ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Цэрэнханд: Цаатан иргэдэд тэтгэмж олгох журам шинэчлэгдэн батлагдлаа

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-19

Цаатан иргэдэд тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталж, зарим зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ талаар ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Цэрэнхандаас тодрууллаа.

-Цаатан иргэдэд тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Цаа бугын аж ахуйг сэргээх, цаатан иргэд­ийн амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр­ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ерөнхийлөгчийн 2013 оны 42 дугаар зарлигийн дагуу Засгийн газраас “Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2013 оны 168 дугаар тогтоол, хэрэгжүүлэх арга хэмжээ­ний төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлсэн. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан цаатан иргэнд тэтгэмж олгох, нийгмийн даат­галд хамруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах арга хэмжээг манай яам хариуцан хэрэгжүүлсэн бөгөөд тайгад амьдардаг цаатан иргэнд Хангайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшинтэй, хүүхдэд түүний 50 хувьтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг сар бүр олгох болсон. Энэ арга хэмжээг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр  дээрх тогтоолд заасан бөгөөд хугацаа нь 2018 оны зургадугаар сард дууслаа. Энэ оны тавдугаар сард  тус арга хэмжээний хэрэгжилттэй танилцах, цаатан иргэдийн амьдрал ахуйн нөхцөл байдалтай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг томилогдож Хөвсгөл аймгийн Цагааннуур сумд ажилласан. Ажлын хэсгээс тайгад амьдардаг цаатан иргэдэд тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох, цаатан иргэдийн одоогийн амьдрал ахуйн нөхцөл байдал, нийгмийн чиг хандлага зэрэгт үндэслэн тэтгэмж олгох журмыг шинэчлэн боловсруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Цаатан иргэдэд тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох Засгийн газрын тогтоол 2018 оны долдугаар сард батлагдсан. Мөн цаатан иргэдэд тэтгэмж олгох журам шинэчлэгдэн батлагдсан байгаа. 

-Цаатан иргэдэд тэтгэмж олгох журмыг шинэчилсэн гэсэн. Ямар өөрчлөлтүүд орсон юм бол? 
-Журмын шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн гол зохицуулалтыг нэмж тусга­лаа.  Тухайлбал, тэтгэмжид хамрагдаж байгаа ахмад настныг тайгад амьдарч байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан гэж илүү тодорхой болгож зохицуулсан. Мөн байнгын асаргаа шаардлагатай иргэн болон түүнийг асарч байгаа гэр бүлийн гишүүнийг тэтгэмжид хамруулахаар заасан. Түүнчлэн тэтгэмжид хамрагдах цаатан иргэний нэрсийн жагсаалтыг сумын ИТХ-ын тогтоолоор биш харин сумын Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлж, Засаг даргын захирамжаар баталгаажуулж байхаар болсон. Мөн цаатны ёс заншил, өв соёлыг хадгалах, хамгаалах, цаа бугыг мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, тарилгад тогтмол хамруулах, цаатан иргэдийг арилжааны зорилгоор цаа бугыг өөр бүс нутагт худалдан борлуулж, дасан зохицох чадварыг алдагдуулахгүй байх нь орон нутгийн байгууллагуудын үүрэг болгож орууллаа. Мөн тэтгэмж авч байгаа цаатан иргэдийг идэвхижүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорил­гоор өрхийн үйлдвэрлэл эрхлэлт, амьжиргааг дэмжих чиглэлээрх зөвлөгөө, сургалтад заавал хамрагдах үүрэгтэй байхаар тусгасан.

-Энэхүү тэтгэмжид хамрагдаж байгаа учир цаатан иргэд ямар нэгэн үүрэг хүлээх ёстой байх гэж бодож байна. Цаа буга өсгөх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
- Журмын шинэчлэлийн хүрээнд тэтгэмж авч байгаа цаатан иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс бага насны хүүхдээ товлолын дагуу заавал хийх дархлаажуулалтад хамруу­лах, сургуулийн насны хүүхдээ албан болон албан бус боловсролд хамруулах, цаатан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорил­гоор зохион байгуулж байгаа үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж байх зэргийг оруулсан. Түүнчлэн журамд цаатан иргэд цаатны ёс заншил, соёлын биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах үүрэгтэй байх зохицуулалтыг тусгасан. Харин цаа бугын тоо толгойг өсгөх асуудлаар Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолд нилээдгүй хэдэн арга хэмжээ тусгаж холбогдох яамд, агентлагууд  хэрэгжилтийг хангаж ажилласан байдаг.

-Энэ онд хэчнээн хүн тэтгэмж авсан бэ. Өмнөх онтой харьцуулахад нэмэг­дсэн үү?  
-Цаатан иргэдийн мөнгөн тэтгэмжид 2016 онд  368,  2017 онд 382, 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар 369 иргэн хамрагдсан байна.