандаа амьдралаас уйдах шалтгаан юу байсныг ч бид хөндсөнгүй орхилоо.
Мөн хэдхэн жилийн өмнө эхнэрээ аав ээж, дүүтэй нь гэрт нь цоожилж байгаад галдан шатаасан аймшигт хэргийн дараа гар дээр бензин худалдахгүй байхыг ШТС-уудад сануулсан, бүр журам ч гаргасан. Гэтэл 5 литрийн савтай бензинийг залуу хаанаас олж авав, ямар ШТС-аас авсан бэ гэдэг чухал асуудлыг ч хөндөхгүй орхилоо.
Хамгийн чухал нь залуу амьдралаас уйдах шалтгаан юу байсныг ил гаргахыг ч хүссэнгүй, төмөр замын цалингийн хэрүүл хийсээр дуусгаж буй нь харамсалтай. Гэтэл энэ бүхний дараа дахиад нэг залуу ийм шийдвэрт хүрвэл яах вэ. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид хэрхэх вэ гэдгийг яагаад хэн ч хөндөхгүй байна вэ. Цар тахлын хүнд цаг үед эдийн засгийн хямралд орсон иргэдээ хэрхэх вэ. Мөнгөн тусламж үзүүлээд ч болтугай даван туулж гарах боломж байхгүй юу гэдгийг ярьцгаая.
Сэтгэлзүйгээ хэрхэн удирдах, ковидын синдромын үед яаж өөрийгөө завгүй байлгах, өрхийн санхүүгээ хэрхэн удирдах, хамгийн чухал нь сэтгэлзүйн зөвлөгөө мэдээллийг тогтмол өгөх шаардлагатай байна. Бүр албадаад ч болтугай телевизийн бүх сувгийн оргил цагаар ч болтугай сэтгэлзүйн хичээл ормоор байна. Цар тахлын дараа хөл хорио тавигдахад хажуудах нэгэндээ хамаг уураа гаргасан асар ууртай хүн урсгал нийгэмд орж ирнэ. Ажлын байраа алдчихсан, орлогогүй болсон иргэдийн сэтгэлзүй ямар байх вэ. Өнөөдөр Монгол Улсад сэтгэлзүйчид ханддаг хүн маш цөөхөн. Хижээл насны иргэд нь хувийн амьдралаа бусдад дэлгэхээс ичдэг. Өсвөр үеийн залуус нь өөрийгөө тийм хүмүүстэй уулзаж буйгаар огтхон ч төсөөлдөггүй. Бараг мэдэх ч үгүй байх.
Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг цөөхөн хэдэн сэтгэлзүйн төвийн багш нарын цагийн мөнгийг дийлэх амьдралын боломжтой хүн ховор учраас сэтгэлзүйн эмгэг, сэтгэлээ удирдаж чадахгүйгээс ийм сонголт хийх нь ихэслээ. Гэтэл гадны улс оронд хүүхэд нь хоёр өдөр дарааллан уйлах төдийд л сэтгэлзүйчид ханддаг. Сэтгэлзүйн боловсрол олгох нь хүүхдэдээ оруулж буй асар том хөрөнгө оруулалт гэсэн сэтгэхүй суучихаад байгаа юм. Тиймээс төрийн бодлого үүнд чиглэх хэрэгтэй байна. Болсон, болоогүй шоу нэвтрүүлэг хийж буй телевизүүд ч сэтгэлзүйн чиглэлийн нэвтрүүлэг хийх, амьдралд тулгарч буй бэрхшээлийг хэрхэн даван туулж буйг харуулсан контент бэлтгэх, сэтгэлзүйчид хандах нь энгийн амьдралын хэв маяг гэдгийг ойлгуулахсан.
Өнөөдөр бүсгүйчүүд бид ч сэтгэлзүйчид хандах асуудлаа фэйсбүүкийн группээс асууж, ээжүүдээс, эмэгтэйчүүдээс зөвлөгөө авч байгаа. Харин эрчүүдэд тийм групп ч алга. Ажилгүй, орлогогүй болсон үед гарах шийдэл юу байхаа ярилцах хүн алга. Эр хүн байж ийм зүйл асуугаад хэмээн шоолох вий гэсэн айдас нь тэр хүнийг хүлчихдэг. Ар гэрээ хэрхэн авч явах вэ гэдгээ зөвлөх ч хүн алга. Гэрлэлтээ батлуулах үедээ л хоёр цагийн сэтгэлзүйчийн сургалт авснаар бүхэл бүтэн амьдралынхаа туршид асуудлаа шийдчихдэггүй гэдгийг ойлгуулж, сэтгэлзүйн сургалтыг ихэсгэмээр байх юм. Энэ талаар хэн анхаарах вэ. Эрчүүдээ, хөвгүүдээ хайрлахыг хэн ярих вэ.