Нийслэлийн МХГ-аас хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх шалгалтыг эх, барих эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэгүүдэд хийсэн байна. Шалгалтын үр дүнгийн талаар “Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар”-ын “Эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлтэс”-ийн дарга Д.Цэнд-Аюушаас цөөн асуултад хариулт авлаа.
-Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хэдэн эмнэлэг хамрагдсан бэ?
-Нийслэлд эх барих эмэгтэйчүүдийн амболторийн үйлчилгээ үзүүлдэг 150, хэвтэн эмчлүүлж үйлчилгээ явуулдаг 40 эмнэлэг байдаг. Улс болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн 46 байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.
-Зөрчилтэй эмнэлгүүдийн нэрийг зарлаж болох уу?
-Тусгай зөвшөөрөлд заагдснаас өөр үйл ажиллагааг явуулж байгаа “Энхлэг”, “Сүйжин”, “Ач арвижих”, “Ди Эл Өү”, “Энхмөнхманал” эмнэлгүүд байна. Мөн эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан “Бяцхан гүнж”, “Цэцэгс”, “Сэцэнгоо” эмнэлгүүдийн зөрчлийг илрүүлсэн.
-Хууль бус үр хөндөлтийн улмаас эрүүл мэнд амь насаараа хохирсон тохиолдол гарсан уу?
-Энэ оны наймдугаар сарын байдлаар үр зулбалттай холбоотой эрүүл мэнд нь хүндэрсэн 21 эх ЭХЭМТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, “Амгалан” амаржих газруудад хандсан. Үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай цоорсон хоёр тохиолдлыг мэс заслын аргаар эмчилсэн байна. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт байрлах магадлан итгэмжлэлийн хугацаа нь дууссан “Энхийн төлөө” эмэгтэйчүүдийн /найман ортой/ эмнэлэгт үйлчлүүлсэн 4-5 долоон хоногтой жирэмсэн эх Н-д эмийн зулбаа хийсний улмаас, хүндрэл гарч эмнэлэгт хандсан.
-Зөрчил гаргасан эмнэлгүүдэд ямар хариуцлага тооцсон бэ?
-Зөрчлийн тухай хуулийн дагуу дөрвөн хуулийн этгээд, гурван эмчид 2.9 сая төгрөгийн торгууль тавьсан. Он гарснаас хойш дөрвөн эмчийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байна.
-Нарантуул захад үр зулбуулдаг хятад эм зардаг талаар мэдээлэл байдаг. Иргэдийн гар дээрээс худалддаг эмэнд бодит хяналт тавьж чаддаг уу?
-Үр зулбуулдаг эмийн наймаа сүлжээний шинжтэй болсон. Жинхэнэ эзнийг нь олж тогтооход амаргүй байдаг. Энэ онд Эрүүгийн цагдаатай хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шалгалтаар зах дээрээс эм зардаг хүн илрүүлээгүй.
-Эмч нар эмнэлгийн нэр зааж иргэдийг явуулдаг талаар зарим хэвлэлээр мэдээллэж байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Улсын эмнэлэгт ажилладаг эмч нар өөрийнхөө нэр дээр хувийн эмнэлгийн тусгай зөвшөөрөл гаргуулсан. Улмаар улсын болон хувийн эмнэлэгт 6-12 жил давхар ажилласан тохиолдол байна. Энэ нь ашиг сонирхолын зөрчил үүсэх нөхцөл мөн. Улсын эмнэлгийн хуваарьт ажлаар онош тодруулаад, төлбөрт үйлчилгээ болохоор өөрийнхөө эмнэлэгт хийдэг байж болзошгүй.
-Иргэд гэр бүл төлөвлөлт мэдлэг дутуугаас болж хууль бус үр хөндөлтийн эрсдэл их байна. Нөгөө талаар төрөөс барих бодлого хяналт муу харагдаад байна?
-Эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл олгодог мэргэжлийн байгууллагын дотоод хяналт муу. Өгсөн зөвшөөрлийнхөө үйл ажиллагааг эргээд байнгын хянадаггүйгээс болж энэ мэт эмнэлгийн далд үйлчилгээ даамжраад байна. Нэгэнт Тусгай зөвшөөрөл олгосон бол нийслэлийн эрүүл мэндийн газраас дотоод хяналтыг сайжруулах хэрэгтэй. Энэ талаар тус газарт цаашид ямар бодлого барьж ажиллах талаар дөрвөн заалт бүхий шаардлага хүргүүлсэн.
-Үр хөндөлтийн хор хохирлыг тайлбарлаж өгнө үү?
-Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмсэн болоход ямар нэгэн асуудал үүсдэг. Үндсэндээ үргүйдлийн асуудалтай болсон байдаг. Эмэгтэйчүүд жирэмслэлтээс урьдчилан сэргийлэхэд илүү анхаарч мэдлэгтэй болмоор байна. Ийм хэцүү зүйл хийхгүйн тулд гэр бүл төлөвлөлтөө сайн зохион байгуулж байхыг хүсэж байна. Зөвшөөрөгдсөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч үр хөндөлт хийдэг. Учир нь эхийн биед сөрөг нөлөө ихтэйгээс гадна, бүрэлдэж бий болсон хүнийг алж байгаагаас өөрцгүй хэрэг тул аль болох үр хөндөлт хийлгэхгүй байхыг зөвлөж байна.